Улаанбаатарын хүмүүс: Тайзан дээр биелсэн мөрөөдөл

Б.Золзаяа Улсын Драмын Эрдмийн Театр

Драмын театрын залуу жүжигчдийн нэг Б.Золзаяагийн хувьд хамгийн хайрладаг дүр нь Ч.Түвшин найруулагчийн “Жаргаагүй нар” жүжгийн Д.Нацагдоржийн багын найз болох Борчулуун гэх эмэгтэйн дүр. Тэрээр театрт дөрвөн жил ажиллахдаа Б.Хишигзаяа найруулагчийн “Царцаа намжил” хүүхдийн жүжгийн хулгайч эмгэний дүрээрээ Гэгээн
Муза хүртээд амжсан залуу, чадварлаг жүжигчин. Магадгүй театрын үнэнч үзэгчид түүнийг хамгийн сүүлд Н.Наранбаатар найруулагчийн “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр таних байх. Итгэл бол түүний бүтээсэн анхны гол дүр нь байлаа. Түүнтэй ярилцахаар жүжигчдийн өрөөний хаалгыг тогшиход тэрбээр шинэ жүжгийнхээ дүрийн хувцастай сууж байв. Хүн байх ёстой газраа яг л ингэж харагддаг байх гэмээр зохисон гэж жигтэйхэн.

...Би Ховд аймаг төрж, өссөн. 2012 онд уран чадварын шалгалтад орохын тулд өдөртөө онгоцны билет бичүүлээд Улаанбаатарт анх удаа ирж байсан юм. Ирэх ирэхдээ жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөж ирсэн. Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багш намайг бэлдэж, шалгалтад орсон л доо. Би Л.Дэмидбаатар багш дээр очоод “Та намайг хоёр хоногийн дараа болох уран чадварын шалгалтад бэлдээд өгөөч” гэж хүсэлт тавьсан юм. Хоёр хоног нойр, хоолгүй бэлдсээр шалгалтаа өгсөн. Хариу гарахыг тэсэн ядан хүлээж, тэнцсэнээ мэдээд бөөн баяр болж байлаа. Ингээд намар нь СУИС-д жүжигчин мэргэжлээр суралцахаар урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар гэж агуу хүний шавь нь болсон. Оюутны дөрвөн жилийн хугацаанд маш их зүйлийг сурч, мэдэж, ойлгож, нэг эд эс нь болж төгссөндөө үргэлж баярлаж явдаг. Оюутан байхдаа хичээл, сурлага гээд бүх л зүйлдээ их мэриймтгий хүүхэд байсан л даа. Манай сургууль жил бүр 3.27 гэж оюутны их наадмыг зохион байгуулдаг. Дөрөвдүгээр курсдээ тус наадмаас шилдэг эмэгтэй гол дүр шагналыг хүртсэн юм. Тэр наадам, шагнал, багш нараас сонссон үгс надад драмын театрт шалгалт өгч үзэх урам зоригийг өгсөн. Тэгээд театрын шалгаруулалтад бэлдэж эхэлсэн.

Жүжигчний ангид суралцаж байгаа бүх оюутнуудын чин хүсэл драмын театрт ажиллах байдаг. Бидний хувьд хамгийн босго өндөртэй газар. Сургуулиа 2016 онд төгсөөд, Улсын драмын эрдмийн театрт шалгаруулалт өгч тэнцээд, одоо дөрөв дахь жилдээ ажиллаж байна. Манай театр хоёр, гурван жилдээ нэг удаа элсэлт авдаг ч намайг сургуулиа төгссөн хавар ур чадварын шалгалт зарлаж таарсан. Хонхны баяраа тэмдэглэчихээд л хоёр хоногийн дараа театрын шалгалтаа өгч байлаа. Нэг, хоёрдугаар шатандаа тэнцчихээд өөртөө ч итгээгүй. Тэр үед мэдэрсэн сайхан мэдрэмжийг амьдралдаа хэзээ ч мартахгүй байх. Бас надаас дутуугүй их баярлаж байсан хүн бол миний ээж. Театрт орсноосоо хойш залуу уран бүтээлчийн хувьд театрт тавигдаж байгаа бүхий л уран бүтээлд ямар нэгэн байдлаар ажиллаж байна. Одоо манай театрын хамт олон удахгүй нээлтээ хийх “Анна Каренина” жүжгийн бэлтгэлээ хийж байна. Театр төсөөлснөөс минь шал ондоо газар байсан. Энд би янз бүрийн л бодлууд тээж орж ирсэн. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ энэ газрын эд эс болсон бүх л хүмүүс нь үнэхээр гайхалтай санагддаг. Театрынхан маань нэгэндээ зааж, зөвлөж, нэгнийгээ үргэлж хайрладаг.

Хүн энэ хувь төөргөөрөө нэг л амьдарна. Баярлах үедээ баярлаж, гуних үедээ гуньж, хүн юу хүсэж байна тэрийгээ л хийж амьдрах ёстой гэж боддог. Миний хувьд жүжигчин мэргэжлийг сонгосноор нэг насны минь амьдрал бүхэлдээ утга учиртай болсон. Хүн хүслээрээ амьдрах гэж үүнийг л хэлэх байх.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)