Хятадын эдийн засагт вирустай хийсэн тэмцлийн дараа сэргэлт ажиглагдаж эхэллээ

БНХАУ-ын эдийн засаг вирустай хийсэн тэмцлийн дараа сэргэж эхэллээ. Гуравдугаар сарын 7-ны мэдээгээр, БНХАУ-д санхүүгийн байгууллагуудын 95 хувь, зам харилцааны бүтцийн 90 гаруй хувь нь ажлаа сэргээсэн байна. Эрсдэлийн түвшин багатай жижиг дунд үйлдвэрүүдийн 52 хувь ажлаа сэргэжээ. Үйлчилгээний салбаруудын сэргээлт өндөр байгаа юм. Хятадын томоохон хотуудад рестораны бизнес хөдөлгөөнд орж эхэллээ. Бээжинд зоогийн газруудын 90 гаруй хувь, Шанхайд 87,5 хувь, Гуанжоуд 84,8 хувь, Шэньжэнд 81,5 хувь тус тус сэргэжээ.

Хятадын ихэнх нутагт өвчлөлт тэглэгдэх хандлагатай боллоо. Хоёрдугаар сарын 3-нд өвчний голомт Хубэйд 890 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол гуравдугаар сарын 5-нд дөнгөж таван  халдвар шинээр гарчээ. Хубэй мужийн 17 хотод 12 хоногийн турш өвчний шинэ халдвар гарсангүй.