Иргэншлээ сольсон тамирчид

Тамирчид иргэншлээ сольж өөр улсын нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцох нь спортын ертөнцөд байдаг л зүйл. Иймэрхүү хөдөлгөөн шилжилт олимпын наадмын өмнө эрс идэвхждэг. Тэгвэл “Токио 2020” олимпын өмнө энэ тал дээр “тэсрэлт” гэмээр үйл явдал болно гэж спорт сонирхогчид хүлээж байна. Маш, бүр маш олон дээд зэрэглэлийн тамирчид иргэншлээ солихыг, мөн Олон улсын олимпын хороо иргэншлээ солих тамирчдад тавих болзлоо эрс зөөлрүүлж, өмнө нь үйлчилж байсан дүрэм журмыг илтэд хөнгөлөх нигуур байгаа нь “тэсрэлт” гэдэг үг хэрэглэхэд хүргэж байгаа юм.

Анхаарлын төвд Иран, ОХУ

Тамирчид иргэншлээ солих шалтгаан олон. Тухайн төрөлдөө өндөр амжилт гаргах магадлалтай ч ядуу буурай орны тамирчид эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд өөр улсын иргэншил авдаг бол спортын нэг төрөл хэтэрхий өндөр хөгжсөн улсын No2 тамирчин олимпод өрсөлдөхийн тулд иргэншлээ сольдог байх жишээтэй. Нэг хэсэг Африкийн хөнгөн атлетикчид булангийн орнуудын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцохыг мөрөөддөг байсан гэхэд хилсдэхгүй. Кени, Эфиопын хөнгөн атлетикчид Бахрейн, Турк зэрэг орон руу хэтэрхий хошуурснаас болж Олон улсын хөнгөн атлетикийн холбоо 2017 онд шилжилт хөдөлгөөнийг хориглож байсан ч удаа бий. Кенийн авьяаслаг гүйгч Жасемин Чанаар хүч сэлбэсэн Турк улс 2016 оны холын зайн гүйлтийн Европын АШТ-д ноёрхсоны дараа ОУХАХ дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Тэгвэл энэ удаагийн шилжилт хөдөлгөөн нь ердийнхөөс өөр (ОХУ-ын тамирчдыг өөрийн далбаанд дор оролцохыг хориглож магадгүй нөхцөл байдал үүссэн, Иранд улс төрийн онцгой нөхцөл байдалтай байгаа) тул ямар нэг хориг тавихгүй, харин ч тамирчдад боломж олгох магадлал өндөр байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын шагналыг хүртсэн. “Дүрвэгчдийг ялгаварлан гадуурхалгүй нэгэн тугийн дор олимпийн наадамд оролцох боломжоор хангаж, олимпизмын үйл хэргийг хэлбэрэлтгүй дагасных нь төлөө” уг шагналыг олгосон юм. ОУОХ-ноос гадна ОХУ-ын ҮОХ, спорт холбоод ч тамирчдадаа боломж олгоно гэсэн тул асуудал шийдэгдмэгц асар богино хугацаанд олон тооны шилжилт болох төлөвтэй байгаа юм. Таван төрөлтийн авьяаслаг тамирчид болох Александра Савкина, Алисэ Фахрутдинова нарыг холбоо нь дэмжсэнээр ДАШТ-д Узбекистаны нэрийн өмнөөс орох боломж бүрдүүлснийг энд дурдаж болох юм.

Орос тамирчид аян замд бэлтгэж, зарим орон нь мөнгөө бэлтгэж байна

Олимпийн өмнөх шилжилт хөдөлгөөний гол бай спортын хүчирхэг гүрэн ОХУ байгаа нь олимпод амжилт гаргах амбицтай зарим орны хувьд сайхан боломж болоод байна. ОХУ олимпод гарцаагүй алт авах топ тамирчид олонтой. Тэднээс өндрийн харайлтын тамирчин Мария Ласицкене өөр улсын нэрийн өмнөөс олимпод өрсөлдөхөө илэрхийлээд буй. “Катар 2019” ДАШТ-д эхний харайлтаараа л түрүүлэх болзол хангасан, сүүлд оролцсон 45 тэмцээндээ дараалан түрүүлээд байгаа түүнийг авахаар олон улс өрсөлдөж, хөрөнгө мөнгө амлаж байна.

ОХУ-ын Допингийн эсрэг агентлагийн тэргүүн Юрий Ганус “Допингтой холбоотой асуудал ОХУ-ын талд гарна гэж найдсаны хэрэггүй, иргэншлээ солих бол заавал эцсийн шийд хүлээх албагүй” гэж мэдэгдэл хийсний дараа идэвхжих хандлагатай боллоо. Тэрээр “Бид дотооддоо том тэмцээн зохион байгуулна, тамирчдад энэ нь хангалттай гэж бодож байгаа бол бүгд гэртээ үлдэж болно. Гэтэл энэ нь хангалтгүй шүү дээ.

Мария Ласицкене

Ильяс Бекбулатов

Тиймээс төөрөлдөхөө больцгооё. Гадагшаа гарах санаатай байгаа нь гарцгаасан дээр. Тэртэй тэргүй манай улс сайн тамирчин олонтой. Урьд нь манай иргэн байсан олон тамирчид одоо гадны улсуудыг алдаршуулаад явж байна” гэж Ю.Ганус хэлсэн юм.

Иргэншлээ солих тамирчдын тоонд М.Ласицкенегаас гадна налуу замын дугуйн шилдэг уралдаанч Ильнур Закарин Киприйн нэрийн өмнөөс, уран сайхны гимнастикч Мария Харенкова Гүржийн нэрийн өмнөөс олимпод оролцохоо илэрхийлснийг ОУОХ ёсоор болгоод байна. Мөн чөлөөт бөхийн 65 кг-д өрсөлддөг, жиндээ дэлхийн хамгийн техниктэй бөх гэж үнэлдэгддэг Ильяс Бекбулатов Узбекистаны нэрийн өмнөөс олимпод оролцохоор болжээ. ОУОХ, Спорт холбоод дэмжиж байгааг ашиглаад тэртэй тэргүй олимпод орж чадахгүй No3, No4 нөхдүүд олноороо иргэншлээ солих магадлал бас байна. И.Бекбулатовт гэхэд л Унгар зэрэг олон орноос санал ирсэн байсан. Тэдгээр улс заавал нэг дагестан бөх оруулна гэж зүтгэвэл олимпийн наадмын бөхийн тэмцээн дагестанчуудын аварга шалгаруулах тэмцээн шиг болох магадлал өндөр байгаа юм.

Ираны тамирчид эх орноосоо зугтсаар

Иран улсад нийгэм эдийн засгийн байдал хүнд, улстөржилт хэрээс хэтэрсэн тул иргэд нь гадны улс орон руу олноороо цагаачилж буй. Гадагшаа чиглэсэн энэ урсгал тамирчдыг ч тойрсонгүй. Шилдэг тамирчин, шүүгч нар нь ээлж дараалан гадагш дүрвэж байна.

Жүдо бөхийн 2018 оны дэлхийн аварга, 81 кг-ын жингийн шилдгүүдийн нэг Саид Моллаей Токиод болсон ДАШТ-д оролцсоныхоо дараа “Эх орондоо буцаж очихгүй” гэсэн нь олон улсын анхаарлыг татсан. ОУЖБХ, ОУОХ спортын төлөөх түүний үнэнч сэтгэл, тэмцэгч чанарыг үнэлж, олимпийн эрхийн оноог нь цуцлахгүй, өөр улсын нэрийн өмнөөс оролцохын тулд тавьдаг болзлыг суллана гэж амалсан. Энэ шилдэг тамирчин Монгол Улсын иргэншил авсныг бид мэдэж байгаа. Ингэснээр 81 кг-ын жингийн өрсөлдөөн эрс ширүүсэх нь тодорхой болсон юм.

Иран улсын цорын ганц олимпийн медальт эмэгтэй тамирчин, таеквондоч Кимиа Ализадех эх орноосоо дүрвэх шийдвэр гаргаснаа Инстаграм хуудсандаа бичсэн нь мөн л олны анхаарлыг татсан. Энэ жил 21 настай, ид ирэн дээрээ яваа тэрээр “Токио 2020” олимпийн наадамд Недерландын нэрийн өмнөөс оролцож магадгүй гэж хэвлэлүүдэд бичиж байгаа. 2016 оны Риогийн олимпоос 17-хон насандаа таэквондогийн 57 килограмм жинд хүрэл медаль хүртсэн түүнийг авах улс олон байгаа тул яг аль улсыг төлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна. Кимиа Инстаграм хуудсандаа “Би Ираны дарлагдсан сая сая эмэгтэйчүүдийн нэг. Тэд надад хүссэн хувцасаа өмсүүлж, хүссэн тэмцээндээ явуулдаг байсан” гэж бичсэн юм.

Хамгийн сүүлд, Ираны шатрын шүүгч Шохре Баят Шанхайд болсон тэмцээнийг шүүснийхээ дараа эх орондоо буцаж очихоос эмээж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр тэмцээнд үүргээ гүйцэтгэхдээ толгойдоо гивлүүр зүүгээгүй бөгөөд энэ үйлдлээс болж эх орондоо очсон хойноо дарамтад орно хэмээн эмээжээ.

ОУОХ олимпын наадмыг улстөржилтөөс хатуу чанд хамгаална

ОУОХ нь улс төрийн зорилгоор ОХУ, Ираныг шахаж байгаа гэсэн хардлага байгаа нь нууц биш. Тиймээс ОУОХ “Токио 2020” олимпийн наадмыг энэ хэл ам, улстөржилтөөс хол байлгах гэж ихэд хичээж байна. Тиймээс олимпийн үеэр дагаж мөрдөх журамдаа “Дүрэм 50” гэгчийг нэмж оруулжээ. Үүнд “Токио 2020” олимпийн үеэр улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, медаль гардуулах ёслол, тэмцээний үеэр улс төрийн зорилго, шинж агуулсан үйлдэл хийхийг (жишээ нь, өвдөг сөхрөх, гараа өргөх гэх мэт) хатуу хоригложээ.

Өнгөрсөн онй наймдугар сард Перугийн нийслэл Лимад болсон Пан Америкийн наадмын үеэр тамирчид шагнал гардуудах ёслолын үеэр өвдөг сөхрөх, гараа зангидах гэх мэт үйлдэл үзүүлж, түүнийгээ улс орныхоо дотоодод өрнөж буй улс төрийн үйл амьдралтай холбон тайлбарлах зэргээр улстөржиж байсан тул ийм арга хэмжээ авчээ.

Тухайлбал сэлэмчин Рейс Имбоден шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дууллаа сонсохдоо өвдөг дээрээ сөхөрч суусан. Дараа нь үүнийгээ улс орондоо болж байгаа болж бүтэхгүй бүхэнд гутарсандаа, ийм байдалд хүргэж буй Ерөнхийлөгчид сэтгэл дундуур байсандаа ийм үйлдэл хийсэн гэсэн утгатай “жиргээ” олон нийтийн сүлжээндээ оруулсан нь ОУОХ-ны шийдвэрт нөлөөлжээ.