"Хурд" хамтлагийн "Цэргийн бодол" дууг 42 жилийн өмнө зохиожээ

Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг "Хурд" хамтлагийн "Цэргийн бодол" дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэхүү дууг одоогоос 42 жил (1978 он)-ийн өмнө гэр бүлийн хамтлаг болох "Хурд" хамтлагийнхны хамгийн том ах Д.Ганболд Хужир булан дахь цэргийн ангид алба хааж байхдаа зохиожээ. Тэрээр цэргийн хуаранд дууныхаа шүлгийг тэрлэж, мөн аялгууг нь нотолсон байна. Цэргийн хуарангаас төрсөн энэхүү дууг дүү нар нь 1990-ээд оны эхээр дуулж эхэлснээс хойш монголчуудын сэтгэлд хоногшин үлджээ.

"Хурд" хамтлагийн соло гитарчин, ая зохиогч, гавьяат жүжигчин Д.Отгонбаяр "Цэргийн бодол" дуу бол манай хамтлагийн болон Монголын рок попын түүхэнд алтан үсгээр бичигдэх хитийн хит дуу" хэмээн хэлсэн байдаг юм.

Цэргийн бодол

Өнчин дэрэн дээр нойр хулжаад
Өнийн ирээдүйг сэтгэн байхад минь
Өөрийн эрхгүй чи минь бодогдож
Өр зүрх минь чам руу тэмүүлнэ

Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэ

Чамайг би санан дурсаж
Чандмань мэтээр хайрлана гээд
Хэнээс ч дутахгүй сайхан амьдрах
Хэтийн зорилго надад бий шүү

Бүсгүй би чинь ингэж бодохоор
Бүлээн зүрх минь уяран хайлж
Булбарай үрээ тэврэн мишээсээр
Бүүвэйн дуугаа аялж сууна би

Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэ

Хаврын улирал дөхсөн ч юм уу
Хайртай үрээ санасан ч юм уу
Халагдах хоног минь ойртсон ч юм уу
Харих хоногоо тоолон сууна би

Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэ

Хаврын улирал гурвантаа ирэхэд
Хайртай үр чинь том болжээ
Ханийн жаргалыг эрхгүй мөрөөдсөөр
Хайрын дуугаа чамдаа дуулъя

Бүсгүй би чинь ингэж бодохоор
Бүлээн зүрх минь уяран хайлж
Булбарай үрээ тэврэн мишээсээр
Бүүвэйн дуугаа аялж сууна би

Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэ