“АН-ын гишүүн” Л.Цог, Г.Уянга

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар “Шударга ёс” эвслийн бүлгээсээ гарах хүсэлтээ бүлгийн даргадаа илгээлээ. Ингэснээр эвлийн бүлэг УИХ-д ердөө наймуулаа үлдэж байна. Харин МАХН, МҮАН-ын дарга нар “Шударга ёс” эвсэл цаашид тогтвортой ажиллах болно гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн уг мэдэгдэлд “Цаашдаа “Шударга ёс” эвслийн Засгийн газар дахь квотод ямар нэгэн өөрчлөлт оруулах, эсвэл эвслийн сайд нарыг солих, өөрчлөхийг завдвал Засгийн газарт хамтрах гэрээ дуусгавар болсонд тооцох болно” гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, эвслийн бүлгээс гишүүд гарсантай холбоотойгоор “Шударга ёс” эвслийн Засгийн газар дахь байр суурь ганхах вий гэх болгоомжлол тодорхой хэмжээнд бий болж буй хэрэг. Тэгэхээс ч өөр аргагүй юм.

МАХН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар энэ талаар “Нэр бүхий гишүүд эвслээс гарах нь үндсэндээ тодорхой байсан. Магадгүй хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүсийн зорилгыг биелүүлэхийн төлөөх алхам байж болно” гэсэн. Эндээс “том бүлэглэлийн зорилгыг биелүүлэхийн төлөөх алхам байж болно” гэх үг анхаарал татаж буй юм. Том бүлэглэл гэвэл өнөөгийн нөхцөлд эрх баригч АН-ынхан л болж таарч байгаа. Тэгвэл Л.Цог, Г.Уянга нар АН-ын зорилгод тус болохын төлөө бүлгээсээ гарсан уу гэх асуулт гарч ирж байна.

Асуудал хаанаас эхэлснийг эргэн саная. Л.Цог, Г.Уянга нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Харин эвслийн бүлгийн дарга Н.Энхбаяр нэр бүхий гишүүдэд хандан “Өргөдлөө буцаа. Тэгэхгүй бол сонгуулийн хариуцлага тооцно” хэмээн мэдэгдээд байсан юм. Гэсэн ч Л.Цог, Г.Уянга нар үзэл бодлоосоо ухраагүй. Тэднээс гадна О.Баасанхүү гишүүн байгаа ч түүний хувьд одоогоор эвслээс гарах, эсвэл өөр ямар нэгэн улс төрийн сонголт хийх талаар мэдэгдэл хийгээгүй байна. 

Харин Г.Уянга, Л.Цог нарын хувьд нэгэнт үзэл бодолдоо үнэнч байсныхаа төлөө нэр дэвших эрхээ алдсан бололтой. Өнгөрсөн долоо хоногт Л.Цог гишүүн хэвлэлд өгсөн ярицлагадаа гэнэт Н.Энхбаярын талаар таагүй үг дурьдаж эхэлсэн. Гурван жил таг дуугүй байсан ч сонгуулийн өмнө гэнэт Н.Энхбаяр надаас сая доллар нэхсэн гэх зэргээр мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, Л.Цог нар намдаа нэгэнт байр суурьгүй, хүчгүй болж, шахалтанд орсон учраас ийнхүү Н.Энхбаяр руу “эцсийн сум”-аа тавьжээ.    

Тэд дараагийн сонгуульд бие даан нэр дэвшиж болох ч нам түшихгүй бол гарахад бэрх. Энэ тохиолдолд тэдэнд эрх баригч Ардчилсан нам гэх ганц л сонголт гарч ирж буй юм. Ардчилсан намынхан ирэх хаврын чуулганаар Эвслийн бүлгийн сайд нарыг “ажлаа хийхгүй байна” гэх шалтгаанаар огцруулахаар болсон гэх мэдээлэл бий. Үүнийг намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ч үгүйсгээгүй.  

Гэхдээ эвслийн сайд нарыг чөлөөлье гэвэл АН-ынхан парламент дахь бүлгээ илүү хүчтэй болгох шаардлагатай. Тэд одоогоор 35-уулаа. Хэрэв хоёроор нэмэгдээд 37 гишүүнтэй болчихвол бас ч гэж Засгийн газрын бодлогоо дэмжүүлээд байх боломжийн хүчтэй болчихно. МАХН-ын сайд нарыг хөөгөөд оронд нь МҮАН-аас хүмүүс томилно ч гэх мэдээлэл бий.

Мэдээж Л.Цог болон Г.Уянга нарын хувьд улс төрийн анхны угшил нь Ардчилсан нам. Л.Цогийн хувьд 1996-2000 онд Ардчилсан холбоо эвслээс УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Г.Уянга өмнө нь АН-ын гишүүн байж, Н.Энхбаярыг удаа дараа муулсан нийтлэлээрээ нэрд гарсан сэтгүүлч. Тийм учраас улс төрийн сонголтын хувьд АН-д элсэхэд төдийлөн хүндрэл учрахгүй гэсэн үг. Хамгийн гол нь АН-д элсээд, дараагийн сонгуулиар нэр дэвших квотоо хадгалах бололтой.

Харин үүнтэй зэрэгцээд “Шударга ёс” эвслийн хувь заяа ч дэнжигнээд эхэллээ. Хэрэв О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарахад хүрвэл эвсэл задарна гэсэн үг. Тийм учраас эвсэл О.Баасанхүүг албан тушаалаар барьж, тогтоохоор төлөвлөж буй гэнэ. Л.Цог бүлгээсээ гарсан учраас УИХ-ын дэд даргын албаа ч бас хүлээлгэж өгнө. Харин түүний оронд О.Баасанхүү томилогдох хувилбар яригдаад эхэлжээ.

О.Баасанхүүг албан тушаалаар тогтоолоо гэхэд Д.Тэрбишдагва гишүүн бас намаасаа гарах нь гэх “шуум” дэгдэх болсоор багагүй хугацаа өнгөрч буй билээ. Г.Уянга, Л.Цог нарын дараагийн зогсоол хаана байх вэ гэдэг удахгүй тодорхой болох байх. Харин “Шударга ёс” эвсэл цаашид хэр тогтвортой ажиллаж чадах вэ гэдэг асуулт тэдэнд айдас мэт үлдэж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. iimerhuu dundas n haydag urvaj sharavdag yumnuudig dahij songohgv baix heregte

    0 0 Хариу бичих