А.Ундраа: Сонгуульд хэр их мөнгө зарцуулна, тэр хэмжээгээр олохын төлөө ажиллах эрсдэлтэй

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлал хийхээр төлөвлөсөн байна. Таныг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гэж дууллаа. Айлчлалаар ямар асуудалд голчлон анхаарах бол?

-Гуравдугаар сарын 10-ны үеэр УИХ-ын дарга АНУ-д айлчилна. Айлчлалын албан ёсны мэдээлэл гараагүй учраас би дур мэдэн мэдээлэл өгөх боломжгүй.

-УИХ-ын даргын айлчлалтай холбоотойгоор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ тогтоолд ямар асуудал тусгасан бэ?

-Монгол Улс, АНУ-ын  стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоол байгаа юм. Тогтоолыг УИХ-ын даргын айлчлалтай холбоотойгоор хэлэлцсэн. Уг тогтоолыг батлах нь Монголын төр, засгийн зүгээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болохын зэрэгцээ Конгрессын зүгээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг батлахад чухал түлхэц болно гэж үзсэн.

-Байнгын хорооны хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тайлан сонссон. Тайланг хэр үнэлсэн бэ?

-Засгийн газар, Улсын онцгой комиссоос өргөн хүрээнд шуурхай ажиллаж байна. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тавьсан нь маш зөв шийдвэр байсан. Мөн хил гаалиар зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах зэргээр үр дүнтэй, шуурхай ажиллаж чадаж байна гэж дүгнэлээ. Гэхдээ иргэдийн зүгээс сонор сэрэмжээ бууруулж болохгүй. Хянамгай анхааралтай, дор бүрнээ хариуцлагатай байж эрсдэлийг даван туулах хэрэгтэй.

-УИХ-ын сонгууль болоход дөрвөн сар үлдлээ. Та нэр дэвших үү?

-УИХ-ын гишүүд хийсэн ажлаа тайлагнаж байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тайлангаа тараах ажлыг зогсоогоод байна. Миний хувьд урдах ажлаа сайн хийе гэдэг зарчим барьж ажиллалаа. Ажлаа сурталчлахаасаа илүү сайн хийхийг хичээсэн. Би сонгуульд нэр дэвшинэ гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ намын хамт олон Бага хурлаараа шийдэх байх.

-МАН тойргийн иргэдээс нэр дэвшигчдийг тодруулах санал асуулга авна гэсэн. Санал асуулгаа эхлүүлсэн үү?

-Санал асуулга хийж байгаа гэж ойлгосон.

-МАН энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдэдээ санхүүгийн шалгуур тавихгүй, харин нэр хүнд, ёс зүйг нь харгалзан мандат олгохоо мэдэгдсэн. Харин “60 тэрбум”, ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байж чадах болов уу. Та юу гэж харж байгаа вэ?

-Сонгуулийн санхүүжилттэй холбоотой миний байр суурь тодорхой. Сонгуульд хэр их мөнгө зарцуулна, тэр хэмжээгээр олохын төлөө ажиллах эрсдэлтэй. Тиймээс хэт их мөнгө зарцуулж буй нэр дэвшигчид болгоомжтой хандах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Сонгуулийн санхүүжилт өндөр байх нь ардчиллыг сулруулж, авлигал нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Тиймээс хэн илүү мөнгө цацсан нь биш, юу хийснээр нь дүгнэх шаардлагатай.

Ер нь, ардчилал өндөр хөгжсөн улс орнуудад парламентын гишүүн нь жилийн цалингаасаа ихгүй мөнгө зарцуулж сонгогддог. Харин манай улсад хэдэн арав дахин их мөнгө зарцуулах нь бий. УИХ-ын гишүүд жилд ойролцоогоор 20 сая төгрөгийн цалинтай. Тэгэхээр сонгуульд 20 сая орчим төгрөг зарцуулбал, хөгжилтэй орнуудын жишигт нийцнэ.

-Тойрогтоо уулзалт хийх, ухуулагч нараа цалинжуулах, тайлан материалаа гаргах гээд 20 сая төгрөгт багтаах боломж хомс байх л даа?

-Тийм. Сонгуулийн тухай хуулиар хэдэн сонгогчийн дунд нэг ухуулагч заавал байх ёстой гэж заачихсан. Уг нь ардчилал хөгжсөн орнуудад ухуулагчийг сайн дурын ажилтнууд хийдэг. Үнэхээр дэмжье гэсэн хүнийхээ төлөө сайн дураараа ажилладаг гэсэн үг. Ингэж байж төлөөлөх хүний чин эрмэлзлийг тусгасан хүн сонгогдох боломжтой. Түүнээс биш хэн нэгэн хүнийг илүү их мөнгө зарцуулснаар нь сонгож болохгүй.

-Ёс зүйн асуудалд холбогдсон хүмүүсийн тухайд?

-Ёс зүйн шаардлага өндөр байх ёстой. Олон нийтийг төлөөлж ажиллаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудад тавигдах шаардлага энгийн иргэдээс албан тушаалынхаа хэмжээгээр өндөр байх ёстой. Энэ үүднээс ёс зүйн асуудалд холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байхыг дэмжиж байгаа.

-Хувь хүнээс гадна улс төрийн хүчин өөрөө ёс зүйгээ дүгнэж, дүгнүүлэх ёстой байх?

-Хувь хүнээс гадна нам ч ёс зүйгээ үнэлж, дүгнэх нь зөв. Харин намын ёс зүйг мөрийн хөтөлбөрөө хэрхэн биелүүлснээс нь харж болно. Өөрөөр хэлбэл, ёс зүйтэй байсан уу, үгүй юү гэдгийг мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тодорхой харуулна. Тиймээс 2016 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг үнэлж дүгнэх ёстой. Аль хөтөлбөрийг бүрэн биелүүлсэн, алийг нь дутуу орхисон бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Биелэлт дутуу байвал яагаад хийж чадаагүйгээ тайлагнах ёстой. Ингэж байж л тухайн нам ёс зүйтэй үгүй нь мэдэгдэнэ гэж бодож байгаа.

Одоо ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулахад УИХ-ын гишүүдийн зүгээс саналуудаа өгч байна. Ардчилсан нам олон нийтээс мөрийн хөтөлбөрийн саналуудыг нээлттэй авч байсан. Саналуудыг нээлттэй авах нь зөв гэж бодож байгаа. Тиймээс бүх улс төрийн хүчин олон нийтийн саналыг нээлттэй байдлаар аваасай гэж бодож байна.