Алдаж болохгүй агшин

Гэрэл зургийн сурвалжлагчдын өчигдөр & өнөөдөр

Шийдвэрлэх агшинг шийдвэрлэх нь

Нэр бүхий нэгэн сэтгүүлч манай “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийг тун товчхон тодорхойлж билээ. “Нүүр дамнасан том зураг тавиад доор нь жижигхэн тайлбар хийдэг сэтгүүл” гэж. Уг нь тогтмол хэвлэл гэдэг дан ганц палийсан текстээр төсөөлөх эд биш л дээ. Хуучин цаг шиг даргын албан үгийг палийтал нь хэвлэдэг сонингууд одоо Хойд Солонгос, хоёр хөрш, тэгээд манайд л үлдсэн байх.

1930-аад оноос дэлхийн өнцөг булан бүрт хэвлэлийн хэрэгцээ болон технологийн дэвшлийг дагалдан баримтат гэрэл зургийн төрөл хурдацтай хөгжжээ. Энэ үеэс зөвхөн сонин хэвлэл ч бус маркетингийн бүхий л арга хэрэгсэлд гэрэл зураг чухал нөлөөтэй болж иржээ.

Сэтгүүл зүйн онол номондоо бол фото сурвалжлагчийг сэтгүүлч гэж үздэг. Ийм ч учраас сэтгүүлч хүний мөрдөх ёс зүйн шаардлага бөгөөд хөдөлмөрийн зохион байгуулалт фото сурвалжлагчид ч хамаатай. Өөрөөр хэлбэл Тэд Глассер, Жим Эттерна нарын онолчдын тодорхойлсон “илэрхий, зөрчилдөөнт, этгээд хачин, нөлөө бүхий, ойр дөхүү, цагаа олсон байх” зэрэг мэдээ мэдээллийн үнэт зүйлсийг уншигч фото сурвалжлагчаас ч бас шаардах эрхтэй. Ёс зүйн хэм хэмжээг сахих ёстой учраас л фото сурвалжлагчид хаа саагүй аппарат шархийлгэж яваа сонирхогчдоос ялгардаг.

Францын домогт гэрэл зурагчин Анри Брессон, фото сурвалжлагчийн ажлын нөхцөлийг “шийдвэрлэх агшин” хэмээн тун оновчтой тайлбарлажээ. Угаас сайн гэрэл зураг амьд үйл явдлын тухай үгээр илэрхийлснээс илүү ихийг өгүүлж чаддаг учраас сонин хэвлэлийн тэн хагас нь юм. Дэлхий дахинаа ч хамгийн авьяастай, мэдрэмжтэй, эр зоригтой гэрэл зурагчид хэвлэлийн гэрэл зурагт хүчээ сорьдог.

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ: ЦӨӨНХИЙН ЦӨӨНХ

МОНЦАМЭ-гийн гэрэл зургийн алба

Монголын хэвлэл мэдээллийн гэрэл зургийн түүх ч дэлхийтэй үе чацуу. 1957 оноос гэрэл зургийн салбарыг улс орны хэмжээнд болсон онц чухал үйл явдлыг баримтжуулж, хэвлэн нийтлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн гэрэл зураг, Нийтийн ахуйн үйлчилгээний чиглэлээр ард иргэддээ үйлчилдэг үндсэн хоёр чиглэлээр хөгжүүлжээ. Хуучин нийгмийн үед Улсын гэрэл зургийн газар хэвлэлийн гэрэл зургийн гол ачааг нугалдаг байв. Өнөө цагт уг газрын буурин дээр МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн алба ажиллаж байна. Улсаас санхүүжилттэй, 4 орон тоотой уг албыг өнөөгийн хэвлэл мэдээллийн гэрэл зургийн салбар дахь хамгийн өргөн бүрэлдэхүүн гэж хэлэхэд хилсдэхгүй. Гэрэл зурагчин Д.Улятайхүүгийн нэрэмжит тус алба Улсын Архивын Ерөнхий газартай хамтран ажиллаж, зургуудаа өгөх үүрэгтэй.

Фото агентлаг: “ГАММА”

1996 онд гэрэл зурагчин С.Цацралт, Ц.Батзориг, Л.Ганзориг нар “ГАММА” агентлаг, 1998 онд гэрэл зурагчин Р.Энхбат “АДМОН” компанийн дэргэд “Фотомон” ХХК байгуулсан нь хэвлэл мэдээллийн гэрэл зураг болон баримтат гэрэл зургийн салбар дахь хувийн хэвшлийн анхдагчид билээ. “Гамма” агентлагийн хувьд Монголын гэрэл зургийн өвийг цэгцлэх, олон нийтэд түгээх чиглэлээр чамгүй ажил хийсэн. Жишээлэхэд гэрэл зурагчин Ц.Батзоригийн нэрэмжит, “Шинэ бүтээл- Хүмүүс” уламжлал уралдаан, үзэсгэлэн, нийгмийн салбаруудын түүхэн ойгоор дэглэгддэг үзэсгэлэнгүүдийг нэрлэж болно. Энэ агентлагийн гэрэл зурагчид олон улсын уралдаанд амжилт үзүүлж, албан ёсны сонголтоор нэрлэгдсэн түүх цөөнгүй.

“Өнөөдөр”-ийн школ

Монголын сонингуудаас “Өнөөдөр” сонин өнөөдөр ч хамгийн хүчирхэг гэрэл зургийн албатай хэвээр байна. “Өнөөдөр” сонины гэрэл зургийн алба 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр 4-5 гэрэл зурагчинтай, фото сурвалжлагын өнгө төрхийг тодорхойлж байсан түүх бий.

Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа

“Өнөөдөр” сонины гэрэл зурагчид сэтгүүлчгүй явсан ч мэдээгээ биччихдэг чадвартай. Бал эрхлэгч биднээс тийм зүйл шаарддаг байсан. Өдөртөө 10 орчим кг ачаа буюу зургийн гурван аппарат, түүндээ тохирсон дурангуудаа үүрээд л явдаг. “Өнөөдөр” сонин шиг гэрэл зурагтаа ач холбогдол өгдөг сонин, сайт үгүй. Тийм болохоор эндээс сайн уран бүтээл гарч, сургалтын онцгой нэгэн дэг бий болсон байна. Үеийн үед л шилдэг гэрэл зурагчдыг ажиллуулж, тэдний нөмөр нөөлөгт олон хүнийг зурагчин болгожээ.

Уургаар хангах үйлдвэрээс...

Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ хийх үеэр хийсэн фото сурвалжлагаас. Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдгийн 80 хувийг хангах боломжтой гэх тус үйлдвэрийг Хөгжлийн банкны хөрөнгөөр барьсан билээ.

Г.Аргуужин/“Өнөөдөр” сонин/2019.02.15

Үл тэвчил

Эмч эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардсан суултын дөрөв дэх өдөр. Тэд энэ өдөр хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхлүүлсэн боловч энэхүү яриа хэлэлцээр амжилтгүй болсон тул үсээ хусуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Э.Ганзориг/itoim.mn/2018.05.16

Осол

Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р километрийн 9-р зуутад Улаанбаатар-Сайншанд чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн орчимд замаас гарч, галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан ослын газрын дүр зураг. Энэ үед хүчтэй аадар борооны улмаас тус аймгийн Айраг сум бүхэлдээ үерт автаад байсан юм.

МРА/2018.08.12

Гэрэл зургийн цахим сан: MPA

“Өнөөдөр” сонинд таван жил ажилласан гэрэл зурагчин Б.Бямба-Очирын 2010 онд байгуулсан “МPA” агентлаг Монголын хэвлэлийн гэрэл зургийн түүхэнд шинэ хуудас нээсэн. Өдрийн чухал үйл явдлуудын гэрэл зургийг цаг алдалгүй цахимд нийтлэн архив үүсгэдэг энэ агентлагаас Монголын олонх сайт, сэтгүүлүүд үйл явдлын зургаа татдагийн дотор манай ТОЙМ сэтгүүл ч багтана. Б.Бямба-Очирын 2008 оны 7 сарын 1-ний хэрэг явдлын үеэр хийсэн фото сурвалжлагад тулгуурлан манай сэтгүүл тусгай дугаар хийж байв.

Өдгөө Монголын хэвлэлийн гэрэл зурагчдын гол төвлөрөл дээрх газруудад байна. Үүнээс гадна өдөр тутмын сонинууд 1-2 гэрэл зурагчинтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 10 хүрэхгүй сайт албан ёсоор гэрэл зурагчин ажиллуулж байна. Үүн дээр төрийн байгууллагуудын дэргэд цөөн хэдэн гэрэл зурагчинг нэмээд Монголын хэвлэлийн гэрэл зургийн одоогийн төлөөлөгчид үндсэндээ бүрдэнэ.

Байхгүйгээс ялгаагүй хөдөлмөрийн үнэлэмж

Сайн фото сурвалжлагчид тухайн редакцийнхаа нүүр царай нь байдаг нь үнэн. Ялангуяа орчин үед.

Гэрэл зурагчдын хөдөлмөрийн үнэлэмжийн талаар “Өдрийн сонин”-д найман жил ажилласан, өдгөө eguur.mn сайтын гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэнгээс тодрууллаа. Тэрээр, “Оюуны өмчийн ойлголт хэвлэлийн гэрэл зурагт алга. Энэ бол сэтгүүлзүйн салбарт гэрэл зурагчдын хөдөлмөрийг хэрхэн үнэлж байгааг харуулж байгаа тод жишээ. Гэрэл зургийн сурвалжлагчтай редакцууд цөөрч байгаа нь тун харамсалтай. Сэтгүүлчийн үгээр илэрхийлж, мэдрүүлж чадахгүй зарим зүйлийг гэрэл зургаар харуулж болно. Муухан текстээс агуулга сайтай гэрэл зураг дээр байх үе бий. Үүнийг хэвлэлүүд ойлгох цаг удахгүй ирнэ гэж найдаж л байна” гэж хариулсан юм.

МСНЭ-ийн дэргэд саяхан байгуулагдсан “Гэрэл зургийн салбар”-ыг удирдах болсон МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн албаны дарга Б.Чадраабал энэ талаар, “Маш их хүч хөдөлмөр зарж, техник хэрэгсэл агсаж байж авсан зурагт өгч байгаа цалин инээд хүрмээр өчүүхэн. Хүмүүс элдэв арга хэмжээн дээр зургаа авхуулчихаад угаагаад аваад ирсэн хүнээс 5-10 мянган төгрөгөөр авдаг байтал сонин, сэтгүүлийн зургийн үнэлгээ түүнээс ч бага. Сонины нэгдүгээр нүүрэнд томоор орсон зураг хэтрээд л 20 мянган төгрөгөөр үнэлэгдэнэ. Гэхдээ ийм тохиолдол ховор шүү. Сайтын фото сурвалжлага ч үүнээс хэтрэхгүй. Манай гэрэл зурагчид ихэнх нь хувийн аппарат хэрэгслээрээ хүч нэмж ажилладаг. Албанаас өгч байгаа техник хэрэгсэл нь ихэнхдээ шаардлага хангаж чаддаггүй” гэж ярьсан юм.

Монголд байгалийн зураг, үйлчилгээний гэрэл зураг хөгжиж байгаа нь үнэн. Монголчууд нэг үеэ бодвол шаланд дэвсдэг хивс хананд өлгөхөө больж, гэрэл зураг сонирхох болсны үр шим нь энэ. Үйлчилгээний гэрэл зураг нэг кадраа хэдэн ч удаа хувилж зарж болдог. Харин хэвлэл мэдээллийн гэрэл зурагт худалдан авагч гэж үндсэндээ байхгүй. Хуримын гэрэд зургийг таван сая төгрөгөөр гар татахгүй авхуулдаг мөртлөө бизнесийн байгууллагууд нь үйл ажиллагааны зургаа төдий чинээ мөнгөөр авхуулахаас татгалздаг ядруу хандлага ч нийгэмд бий.

80 жилийн ойгоороо...

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо “МГЗНХ”-оос зохион байгуулан томоохон мэдээллийн байгууллагын гэрэл зурагчид хамтарсан “PRESS PHOTO” үзэсгэлэнг толилуулах үеэр...

2015.10.10

Бодит байдлын төлөө хурлаг

Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдыг хөглөдөг ганц юм нь бусдынхаа олж хараагүйг олж харах. Эсрэгээрээ өөрийнх нь олж хараагүйг бусад зурагчид нь олоод авчихсан байх. Гэтэл тэдний мэргэжлийн энэ үнэт зүйл “нийгмийн сүлжээ”-ний давалгаанд яах аргагүй нэрмүүлж байгаа.

Гэрэл зурагчин Б.Чадраабал, “Хүн бүр зураг авах боломжтой болсон. Үүнийг дагаад сүүлийн үед олон давтамжтай кадрууд дундаас нэг агшныг ялгаж аваад сайн зураг гэх нь болжээ. Энэ бол өрөөсгөл зүйл. Магадгүй хэн нэгэн санамсаргүй нэг гоё кадр авч болно. Гэхдээ тохиолдлын нэг кадраас илүү тодорхой зорилготой очиж, сэтгэж, бодож авах нь гэрэл зурагчны ажил. Асар хурдан өрнөж буй үйл явдлыг хоёр хэмжээст хавтгайд амжиж буулгахын тулд тухайн зурагчин цаг минуттай өрсөлдөж, ур чадвараа дайчилж байж зураг авдаг. Ийм ч учраас сэтгэлгээний урлаг” гэсэн бол Ц.Мягмарсүрэн, “Агшинг мэдэрч, хоромхон зуур “шатаж” ганц кадр буулгана гэдэг амаргүй. Би тухайн үйл явдал болж буй газар дээр нь очоод маш хурдан өрнөл, үйл явдлыг мэдрэхийг хичээдэг. Мэдрээгүй цагт “хоосон” л зураг гарна шүү дээ. сүүлийн үед хэт “гялгар, хоосон” зураг хэвлэлийн гэрэл зурагт орж ирж байна. Хүн болгон гар утсаараа гоё зураг авдаг болсон цагт мэргэжлийн хэвлэлийн гэрэл зурагчид ялгарах ёстой. Түүхийг л худлаа бичиж болохгүй биз дээ. Би хэвлэлийн гэрэл зурагчны хувьд зургандаа засвар хийх дургүй” гэсэн юм.

“Моngolian press photo” үзэсгэлэн

Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид эрх ашгаа хамгаалахаар нийгэмлэг байгуулсан ч төдий л идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Харин энэ хүрээнд хамгийн амжилттай явж буй нэг ажил нь энэ жил дөрөв дэх удаагаа болох гэж буй “Mongolian press photo” үзэсгэлэн. Уг үзэсгэлэнг гардан зохион байгуулдаг Б.Чадраабал, “Бид World press photo үзэсгэлэнг Монголд нутагшуулах зорилготой юм. Ингэж байж гэрэл зурагчдыг олон нийтэд таниулж, ур чадварыг нь дээшлүүлнэ. Сонин, сэтгүүлд нь хэвлэгдээгүй олон сайхан кадрыг үзэсгэлэнгээс л үзэх боломжтойгоороо онцлогтой. Бас Монголын орчин цагийн түүх энэ үзэсгэлэнгээс үлдэнэ” гэв.

Өнгөрсөн онд тус үзэсгэлэнд 25 гэрэл зурагчны 170 гаруй бүтээл дэлгэгдсэн. Монголд хэвлэл мэдээллийн салбарт ойролцоогоор 100 гаруй гэрэл зурагчид ажилладаг гэсэн аман тоо бий. Тэдгээрээс мэргэжлийн зурагчиддаа хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр гэрэл зурагчин өнөөдөр энэ салбарын гол ачааг үүрч байна.

Mongolian press photo-2019

Монголын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын хамтарсан хамтарсан “Mongolian press photo” үзэсгэлэн “Монголын уран зургийн галерей”-н гуравдугаарр давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн нь... Уг үзэсгэлэнд 25 сурвалжлагч оролцож, 170 орчим бүтээлээ олонд толилуулсан билээ.

MPA/2019.03.22

Н.Бөхдамбий “Үнэн” сонин (МУСГЗ)

Д.Цэрэннадмид “Зууны мэдээ” сонин

Б.Чадраабал www.montsame.mn “Үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг 

Т.Чимгээ www.montsame.mn “Үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг

Н.Батбаяр www.montsame.mn “Үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг

Э.Харцага “Өнөөдөр” сонин

Г.Аргуужин “Өнөөдөр” сонин

Ц.Мягмарсүрэн “Өдрийн сонин”

С.Батсайхан “Засгийн газрын мэдээ” сонин

Н.Батмөнх www.news.mn

Д.Жавхлантөгс www.gogo.mn

Б.Баярбаатар www.zindaa.mn

Б.Бямба-Очир www.mpa.mn

Г.Өнөболд www.mpa.mn

Э.Ганзориг www.itoim.mn

Г.Эрдэнэтуяа УИХ-ын ХМОНХХэлтэс

Ш.Отгонжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Г.Ган-Өлзий Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

М.Нямсайхан НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ардын жүжигчин

Өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, жүжигчин Гомбын Равдан Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг гардан авсныхаа дараа...

Б.Чадраабал/МОНЦАМЭ/2018.07.09

Дэлхийн сурвалжлагчид Монголд

Энэ жил Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлсэн.

Гаднын гэрэл зурагчдыг Монголын фото сэтгүүлчидтэй хамт монгол орноор аялаж, шинэ сэргэг мэдээлэл өгөх, манай улсын тухай орчин үеийн зургуудыг дэлхий даяар цацах зорилготой энэ хөтөлбөрт 2019 онд хойд хөршөөс Тасс, Риа новости, өмнөд хөршөөс Синьхуа, CCTV, Японы Киодо, Солонгосын Ёнхап агентлагийн зурагчид болон Буриад, ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн зурагчид хүрэлцэн ирж оролцжээ.

“Шимэгчид”-ийн хохирогчид

Хэвлэлийн хүрээлэнгийн багш Т.Есөн-Эрдэнээс Монголын гэрэл зурагчид дэлхийн фото сэтгүүлчидтэй харьцуулахад ямар түвшинд байгаа талаар асуулаа. Түүний үзэж буйгаар Монгол гэрэл зурагчид бусад орны мэргэжил нэгтнүүдээс дутах юмгүй бөгөөд дутуу юм байгаа бол салбарын үнэлэмж, соёл асар хоцрогдмол байгаа явдал аж.

Хэвлэлийн гэрэл зураг гэдэг сэтгүүлзүйн чухал нэгэн жигүүр атлаа өнөөдөр иймэрхүү хавсарга байдалтай, “шоовдор” хүүхэд шиг л байна. Энэ бол манай улсад сэтгүүлзүйн салбар зөв голдрилоороо хөгжихгүй байгаагийн наад захын илрэл. Аливааг амарчилж, “монголчилж”, хялбараар ажил явуулах сонирхолтой хэвлэл мэдээллийн байгууллагууд олноор бий болсон нь дэлхий даяар давалгаалж буй нийгмийн сүлжээтэй холбоотой ч, Монголын сэтгүүлзүйд ийм хандлага тодорхойлог шинжтэй болчихсоныг хүлээн зөвшөөрөх цаг болжээ.

Сэтгүүлзүй гэдэг зүй нь Улаан загалмай шиг сайн санааны бүтэц биш. Сэтгүүлч чанартай агуулга бүтээсэн бол өндөр үнээр худалдах нь нээлттэй асуудал. Гэтэл эсрэгээр үнэ цэнэ шингээгүй, хөдөлмөрөөр биш хулгайгаар агуулга бүтээсэн дүр эсгээд, түүнийгээ зарж байгаа нэртэй редакцийн бодлого, салбарын нэр хүндээ зарж амьдарч буй шимэгчид сэтгүүлзүйд борооны дараах хортой мөөг шиг олширч, нийгмийн шударга бус байдлын нэгэн хүчин зүйл болтлоо хүчирхэгжин биежжээ. Эдгээр шимэгчдийн хамгийн эхний хохирогчид нь гэрэл зурагчид болдог. Гэхдээ нийгмийн толь байх энэ ажлаа хоёргүй сэтгэлээр хийдэг мэргэжлийн гэрэл зурагчид ар араасаа төрсөөр байгаа нь л олзуурхууштай мэдээ юм.

Дурсамж

2017 онд Отгонтэнгэр хайрханд авирсан 17 уулчин харамсалтайгаар амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. Би тэр үед Өдрийн сонинд ажилладаг байлаа. Манай сонин Онцгой байдлын авран хайх үйл ажиллагааг сурвалжилж, уг газарт очиж байсан юм. Тэр үед талийгаачдын цогцос, эд зүйл олдож, гэрэл зурагт буулгаж, баримтжуулсан юм. Энэ гэхдээ онцгой, цагдаагийнхны баримтжуулдаг зурагнаас өөр, хэвлэлийн гэрэл зураг шүү дээ. Уг сурвалжлагын зураг сонинд нийтлэгдсэний дараа маш их шүүмжлэл, маргаан дагуулсан байдаг. Миний авсан ослын зураг дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн Reuters, AP News, AFP,Magnum photo зэрэг агентлагуудад байдаг л зураг. Хэвлэлийн эдгээр агентлагуудад буудуулсан, шархадсан гээд л хүний нүд хальтрам зургууд байж л байдаг. Энэ бол хэвлэлийн гэрэл зураг. Хэвлэлийн гэрэл зураг гэдэг бол “гялгар” зураг биш ээ. Хүн болгонд таалагдах зураг ч байх албагүй. Бодит түүх юм.

Гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. saihan gerel zurag harahaar uner ni unerteh shig l boldog shuu

    0 0 Хариу бичих