Ким Жэ Бум: Боломж гарвал монгол үндэсний бөхөөр барилдана

Зуны олимпийн наадмын алт, мөнгө, ДАШТ-ий хошой аварга, Азийн АШТ-ий таван удаагийн аварга, БНСУ-ын алдарт жүдоч Ким Жэ Бумыг 2015 оны өвөл Монголд ирэхэд нь уулзаж ярилцсанаа хүргэж байна. 

Өмнөх алдаагаа давталгүй олимпийн аварга болсондоо баярладаг

-Монголд тавтай морил. Та манай оронд ямар зорилгоор ирсэн бэ? 
-“Рио-2016” зуны олимп болоход бага хугацаа үлдсэн байна. Монголын тамирчдын олимпийн бэлтгэл сургуулилт хэрхэн хангагдаж байгааг судлахаар ирсэн. Монголд дөрөв дэх удаагаа ирж байна. 

-Гадаа их хүйтэн байна. Та даарч байна уу?

-Бэлтгэл сургуулилалт хийдэг болохоор энэ зэргийн хүйтэнд бол ажирахгүй ээ. 

 -Бээжин, Лондоны олимпийн шигшээ барилдааны талаар ярилцья. Та хоёуланд нь Германы Оле Бишофтой барилдсан байдаг?   

-Бээжинд очихдоо би 23 настай байсан. 2005 онд 73 кг-д Азийн аварга болсныхоо дараа жин өгсч 81 кг-д барилдах болсон юм. Улмаар шинэ жиндээ дасч, 2008 оны Жэжүд болсон Азийн АШТ-д түрүүлээд Бээжинд очсон. Тивдээ түрүүлснээс өөр амжилтгүй надад олимп, дэлхийн медалийн тавцанд гарах хүсэл дүүрэн байсан. Амжилт ялалтаар жинхэнэ цангаж байсан үедээ. Бээжингийн олимпод оролцоод мөнгөн медаль хүртсэн. Сонирхолтой нь дандаа европын аварга бөхчүүдтэй барилдсан байдаг юм. 

Эхний даваанд 2006 оны Европын аварга Сергей Шундиков, хоёрдугаар тойрогт 2007 оны Европын аварга, Польшийн Роберт Кравчик, гуравдугаар  тойрогт 2008 оны Европын аварга Жоао Нето нарыг дараалан ялж хагас шигшээд үлдсэн. Мөнгөн медалийн төлөө 2005 оны дэлхийн аварга Голландын Декс Элмонттой таарч ялснаар аваргын төлөө барилдах болсон юм. Гэвч алтан медалийн төлөө Германы бөх, 2005 оны Европын аварга Оле Бишофд ялагдчихсан. Миний хамгийн харамсч явдаг барилдаануудын нэг нь энэ. 

-Гэхдээ та Лондоны олимпод түрүүлж зорилгоо биелүүлсэн шүү дээ.   

-Бээжингийн олимпод ялагдсаныхаа дараа бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж,  Лондонд заавал түрүүлэхийн төлөө зүтгэсэн. Гэхдээ миний баримталдаг нэг зарчим бол аливаад их ач холбогдол өгдөггүй. Намайг Лондонд түрүүлэх боломжтой бөхөөр нэрлэж, сэтгүүлчид энэ талаар юу бодож байгааг их асуудаг байсан. Тэгэхэд нь би “Олимп бол миний хувьд ердийн л нэг тэмцээн” гэж хариулдаг байлаа. Лондонд О.Бишофтой дахиад таарсан. Өмнөх жилийнх нь ДАШТ-ий шөвгийн 16-д түүнийг ялсан болохоор энэ удаад ч ялна гэдэгтээ итгэлтэй байлаа. Өөртөө итгэлтэй байсан болохоор зорилгодоо хүрч чадсан. 

Олимпийн аварга болж буй мөч.
 

“Роллс Ройс”-оос бусдыг нь унасан 

-Олимп, дэлхийн аварга цолд хүрсэн таны зэргийн тамирчин төр засгаас хэдий хэмжээний урамшуулал хүртдэг вэ, нууц биш бол?

-Олимпоос алтан медаль хүртэхэд 800 сая воноор урамшуулдаг. Түүнээс гадна жил бүр 300-400 сая воны орлоготой. Дээрээс нь жил болгон машиныг нь сольж өгдөг. Би “Ройлс Ройс”-оос бусад бүх машиныг унаж үзсэн. 

-Та Солонгосын спортын нэг номерын од тамирчин. Рекламанд тоглох урилга олон ирнэ биз? 

-Урилга ирдэг ч би рекламанд огт тоглож байгаагүй. 

-Таны спортын замналд хамгийн хэцүү өрсөлдөгч хэн бэ?

-Гүржийн жүдоч А.Црикишвили. Тэр л хамгийн хүчтэй өрсөлдөгч дөө. 

 Хүүгээ бөх болгохгүй

-Таны спортын амжилтууд олны нүдэнд ил байдаг. Харин хувийн амьдралын чинь талаар төдий л мэддэггүй. Нутаг ус, бага насныхаа тухай дурсамж сөхөөч гэж хүсч байна?

-Би 1985 оны нэгдүгээр сарын 25-нд Хойд Кенсан мужийн Гимчеон хотод төрсөн. Сөүлээс Пусан боомт орох худалдааны гол зам дээр байдаг, 150 гаруй мянган хүнтэй жижиг хот л доо. Эцэг эхээс гурвуулаа. Дээрээ хоёр эгчтэй. 

-Гэр бүлд чинь танаас өөр спортын хүн бий юү?

-Надаас өөр тамирчин хүн байхгүй. Гэрийнхнээсээ би л ганцаараа спортыг сонгосон. Бусад нь толгой сайтай болохоор эрдэм номын мөр хөөсөн. Бичиг цаасны ажил хийдэг (инээв). 

-Спортоор өндөр амжилтад хүрсэн тамирчид багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй байх нь элбэг. Та багадаа ямар хүүхэд байсан бэ? 

-Спортод дуртай, нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Салхилгагүй талдаа байсан байх шүү. 

-Ямар спортоор хичээллэж байв, жүдог яагаад сонгосон бэ? 

-Жүдогоос бусад бүх л спортод эвсэлтэй байсан (инээв). Жүдо бөх миний хүмүүжил хоорондоо зохицдоггүй байсан л даа. Жүдо бол төлөвшлийг бий болгодог. Гэтэл би тэр үед хэтэрхий сахилгагүй хүүхэд байсан. Хичээллэх болсон тухайд гэвэл, спортоор хичээллэх болж, клубт бүртгүүлэхээр очиход жүдогоос өөр секц байгаагүй юм. Тэгээд л жүдо бөхөөр хичээллэсэн. 

-Тантай хамт бэлтгэл хийж байсан хүүхдүүдээс тань шиг нэр алдарт хүрсэн хүн бий юү?

-Байхгүй ээ. Би л байна.

-Таныг тэмцээн уралдаанд оролцох үед гэрийнхэн чинь хэр дэмждэг вэ? 

-Би бэлтгэл сургуулилтдаа бүхнээ зориулдаг. Сайн бэлддэг учраас тэд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байдаг юм. 

-Таныг алдартай жүжигчинтэй гэрлэсэн гэж сонссон. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэрийг минь Жун Жинхи гэдэг. Загвар өмсөгч. Солонгосдоо маш алдартай од. (Нэр алдартай тамирчид гэр бүлээ олны нүднээс нууц байлгахыг хичээдэг. Харин Ким аварга тийм биш аж. Бахархалтай нь аргагүй эхнэрийнхээ зургийг үзүүлж байв). 

-Та тамирчин хүн. Заалнаас салдаггүй биз. Харин эхнэр чинь загвар өмсөгч. Тэгэхээр та хоёр хаана танилцсан болж таарах вэ. Тэмцээн дээр үү?

-Үгүй ээ. Сүмд танилцсан. Би Христийн шашны үнэнч сүсэгтэн. Сүмд байнга явдаг. Эхнэрийн минь гэр миний явдаг сүмээс холгүй байдаг байсан юм билээ. Одоо бид хоёр хүүтэй.

-Монголчууд хүү төрөхөд бөх болно гэж бэлэгшээдэг. Харин та хүүгээ өөр шигээ бөх болгох уу?

-Хүүхдээ спортоор хичээллүүлэх бодолгүй байгаа. Уг нь жүдо бөхөөр хичээллээд их мөнгө олох боломж бий. Гэхдээ оргилд нь хүрч байж л сайхан амьдарна. Жүдо бол хэцүү спорт. 

 Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар хоёрыг үнэлдэг

 -XXI зуунд БНСУ-ын нэрийг дэлхийн сонорт хүргэж байгаа тамирчдын нэг нь таныг гэж ойлгодог. 

-Баярлалаа. Монголд бас тийм хүн олон бий. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар хоёрыг мундаг гэж боддог. Энэ хоёр хүнээр Монгол Улсыг илүүтэйгээр мэдэж, судлах болсон. 

-Тив, ДАШТ, олимпийн медалийн тавцанд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх агшинд юу бодогддог вэ?

-Тухайн үед олон юм бодогддоггүй юм. Үүний дараа юу хийж чадах вэ гэж л боддог.  

-Монголд бэлтгэл хийх орчин нөхцөл ямар санагдаж байна вэ?

-Монголын бөхчүүд өглөө, оройдоо л бэлтгэл хийдэг юм байна. Харин Солонгост өглөө, орой хоёрт тус бүр хоёр удаагийн давтамжтай бэлтгэл хийдэг. Манайхан арай л илүү ачаалал авдаг. Бэлтгэлээр зоддог гэж хэлж болох юм. 

-Тэнд өндөр ачаалалтай бэлтгэл хийж байгаад энд бага хугацаанд бэлтгэл хийхэд форм алдагдахгүй юу?

-Өглөө бүр “Чингис” зочид буудлын фитнесст бэлтгэл хийдэг болохоор хэмнэл алдагдахгүй. Монголчууд уг нь өглөөд нэг биш хоёр удаа бэлтгэл хийвэл илүү үр дүнтэй юм шиг санагддаг. 

-Танд шантрах үе гарч байсан уу?

-Хүнд хэцүү бүхний дараа медаль хүртдэг болохоор шантарч байгаагүй. 

-Хэд хүртлээ барилдъя гэж боддог вэ? 

-Хэдий 31 настай ч бууж өгөх бодол төрдөггүй. Би өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээнээс авч болох бүх л медалийг авсан. Энэ бүх тэмцээн миний олимпод өндөр амжилт үзүүлэх суурь бэлтгэл болж байсан. Зодог тайлах нь мэдээж. Гэхдээ одоо бол “Рио-2016” олимпийг л хүлээж байна. 

-Тэмцээнд өндөр амжилт үзүүлээд ирэхэд тань гэр бүлийнхэн чинь бөөн баяр хөөртэй угтана биз?

-Жүдогоор барилдаж эхэлснээсээ хойш нийтдээ 240 гаруй тэмцээнд оролцжээ. Ихэнхдээ медалиас мултарч байгаагүй. Тэгээд ч тэр үү, манай гэрийнхэн амжилт үзүүлээд ирэхэд тийм их сэтгэл хөдлөлтэйгөөр угтаж байгаагүй санагдана. Намайг ялагдана гэж боддоггүй байх л даа. Оролцсон тэмцээн нь олимп, ДАШТ байсан ч ялгаагүй. 

 Боломж гарвал монгол үндэсний бөхөөр барилдана

-Та Монголд нэлээд удах юм байна. (Тэрээр Монголд бараг гурван сар болох ажээ). Энэ хооронд юу хийе гэж бодож байгаа вэ?

-Бэлтгэлээ л хийнэ. Бас боломж гарвал Монгол үндэсний бөхөөр барилдаж үзэх бодолтой байгаа. 

-Тийм үү. Та монгол бөхийг сонирхож байгаа гэж үү. Бэлтгэл дээр барилдаж үзэв үү?

-Жүдо, үндэсний бөхийн өмсгөл маш ялгаатай. Гэхдээ зарим барьц, мэх нь жүдотой төстэй. Тиймээс барилдаж үзэх бодолтой байгаа. 

-Сурч болмоор шиг байна уу?

-Үгүй ээ. Барилдахад харин ч хэцүү санагдсан. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын фэйсбүүкээс тэдний барилдахыг харсан. Жүдо, монгол бөхийн өмсгөл олон талаар өөр гэдгийг л хэлэх байна. Аль нь илүү гэдгийг хэлж мэдэхгүй байна. Монгол бөхчүүдийн амжилт гаргаж буй нь энэ спорттой холбоотой байх. Монгол бөхчүүд маш их бяртай. Бяраар барилдааны бүх зүйлийг шийдвэрлэчих гээд байдаг. Багш нар нь ч тэгж зааж сургадаг юм шиг санагдсан. 

-Таныг БНСУ-ын УАШТ-д бэлтгэх зорилгоор Монголд ирсэн гэж сонссон юм байна. Хэдийд болох вэ?

-Манай УАШТ гуравдугаар сард болно. Харин Монголынх нэгдүгээр сард болох юм билээ. Ер нь Монголын жүдочдын амжилт огцом өсч байгаа болохоор энд ирж бэлтгэл хийх нь илүү үр дүнтэй гэж бодож байна.  

Гол зорилго Риогийн олимп

-Астанагийн ДАШТ-д та хоёрдугаар тойрогт Португалийн бөхөд дийлдсэн. Харин Ли Син Сү дажгүй барилдаж медалийн төлөө өрсөлдсөн шүү дээ. Олимпод та хоёрын хэн нь барилдах бол... Ер нь та ирэх олимпод барилдах уу?

-Барилдах бодолтой байгаа. Мөн дасгалжуулагчийн хувиар оролцоно. Миний шавийг сайн хараад аваарай. Энэ залуу тун удахгүй юм дуулгана аа.

-Олимп эхлэхэд наймхан сар үлдсэн байна. Догдолж байна уу?

-Их л яарч байна. 

-БНСУ-ын жүдо бөхийн шигшээ баг “Рио-2016” олимпийн наадамд ямар зорилттой оролцох вэ?

-Олимпод оролцохын тулд эхлээд эрхээ авах ёстой. Одоогийн байдлаар манайхан бүх жинд олимпийн эрх авах боломжтой байгаа. Нэгэнт эрхээ аваад олимпод орчихвол бүх жинд л медалийн төлөө зүтгэнэ.   

-Танд болон таны шавьд “Рио-2016”-гийн олимпод түрүүлэхийн ерөөл тавъя. Монгол бөхийг хурдан сураарай?

-Монгол бөх гоё санагдаад байгаа. 

Ким Жэ Бум бэлтгэл сургуулилтыг чинээнд нь тултал хийдэг, хөдөлмөрөөрөө нэрд гарсан аварга. Тиймдээ ч “Өөр шигээ өрсөлдөгчтэй тулгарахаас айдаг” хэмээн хэлж байжээ. Тэрээр одоогоор том тэмцээнд монгол бөхтэй таарч барилдаж үзээгүй, барилдаж үзэх хүсэлтэй гэж өгүүлж байлаа. Аварга маань Риогийн олимпод барилдах бодолтой, яарч байна гэж хэлж байсан ч 2016 оны тавдугаар сарын 1-нд зодог тайлснаа зарлаж билээ. 

Д.ЖАВХЛАН, Х.БАТСАЙХАН