ОУОХ “Токио 2020” олимпыг хойшлуулахаас түдгэлзлээ

ОУОХ өчигдөр олон улсын спорт холбоодын удирдлагуудтай уулзаж, коронавирусийн дэгдэлттэй холбоотой нөхцөл байдлын талаар ярилцжээ. Уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудаас “Токио 2020” олимпын наадмыг хойшлуулах эсэх асуудал олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байсан. ОУОХ шийдвэрээ танилцуулахын өмнөхөн Европын хөлбөмбөгийн холбоо энэ зуны бас нэгэн том үйл явдал болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нэг жилээр хойшлуулснаа албан ёсоор зарласан нь “Олимпын наадам ч хойшлох юм байна” гэсэн сэтгэгдэл төрүүлээд байв. Тэгвэл ОУОХ асуудлыг олон талдаас нь харж ярилцсаны эцэст хойшлуулах шийдвэр гаргахаас түдгэлжээ. ОУОХ-ноос гаргасан албан ёсны мэдэгдэлд “Олимп эхэлтэл дөрвөн сарын хугацаа байна. Энэ бол нөхцөл байдал өөрчлөгдөж болох хугацаа. Тиймээс яаран шийдвэр гаргах шалтгаан алга” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.  Мөн олимпын бэлтгэл ажил хэвийн үргэлжилнэ гэдгээ заарлаж, олимпын наадамдаа эрчимтэй бэлтгэхийг тамирчдад хандан уриалжээ.

“Токио 2020” зуны олимпын наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болох хуваарьтай.