ЯЛАЛТ-75: Баатар хотууд

Октябрийн хувьсгалын өлгий гэдгээр Ленинград Зөвлөлтийн хувьд онцгой хот байсан юм.  Тиймээс ч Гитлерийн төлөвлөгөөнд хотыг бүрэн устгаад хүн амыг нь хүйс тэмтрэхээр шийдсэн байв.

Ленинградын ойрын шугаманд ширүүн тулалдаан 1941 оны наймдугаар сарын 10-нд эхэлжээ. Гитлерчуудын хүч эхэндээ хүний тоогоор 2,5 дахин, онгоцоор 10 дахин, танкаар 1,2 дахин, миномётаар зургаа дахин давсан байлаа.  Есдүгээр сарын 8-нд гитлерчүүд Шлиссельбургийг эзэлснээр Нева мөрний эх булгийг өөрийн хяналтад авчээ. Ингээд Ленинград хуурай газраас таслагдан дайсанд бүслэгдэв. Гитлерчууд хотыг өлсгөлөнгөөр буулгаж авахаар тооцоолж байсан ажээ.

Бүслэгдсэн Ленинградын гудамжинд байрласан зенитийн их буучид гал нээж байгаа нь. Б. Кудояров / РИА Новости

Энэ мөчөөс эхлэн бараг 1944 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн 900 хоногийн бүслэлт ба дайралтын эмнэлэлт түүх эхэлжээ. Фашистуудын зохион байгуулсан өлсгөлөнгөөр хотын 650 мянган оршин суугч амь үрэгдсэн юм. Өлсгөлөн, их бууны тасралтгүй галын дор ленинградчууд тэсэн зогсож баатарлаг эсэргүүцлийг дайсандаа үзүүлж чадсан юм.

Хотын дайны түүхэнд дараах чухал тоо баримт бичигджээ. Хотын 1 сая 500 мянга гаруй иргэд хамгаалалтын бэхлэлт босгох ажилд гарч 35 км бэхлэлтийн саад ба танкийн эсрэг шуудуу ухжээ. Эрүүл мэнд, амиа золиослон байж эр зоригт ленинградчууд фронтод зориулан хэдэн мянган хээрийн болон тэнгисийн их буу үйлдвэрлэж, 2000 танкийг засварлан шинээр дамжлагаас гаргажээ. Тэдний хүчээр 10 сая сум, мина, 225 мянган автомат, 12 мянган миномётыг бүтээсэн байна.

Бүслэгдсэн Ленинградын эргүүлийн отрядынхан. 1942 он. Б. Кудояров / РИА Новости

Лениградын бүслэлтийг 1943 оны нэгдүгээр сарын 18-нд сэтэлжээ. Лениградын, Волховын фронтын дайчид «Искра» (Оч) ажиллагааны явцад Ладога нуур ба фронтын шугамын  хооронд 8-11 км-ын  өргөнтэй зурвасыг бий болгон бүслэлтийг сэтэлжээ. Харин жилийн дараа л хотын бүслэлтийг бүрэн чөлөөлсөн байна. 1942 оны арванхоёрдугаар сарын 22-нд ЗХУ-ын Дээд зөвлөл «Ленинградын хамгаалалтын төлөө» медалийг бий болгосон ба түүгээр 1,5 сая хүн шагнагджээ. 1945 оны тавдугаар сарын 1-ний Сталины тушаалд  Лениградыг анх удаа баатар хот гэж нэрлэсэн байдаг. Тэр цолыг 1965 онд албан ёсоор хотод олгон баатрын таван хошуу, Лениний одонг хотын захиргаанд гардуулжээ

Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд ер нь хүн төрлөхтний дайнуудын түүхэнд ингэж олон хоног бүслэгдэн даван гарсан хот үгүй. Гэхдээ 1941-1944 оны бүслэлт хотод өндөр үнэтэй туссан юм.  Тэр үеийн эмгэнэлт үйл явдалд зориулсан олон хөшөө дурсгал Нева мөрөн дэх хотод бий.

Ленинград 1943 онд. С. Шиманский / РИА Новости

Ленинградчуудад зориулсан Гашуудлын хөшөө дурсгал нь Пискарёвын оршуулгын газар байдаг бөгөөд энэ цогцолборыг 1960 оны тавдугаар сарын 9-нд нээжээ. Царс модны навчин гинжийг гартаа барьсан эмэгтэй хүний сүрлэг хөшөө бүхий “Эх болсон эх орон” монумент нь дурсгалын төв зохиомж юм. 

Хотын хамгаалалтын бүсүүдийг Алдрын ногоон бүс гэдэг ба тэнд бас олон хөшөө дурсгал бий. Тэдний нэг нь Ладога нуурын эрэгт босгосон «Сэтэлсэн тойрог»  бөгөөд тэр нь нуураар бүслэгдсэн хоттой холбож байсан «Амьдралын замыг» бэлгэджээ.

В. Барановский / РИА Новости

1941 онд дайсныг зогсоосон Ногоон бүсийн бас нэг хөшөө нь “Амьдралын цэцэгс” нэртэй бөгөөд1968 онд нээн бүслэгдсэн хотод амиа алдсан хүүхдүүдэд зориулжээ. Цэцгийн дэлбээ бүрт инээж байгаа хүүгийн дүрсийг «Наран үүрд мандаг» гэсэн үгтэйгээр сийлсэн байдаг.

СТАЛИНГРАД

Волгоград (Сталинград) нь баатар цолтой хотуудаас хамгийн нэр алдартай нь юм.  1942 оны зун фашистийн арми Кавказ, Крым, Доны орчим, Доод Ижил, Кубань зэргийн Зөвлөлтийн үржил шимтэй газруудыг эзлэхээр өргөн цар хүрээтэй довтолгооныг Зөвлөлт-Германы  фронтын өмнөд хэсэгт явуулсан юм. Тэдний цохилтод нэн түрүүнд Сталинград хот өртлөө. Хот руу хурандаа генерал Паулюсийн командалсан фашистуудын 6-р арми довтлов.

Зөвлөлтийн командлал долоодугаар сарын 12-нд энэ чиглэлээр дайсны довтолгоог зогсоох зорилготой Сталинградын  фронтыг байгуулжээ.  Дэлхийн II дайны түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй Сталинградын тулалдаан 1942 оны долоодугаар сарын 17-нд эхэлсэн байдаг. Хотыг аль болох хурдан эзлэх гэсэн  фашистуудын эрмэлзэл байсан ч энэ тулалдаан 200 урт өдөр, шөнө үргэлжлэн хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урсгасан тэмцэл болжээ.

Мамаевын толгод дээрх “Сталинградын тулалдааны бааатруудад” хөшөөний цогцолбор. Ю. Абрамочкин / РИА Новости

Хот руу анхны довтолгоон 1942 оны наймдугаар сарын 23-нд эхлэв. Хотыг хамгаалахаар цагдаа нар, НКВД-гийн цэрэг, Ижлийн флотын усан цэрэг, цэргийн сургуулийн сонсогчид, сайн дурынханыг илгээсэн байдаг. Энэ өдрийн шөнө хотыг хүчтэй бөмбөгдсөн. Наймдугаар сарын 25-нд хотод дайны байдал зарлагджээ. Ардын сайн дурын журамт цэрэгт хотын 50 мянган хүн элсэн оров. Дайсны тасралтгүй галын доор хотын үйлдвэрүүд ажиллан танк, катюш, их буу, миномёт ба асар их сум хэрэгсэл гаргаж байлаа.

135 хоног Мамаевын толгойн өндөрлөгийн төлөө тулалдаан явагдлаа. 1500 их буу хотыг хамгаалж байв

Сталинград 1943 оны хоёрдугаар сарын 2-нд чөлөөлөгдсөний дараа. Фото: С. Фридлянд / РИА Новости

1942 оны есдүгээр сарын 12-нд дайсан хотод шууд тулан ирсэн байна. Хоёр сарын ширүүн байлдаанд немцүүд 700 мянга орчим хүнээ устгуулжээ. 1942 оны арваннэгдүгээр сарын 19-нд Улаан армийн сөрөг довтолгоон эхлэв.

Давшилт 75 хоног үргэлжилж 1943 оны нэгдүгээр сард германчууд Сталинградын орчим бүслэгдэн бут ниргэгдэв. Сталинградын тулалдааны үеэр немцийн арми 1.5 сая хүнээ алдсан байлаа.

Сталинградын «Красный Октябрь» заводын мартен зуухны  № 1 цех дэх тулалдаан. 1942 оны арванхоёрдугаар сар. Фото: Г. Самсонов / РИА Новости

Сталинград  баатар хот нэрээр Дээд ерөнхий командлагчийн 1945 оны тавдугаар сарын 1-ны тушаалд анхлан нэрлэгдсэн байдаг. «Сталинградын хамгаалалтын төлөө» медалийг бий болгон хотын хамгаалагчдыг алдаршуулжээ.

Баатар хот Волгоградад Аугаа эх орны дайнд зориулан олон хөшөө дурсгал байдгаас хамгийн алдартай нь Мамаевын толгой дээрх дурсгалын цогцолбор юм.. Мамаевын толгойд 35 мянган цэрэг мөнх нойрсож байна. Тэдний дурсгалыг мөнхлөхөөр «Сталинградын тулалдааны баатруудад» гэсэн цогцолборыг 1959 онд бий болгожээ.

Сталинградын  (өнөөгийнВолгоград) хотын Павловын байшингийн ханан дахь бичгүүд:  «Эх орон минь! Энд дайснуудтай Родимцевын гвардичууд: ИльяВоронов, Павел Демченко, Алексей Аникин, Павел Довисенко нар баатарлагаар тулалдаж байлаа», «Энэ байшинг түрүүч Яков Федотович Павловын гвардичууд хамгаалж байв!». 1943 он. Фото: А. Капустянский / РИА Новости

Мамаевын толгойн цогцолборын гол  хөшөө нь 85 метрийн  «Эх орон дуудаж байна!»монумент бөгөөд тэр нь дайсантай тэмцэхийг уриалан дуудсан гартаа илдтэй эмэгтэйг дүрсэлжээ.

Сталинградын Их дэлгүүрийн өмнөх талбай. 1943 он. Фото: А. Капустянский / РИА Новости

Гергардтын хуучин тээрэм (Грудинины тээрэм) нь бас нэг тэмцлийн гэрч  учраас түүнийг засварлалгүйгээр хэвээр нь үлдээжээ.