Улаанбаатарын хүмүүс: Гэрэл зурагчид

Түүнтэй уулзахаас өмнө эхлээд асуултаа боловсруулахын тулд интернэтээр багахан судалгаа хийлээ. Хэвлэлийн гэрэл зурагчид дунд тэрээр дэлхийн ч биш бүр сансрын хэмээх тодотголтой аж. Монгол хүн анх сансарт нисэхээр сонгогдож, бэлтгэж эхэлсэн үеэс эхлэн агаар мандлыг нэвтэлж эргээд эх дэлхийдээ эсэн мэнд газардах хүртэл бүхий л агшныг хальснаа буулгах үүрэг хүлээж байсан учир хүмүүс түүнийг “сансар” С.Батсүх хэмээн дууддаг. Тэр бол Монголын ахмад мэргэжлийн гэрэл зурагчдын төлөөлөл. Тэр дундаа баримтат буюу фото сэтгүүлзүйн салбарт домог болон амьдарч яваа нэгэн. Тиймдээ ч асуух, сонирхох зүйл бишгүй байлаа. Түүнтэй Интерном номын дэлгүүрт уулзахаар цаг товлож очиход, “Монголчууд” түүхэн цувралын ээлжит номын нээлт болж байв. С.Батсүх гуай тус номд гэрэл зургийн зөвлөхөөр ажилласан. Нээлт өндөрлөж бид хамтдаа Үндэсний Монцамэ агентлагийн байр руу алхах зуур тэрээр ийн хуучилсан билээ.

Монцамэ агентлаг Гэрэл зурагчин С.Батсүх

...Хэвлэл мэдээллийн салбарт тэр дундаа Үндэсний Монцамэ агентлагт фото гэрэл зурагчнаар тасралтгүй 40 гаруй жил ажиллаж найман жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Монцамэ агентлагт насаараа шахуу ажилласан учир гэр шиг л ээнэгшиж. Тэтгэвэртээ гарсан ч ойр ойрхон орж гардаг юм. Өдөржин гэртээ суухаар нэг л эвгүй. Би Улаанбаатар хотын унаган иргэн. 18 насандаа 5-р арван жилийг төгсөж, гэрэл зурагчин болохоор сэтгэл шулуудсан даа. Тухайн үед хэвлэл мэдээллийн мэргэжлийн гэрэл зурагчин гэж байсангүй. Харин би хоёр жил гаруй Барилгачдын соёлын ордонд гэрэл зургийн дугуйланд яваад байсан учир ХААИС-ийн хуваарь ирсэн ч ерөөсөө л энэ замыг сонгохоор шийдсэн. Тухайн үед зураг авахын хамгийн сайхан нь хальсаа угаах л байлаа шүү дээ. Гэрийнхээ ариун цэврийн өрөөг тэр чигт нь зургийн хальс угаадаг өрөө болгочихдог байв. Монцамэд ороход би хамгийн бага залуу нь байлаа. Орсныхоо маргааш нь л зурагчин болчих юм шиг санаж, сэтгэл дүүрэн баяртай. Гэтэл хэдэн өдөр жижүүрлэж ажиллан, цэвэрлэгээ ч хийлээ. Дараа нь хоёр сар гаруй лабораторид ажиллав. Тэгж байтал төрийн ордонд орж зураг авах боломж гарлаа. Түүнээс хойш ордны зурагчин болж, Ю.Цэдэнбал даргаас эхлээд хэд хэдэн төрийн түшээдийг дагаж гадаад дотоод олон ч үйл явдлын зургийг авч, улсын архивт хүлээлгэн өгсөн дөө. Миний хаана ч хэлж явдаг нэг үг байдаг юм.

Гэрэл зураг авахад ухаан мэргэн, нүд хурц, хуруу түргэн, хөл хурдан байх хэрэгтэй. Энэ бол миний гэрэл зураг авахад баримталдаг зарчим. Баримтат гэрэл зураг авах нь түүх бүтээж буй үйл явц юм. Тиймээс хамгийн чухал агшныг алдаж болохгүй.

Ямар нэгэн үйл явдлын хамгийн чухал агшныг авч үлдэхийн тулд эхлээд сайн судлах хэрэгтэй. Баримтат үйл явдлын гол дүр хүн байлаа гэхэд тэр хүн маань ямар үед яг өөрийнхөөрөө байдаг, ямар тохиолдол үүсэхэд тэр дүрийг илэрхийлэх “үнэн” зураг дарж болох вэ гэдэг агшныг л олж дарахын тулд эхлээд хүнийхээ ааш зан, аж амьдрал гээд судлах хэрэг гарна даа. Агшин гэдэг судалж, хөдөлмөрлөж, тууштай байсны үр дүнд гэрэл зурагчинд ирдэг үнэтэй зүйл юм аа. Фото сэтгүүлзүйн замнал дахь хамгийн тод үйл явдал бол мэдээж Ж.Гүррагчаа сансарт нисэх үед авч байсан зургууд. Сансарт нисэх багийн гэрэл зураг авч эхэлсэн 1978-1981 он хүртэл гурван жилийн хугацаанд ойролцоогоор 5000 гаруй зураг дарсан байх. Одоо ч би хааяа нэг гэрэл зургаа авсаар л байгаа. Заримдаа залуу хүүхдүүдийн дэргэд санаа зовох л юм. Гэсэн ч насаараа хийсэн зүйл учир санаснаар болохгүй юм даа.

Гэрэл зургийн “Гамма” агентлагийг тухайн салбарт мэдэхгүй хүн ховор. Хаалганыхаа дээр Бийтлзийн зураг өлгөчихсөн умгархан өрөөнд суух, фото сэтгүүлзүйн нэгэн үзэгдэл болсон эрхэм бол гэрэл зурагчин М.Цацралт. “Гамма” агентлаг хэдэн өрөөнийхөө хана болгонд шахуу тавиур дүүрэн ном өрсөн байсан нь сэтгэлд дулаан санагдав. Бас хаашаа л харна ямар нэгэн харц булаах гэрэл зураг өлгөөтэй. Монголдоо анх удаа гэрэл зургийн галерей үүсгэн байгуулж байсан нь “Гамма” агентлаг. Мөн өөрсдийн дотнын анд гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит гэрэл зургийн уралдааныг 2001-2012 он хүртэл жил бүр зохион байгуулж ирсэн нь гэрэл зургийн сэтгүүлчдийг бэлтгэх, баримтат гэрэл зургийг хөгжүүлэх, дэмжих зорилготой байсан гэж хуучилсан. Үргэлжлүүлж “Ц.Батзориг” сан “Хүмүүс” баримтат гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулж яваа аж. Энэ мэтчилэн тус агентлагийн хувьд салбартаа анхдагч болсон нь олон. Гамма нь латин хэлний гурав дахь үсэг. Мөн Гамма гэж бүх юмыг нэвтлэх чадвартай туяа бий. Гамма хэмээх Францын алдартай гэрэл зургийн агентлаг байдгийг зарим хүмүүс гадарлах байх. Анх гурвуулаа үүсгэн байгуулж байсан зэрэг олон хувь заяаны утгыг энэ агентлагийн нэр илэрхийлэх ажээ.

“Гамма” агентлаг Гэрэл зурагчин М.Цацралт

...Би ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж, 1983 онд төгсөж ирээд “Залуучуудын үнэн” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн. Анхнаасаа л гэрэл зураг сонирхдог, авах дуртай, фото сэтгүүлч болно гэж боддог хүүхэд байлаа. Ярьж, бичиж болохгүй олон зүйлийг гэрэл зургаар өгүүлэх нь надад амар санагддаг. Олон тохиолдолд хүмүүс зураг авах нь амархан ажил хэмээн дүгнэдэг. Харин сайн гэрэл зураг авна гэдэг тал бүрийн мэдлэг шаарддаг. Тухайн үйл явдлыг гэрэл зурагт үнэн, бодитой, сонирхолтой өгүүлэх нь миний зураг авахдаа баримталдаг гол зарчим. Баримтат гэрэл зураг нь ерөөсөө л бодит байдлыг харуулах шүү дээ. Бодит байдлыг уран сайханлаг, хүн бүрийн хардгаас өөр өнцгөөр харуулахын тулд гэрэл, сүүдрийн мэдрэмж их чухал. Уйтгартай үйл явдлын зураг авсан ч драмтай авч болно. Сэтгүүлзүйд гэрэл зургийн үүрэг асар өндөр. Тиймээс ихээхэн ач холбогдол өгөх ёстой. Орчин үед интернэт зэрэг амарханаар аргалах олон боломж бүрдсэн учир гэрэл зурагт ач холбогдол өгөхгүй байгаа нь маш гунигтай санагддаг. Гэрэл зургийн сэтгүүлчид ур чадвараа дээшлүүлж, хэвлэлд сайн зураг нийтлүүлж байх учиртай.

Чиний авсан гэр бүлийн чинь зураг чиний л дурсамж. Харин нийгмийн амьдралд болж буй өөрчлөлтүүдийг авч үлдэх нь нийгмийн дурсамж. Гэрэл зураг улс орны түүхийг цаг хугацааны нарийвчлалаар нь хальсанд мөнхөлж үлдээдэг.

Гэрэл зургийн сэтгүүлч тэвчээртэй, хүлээцтэй, анхаарал төвлөрөх чадвар өндөр гэх мэт зайлшгүй шаардлагыг хангадаг байх ёстой. Аливаа баримтат үйл явдалд судалгаа, мэдээлэлтэй хандах хэрэгтэй. Жишээ нь ан амтьны зураг авах гэж байгаа бол судалгаа хийгээд тэвчээр шаардана. Болж буй үйл явдал яаж өрнөх, юунд хүрэх вэ, тухайн үйл явдлыг илэрхийлэх гол дүр нь хэн бэ гэдэг нь тухайн гэрэл зурагчны туршлага, мэдрэмж, мэдрэмжээс хамаарна. Тухайн гол дүр үнэнээсээ хэлж байна уу, үгүй юу гэдгийг л илэрхийлэх ёстой. Тэгж л ажиллахыг, аливаа юмны мөн чанарыг харуулахыг хичээдэг. “Гамма” агентлагийн хувьд гэрэл зургийн сэтгүүлчдийг бий болгох зорилгоор анх үүсгэн байгуулагдаж байсан. 20-р зууны сүүлч, 21-р зууны монголчуудын бодит амьдралыг архивлан, авч үлдэх зорилготой. Энэ архивт Монголын 40 гаруй жилийн үйл, амьдралын гэрэл зургийг багтана. Хэдий хувийн агентлаг ч гэсэн аль болох бүхий л үйл явдлын зургийг алдалгүй, авахыг хичээдэг. Монголд баримтат гэрэл зургийг үнэлэх үнэлэмж тааруу. Хэвлэл мэдээллийн гэрэл зургийн хамгийн гунигтай зүйл бол тэр. Баримтат гэрэл зураг өнөөгийн зах зээлд үнэ хүрдэг эд биш. Гэвч нэр хүнд, ач холбогдлын хувьд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй төрөл юм. Манай “Гамма” агентлагт зориулж байсан хэд хэдэн сайхан үг бий. Анх Д.Цоодол манай агентлагийн ханан дээр “Хамаг бүхэн бороо мэт арилж, Харин гэрэл зураг шороо мэт үлдюү” хэмээн бичиж байсан бол Д.Нямаа “Гэрэл зурагт гэр дандаа байтугай”, Дарма.Батбаяр “Аяа агшин хормыг аргамжиж үлдэнэ гэдэг юутай их хувь заяа”, Ц.Батзориг агсан “Бид үлдэх юмтай улс. Гэрэл зураг биднийг мөнхөлнө” гэх мэтчилэн их сайхан ерөөлүүд айлдаж байжээ.

Mongolian Press Agency буюу баримтат гэрэл зургийн MPA агентлаг хэвлэл мэдээллийн салбарт хэдийнэ танигдсан. Тус агентлагийн залуусын авсан гэрэл зургуудын ихэнх хүмүүс харж байсан биз. MPA агентлагийг үүсгэн байгуулсан Б.Бямба-Очирын улс төрийн болоод нийгмийн сэдэвтэй, онцлох үйл явдлуудын олон алдартай хурц, үнэн, бодит, баримтат гэрэл зураг бий. Хэвлэл мэдээллийн салбарт гурван үеийн төлөөлөл болсон фото сэтгүүлчидтэй уулзахад тухайн үйл явдлыг оновчтой илэрхийлэх агшин л баримтат гэрэл зурагт хамгийн чухал гэдэг нэг л өгүүлбэрийг хэлж байсан нь сонирхолтой. Мөн өөрсдийн хувьд авсан зургуудаа сайн, муу гэж ялгадаггүй бүгд л үүргээ гүйцэтгээд явдаг хэмээн тодорхойлж байв.

MPA агентлаг Гэрэл зурагчин Б.Бямба-Очир

...2005 онд сэтгүүлч мэргэжил эзэмшээд “Өнөөдөр” сонинд гэрэл зурагчнаар ажилд орохдоо 20 настай байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй зураг авсаар байна. Тухайн үед одоогийн гэрэл зурагчдын холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатарын гарын шавь болж, зураг авах ухаанд суралцсан. Багийн л зураг авах сонирхолтой хүүхэд байсан л даа. Зураг авч эхлээд л баримтат, хэвлэлийн гэрэл зураг сонирхсон. Намайг гэрэл зураг авч эхлэхэд хальс, дижитал хоёрын шилжилтийн үе таарч байв. Хальсаар зураг авч эхэлсэн ч яваандаа дижитал камераар авдаг болсон. Гэрэл зурагчид одоо илүү төрөлжиж, мэргэжлийн болж байна. Залуус өөрсдийн сонирхдог, аль болох ховор төрлөөр гэрэл зураг авах сонирхолтой байгаа нь ажиглагддаг. Харин хэвлэлийн гэрэл зураг авах сонирхолтой хүн ховор юм шиг. Сэтгэл зүрхээрээ татагдсан хүмүүс л энэ салбарт ажиллаж байгаа харагддаг. Гэрэл зураг авахдаа агшин алдахгүй л гэж бодож явдаг даа. Мөн аливаа үйл явдлыг голдоггүй. Миний хувьд мэдээ л бол мэдээ.

Тухайн үйл явдал сайн, муу ямар ч байж болно. Муу мэдээнд явлаа гээд муу зураг авна гэсэн үг биш. Ямар зураг авах нь хувь хүний чадвар, авьяас билгээс л хамаарна.

Миний бүх зураг тухайн үедээ өөрийнхөө үүргийг гүйцэтгээд явж байдаг. Сайн муу гэж ялгадаггүй. Үйл явдлаар нь топ гэж ангилж болох байх. Фото сэтгүүлчээр ажиллаж байх хугацаанд амьдралд минь тохиолдсон хамгийн хүнд үе бол 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал юм. Тухайн үед баримтат гэрэл зураг авч яваад толгойгоо хагалуулж байсан. Би ч гэлтгүй очсон хүн бүр тийм хэмжээний жагсаал болно гэж тооцоолоогүй байсан биз. Тэр үйл явдал хувь хүн болоод бие махбодийн хувьд их хохирол учруулж байжээ. Харин одоо бол бидний мэргэжил олон улсад эрсдэлтэй мэргэжилд орж байна. Фото сэтгүүлч бүрт л Хятадад гарч буй өвчин, ойрхи дорнодод болж буй үймээн самуун зэрэг үйл явдлын зургийг очиж авах сонирхол байдаг байх. Харин манайх дэлхийн бусад агентлаг шиг зардал даагаад явах боломж байдаггүй учир санхүүгийн асуудал ихэд бэрхшээлтэй. Мөн оюуны өмчийн асуудал бүхий л салбарт их хөндөгдөж байна. Гэрэл зурагт ч мөн ялгаагүй. Хүн бүр оюуны өмчийг дээдэлдэг болох нь чухал. Тиймээс ч би оюуны өмчийн зөрчилтэй өөрийн хэмжээнд тэмцдэг. MPA агентлагийн хувьд анх 2013 онд байгуулсан. Сургуулиа төгсөхдөө дипломын ажлаа гэрэл зурагчдын зохиогчийн эрхийн асуудлаар хамгаалж байсан юм. Сэдвийнхээ хүрээнд бусад улс орнуудын фото сэтгүүлзүйн талаар судалж үзсэн. Олон улсад алдартай гэрэл зургийн агентлагууд хувьд мэдээллийн дата бааз үүсгэж, тэнд нь дэлхийд болж байгаа бүхий л үйл явдлын зургууд байдаг. Тухайн гэрэл зургийн сангаас оюуны өмчийн эрхтэйгээр бусад олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд ашигладаг жишгийг олж харсан. Монголд ч гэсэн ийм гэрэл зургийн агентлаг бий болох ёстой гэж бодсон. Одоо ч тэр чиг, үүргийн дагуу үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)