Хөхөө өвлөөр эхэлсэн “хүн царцаа”-ны нүүдэл

Томсгосон тойрог “царцаа”-нд ээлтэй

Зун бүр царцаа нүүдэллэж, өвс сорчилдог бол сонгууль болгоноор “хүн царцаа”-нууд шилжиж, сонголт луйварддаг боллоо.

Сонгуулийн хэсэг рүү бөөндөө шилжсэн хүмүүсийг царцаатай зүйрлэсэн нь учиртай. Царцаа сүрэглэн нүүдэллэж, газрын хөрсийг бөртийх ч өвсгүй болгодог хөнөөлтэй бол олноор шилжсэн сонгогчид хүмүүсийн сонголтыг луйварддагаараа аюултай. Үндсэндээ нэг нь газар нутагт, нөгөө нь хүний эрхэд халддагаараа энэ хоёр адилхан. Тиймээс царцаа нь хүн ч бай, амьтан ч бай ямагт болгоомжлох нь зүй.

Гэтэл энэ жилийн сонгуулиар сонгогчдын эрхийг хууль бусаар авах “хүн царцаа”-нууд хэдийнэ нүүдлээ хийчихжээ. Тэд ирэх зургадугаар сарын 24-нд болох УИХ-ын ээлжит сонгуулиар шидээ харуулж, орон нутгийнхны өмнөөс сонголт хийхээр зэхэж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр хэнийг дэмжих нь тодорхойгүй ч Сонгинохайрхан дүүрэгт 11 мянга 650 иргэн, Говь- Алтай аймагт 2000, Баянхонгор аймагт 1650 иргэн шилжин очсон гэнэ. Холбогдох албаныхан үүнийг үгүйсгэсэн хийгээд нотолсон мэдээлэл алийг нь ч өгөхийг хүссэнгүй.

Төрийн эрхийг хууль бусаар авах энэ аргыг хуулийн хүрээнд хаах ёстойг өнгөрсөн сонгуулиас хойш амтай болгон нь ярьсан. Өөрөө хамгийн их “царцаа”- ны асуудалд холбогдсон хэрнээ “царцаа” нүүлгэхээ болих хэрэгтэйг чуулганы танхимаас сануулж суусан гишүүн ч бий. Тиймдээ ч энэ удаагийн сонгуулийг томсгосон тойргоор явуулж, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахын зэрэгцээ хоёрдугаар сарын 1-нээс хойш иргэнийг засаг захиргааны нэгжээс шилжүүлэхийг хуулиараа хориглоод байгаа.

Өмнө нь иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө, сонгогчийн шилжилтийг 14 хоногийн өмнө зогсоодог байв. Үүнээс болж сонгогчийг олон зуугаар нь шилжүүлж, санал өгүүлэн сонгуулийн үр дүнд нөлөөлдөг байдал гаарсан. Тухайлбал, өмнөх сонгуулийн үеэр Увс аймаг руу 3300, Хөвсгөл рүү 2985, Баянхонгор руу 2261, Архангай руу 1341 сонгогч шилжсэн гэсэн мэдээлэл бий. Харин энэ удаагийн сонгуулийн хуулиар сонгогчийн шилжилтэд хязгаар тавихаас гадна таван сарын өмнө засаг захиргааны шилжилтийг хориглосон нь “царцааны нүүдэл”-ийг зогсооно гэж холбогдох албаныхан үзэж буй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж:  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэг том дэвшил нь сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг нарийвчилж хуульчилсан. 2015 оны хуулиар сонгогч шилжүүлэх гэдэгт ямар субъектийг хамруулахаа нарийвчилж хуульчлаагүй байсан. Энэ удаагийн хуулиар долоон субъектийг сонгогчийн шилжилт хөдөлгөөнд хамааруулна. Өөрөөр хэлбэл, долоон субъектээс бусад хүн өөрийн байнгын оршин суугаа газраасаа өөр газар санал өгөхгүй гэсэн үг. Долоон субъект нь нэр дэвшигч, шадар туслах, менежерүүд, сонгууль зохион байгуулж буй ажилтнууд, санал авах байрны хамгаалагч зэрэг хүн санал өгөх хэсэг рүүгээ шилжиж болно. Тиймээс “царцааны нүүдэл” гэж нэрлээд байгаа сонгогчид олон зуугаараа шилждэг байдал арилна.

Мэдээж сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь “царцааны нүүдэл”-ийг зогсооход чухал алхам болсон. Гэтэл сонгууль явуулах томсгосон тойрог нь “царцааны нүүдэл”-ийг хязгаарлах бус харин ч нууцлах нөлөөтэй байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь дөрөв, тавхан сум нэг тойрог байхад тэнд хэчнээн сонгогч нэмэгдсэн, хаана байрлаж, хэнийг нь дэмжих бараг тодорхой байлаа. Харин одоо аймаг тус бүр нэг тойрог учраас тэнд хэчнээн “царцаа” нүүдэллэж буй нь тодорхой анзаарагдахгүй нь. Хэн хэний “царцаа” вэ гэдэг нь ч тодорхой бус байна. Үнэхээр “царцааны нүүдэл”-гүй болчихов уу гэвэл худлаа.

Эх сурвалжуудын мэдээллээр хоёрдугаар сарын 1-нээс өмнө томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийн ажилчдаа шууд шилжүүлэхгүй, харин аав, ээж, ах, дүү, хамаатнуудыг нь орон нутаг руу шилжүүлсэн байна. Ийм “царцаануудыг” одоохондоо тойргийнхон нь төдийлөн анзаараагүй байгаа бололтой. Тэгэхээр санал авах өдрөөс олон сарын өмнө шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад ч тус хүргэхгүй нь ойлгомжтой болов.

Үндсэндээ сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, “царцааны нүүдэл”-ийг зогсоохоор болсон ч сонгуулийн тогтолцоо нь өөрөө “царцаа”- нд тохиромжтой хувилбар болжээ.

“Хүн царцаа”-г зогсоох хууль хэрэгтэй

Томоохон аж ахуйн нэгжүүд ажилчдаа амраах нэрийдлээр орон нутаг руу шилжүүлж, санал өгүүлдэг байдал өмнө нь байсан ч өнгөрсөн сонгуулиар бүр гаарав. Тэдний зарим нь шүүхэд хандсан ч тэгсгээд л өнгөрсөн жишээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нартай холбоотой. Энэ мэт асуудал ирэх сонгуулиар давтагдахыг үгүйсгэх аргагүй. Гэтэл энэхүү асуудлыг нарийн бөгөөд хурдан шийдвэрлэх хууль тогтоомж нь тодорхой бус хэвээр байна. Хэдий шүүхэд хандаж болох ч “Нэгэнт шийдвэр гарчихсан байхад яалтай” гээд зөнд нь хаях магадлалтай. Тиймээс “царцаа”-ны асуудлыг шийдвэрлэх, хариуцлага тооцох хууль, оноох шийтгэлийг улам бүр тодорхой болгох хэрэгтэй байна. Албаныхны хэлсэн шиг хууль цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй ч хэрхэн ажиллах нь тодорхой бус байгаа юм.

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: Хоёрдугаар сарын 1-нээс өмнө иргэдийн засаг захиргаанаас шилжих хөдөлгөөн зогссон. Энэ удаагийн сонгуулиар сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийхгүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеэр сонгогчийн үнэмлэхээр санал өгөх боломжтой газар руу шилжиж болдог байсныг өөрчилсөн. Сонгогчид зохион байгуулалттай, санал худалдан авах зорилготойгоор шилжсэн байвал цагдаа болон холбогдох хуулийн байгууллагууд шалгах үүрэгтэй.

 

Сонгуулийн дараа нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг хязгаарлая 

Сүүлийн жилүүдэд хотын оршин суугчдын тоо эрчимтэй өсөж, хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Энэ хэрээр төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Засаг дарга асан С.Батболд 2017 оноос орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг хязгаарласан юм. Гэсэн ч энэ хязгаарлалтыг 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжүүлсэн нь сонгуулийн жил “царцаа нүүдэллэх” нөхцөл боломжийг бий болголоо. Өөрөөр хэлбэл, нийслэл рүү орох шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь хотын хөгжил болоод оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй байдалд нөлөөлөхөөс гадна сонгуулийн үед “царцааны нүүдэл”-ээс ангижрах арга байж.

Хотод хүн амын тэн хагасаас илүү нь амьдардаг. Харин орон нутгаас төрийн түшээдийн 60 гаруй хувь нь сонгогддог. Тиймээс хуулиар хориглосон ч нийслэлээс орон нутаг руу сонгогч шилжүүлж санал өгүүлэх нь элбэг хэвээр байна. Харин сонгуулийн дараа нийслэл рүү орох шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаар орон нутаг руу шилжсэн “царцаа”-нууд буцаж ирэх боломжгүй болно. Тиймээс нийслэлийн оршин суугчид эрсдэлээ тооцоолж, богино хугацаанд шилжихгүй байх талтай билээ.

Эцэст нь, сонгуулийн санал луйвардаж, сонгогчийн эрхэд халддаг энэ үйлдэлд иргэд ч хяналт тавих боломжтойг сануулъя. Өөрийн сонголтыг бусдад алдахгүй, эрхээ луйвардуулахгүйн тулд албан ёсны хаяг дээрээ өөр хүн шилжиж ирсэн үү, үгүй юү гэдгийг шалгачихаас л энэ бүхэн эхэлнэ.