“ТОЙМ”-ын шинэ дугаараас онцлох 9 санаа

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ”  сэтгүүлийн 438 дахь дугаар уншигчдын гар дээр очиж байна. Шинэ дугаарын нийтлэлүүдэд хөндөгдсөн онцлох ЕСӨН САНААг хуваалцъя.

 

Санаа 1: Жагсаал цуглаан, уур бухимдалгүй хавар

Шинэ коронавирусийн халдвар нь дэлхийн улс орнуудын дотоодын үймээн самууныг автоматаар дарсан. Үймээн самуунтай байсан олон газар одоо зөвхөн энэ халдварыг хэрхэн даван туулах вэ гэдэгт л анхаарлаа хандуулах боллоо. Манайд ч мөн адил жагсаал цуглаан, хаврын синдром гэдэг ойлголт мартагдав. Уг нь сонгуулийн жилийн өдийд Сүхбаатарын талбай жагсаал цуглаан, уур хилэнгээр дүүрдэг. Харин энэ удаад улс орон даяар амар амгалан байдал ноёлж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн гол үнэт зүйл ч гэлээ улс төрийн тогтвортой байдал үүнээс дутахгүй чухал. Коронавирусийн халдвар нь Монголын улс төрийн тогтвортой байдал, нийгмийн сэтгэл зүйд ч ийнхүү эерэгээр нөлөөлж байна. Жагсаал цуглаан, хэрүүл тэмцэл, уур хилэн буцалж байх ёстой энэ цаг үед эсрэгээрээ амар амгалан, нэгнээ хайрлаж энэрсэн, санаа тавьсан, үүргээ ухамсарласан, төрийн албан хаагчдаа хүндэлж, бахархсан, нийтээрээ аюулт өвчний эсрэг тэмцсэн байдалтай байна. Эв нэгдлээ бататгаж, тусгаар тогтносон улс гэж ийм л байдагсан.

Тоймч С.Шийлэгтөмөр

“ТИТЭМ ВИРУСИЙН ОЛЗ” нийтлэлээс...

Санаа 2: Манай улс агротерроризмын хохирогч болдог уу?

Орчин үед биотерроризм нь хүн хөнөөхөөс илүүтэй эдийн засгийн зорилгоор явагддаг болсон байх магадлал өндөр. Британид гар хөл амны өвчин гарахад аялал жуулчлалын салбар нь унаж таван тэрбум ам.долларын хохирол учирсан. Нийт хохирол нь 24 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тооцоо бий. 2003 онд БНХАУ-д SARS өвчин гарахад мах, махан бүтээгдэхүүний салбарт 7.6 тэрбум ам.долларын алдагдал учирч, 2.8 сая ажлын байр хорогдсон жишээ бий. Манай улсын хувьд биотерроризмын хохирогч болдог байхыг үгүйсгэхгүй. Хоорондоо холбоотой, сэжиг таамаг үүсгэмээр баримтууд бий. Жишээ нь, Хоёр хөрш манайхаас малын мах экспортлохдоо “Тухайн бүс нутагт сүүлийн таван жилд халдварт өвчин гараагүй байх” гэсэн болзол тавьдаг. Гэтэл шалгуур хугацаа дуусахын өмнөх жил малын гоц халдварт өвчин гарсан тохиолдол хэд давтагдсан. Улмаар энэ салбарт БНХАУ-тай хамтарсан үйлдвэрүүд байгуулахаар тохирсны дараа л манайхаас мах авах шалгуур үзүүлэлтүүдээ зөөллөсөн байх жишээтэй. Малын гоц халдварт өвчнийг вакцин импортлогчдын хийж байгаа ажил гэж дотоодоосоо буруу хайсан бас нэг таамаг явдаг. Харамсалтай нь үнэнийг тогтоох боломжгүй. Дэлхийн хэмжээнд ч биологийн халдлага болсон нийт тохиолдлын гарал үүсэл, замыг нь тогтоож чаддаггүй байна.

Тоймч Х.Батсайхан

“БИОТЕРРОРИЗМ...” нийтлэлээс...

Санаа 3: Оюутолгойн гэрээг сайжруулж чадаагүй ч ТУЗ-ийг өөрчилж чадна

Гэрээг сайжруулах, “Рио Тинто”- той хэлэлцээрийн ширээний ард суух нөхцөл тийм ч амар бүрдэхгүй байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сар хүрэхгүй хугацааны өмнө хэлсэн. Уг нь “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд баталсан. “Рио Тинто” ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ хугацаанд чадаагүй гэрээг үлдсэн хугацаанд сайжруулна гэвэл үлгэр гэлтэй. Харин үүнтэй зэрэгцээд “Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх тухай яриа гарсан нь арай үнэмшилтэй хүлээлттэй байж болохоор. Одоогоор “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр Н.Багабанди, Г.Батсүх, Ц.Түмэнцогт нар ажиллаж байна. ...Харин салбарын сайд эдгээр гишүүдээ үүргээ гүйцэтгэхгүй байна гэж үзжээ.

Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ

“ОЮУТОЛГОЙГ ОРООСОН ОЙРЫН ГУРВАН АСУУДАЛ” нийтлэлээс...

Санаа 4: Намуудын дотоод тэмцлийг хурцатгах сонгууль

УИХ-ын сонгуулийг томсгосон 29 тойрогтой мажоритар тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, олон мандаттай томсгосон тойрогт нэг намын 2-3 нэр дэвшигч өрөөл бусадтай ч, өөр хоорондоо ч өрсөлдөхөөр болсон. Хэдийгээр тэд нэг фракц болж өөр нам, эвслийн нэр дэвшигчтэй өрсөлдөхөөр ойлгогдох ч үндсэндээ сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш бүгд өрсөлдөгч болно. Харин тухай тойргийн сонгуулийн менежер, намын хороо нь өөрийн намын 2-3 нэр дэвшигчийн сонгуулийн ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Хүн бүр өрсөлдөгч болсон ийм үед намын хороо бүх нэр дэвшигчдээ ижил тэгш дэмжихийг хичээх ч гэлээ өөр сонирхол үйлчлэх нь мэдээжийн асуудал. Сонгууль зохион байгуулагчийн аль нэгийг нь дэмжих сонирхол хийгээд нэр дэвшигчдийн ямар ч аргаар хамаагүй ялах сонирхол бас бий. Энд эсрэг намын нэр хүндтэй өрсөлдөгчтэй нэгдэж, хамт ялах сонирхол үүсэхийг ч үгүйсгэхгүй. Намын дотоод тэмцлийг хурцатгах сул талтай гэдэг томсгосон мажоритарын сонгууль дахь намын даргын далд нөлөө их байна.

Нийтлэлч Б.Цэнд-Аюуш

“Томсгосон мажоритар дахь намын даргын далд нөлөө” нийтлэлээс...

Санаа 5: Дөрвөн уулын дундах хагас зууны амьдрал...

Бид чинь долоон сарын эхээр сургууль дээрээ цуглаад үс, гэзгээ авахуулан карантилагдаад 1975 онд цэргийн дээд сургуулийн курсант болоод түүнээс хойш 2013 он хүртэл 39 жил, найман сар, 15 хоног зэвсэгт хүчинд алба хаасан байдаг. Зэвсэгт хүчинд алба хаахдаа салаан захирагчаас ангийн захирагч , сонсогчоос хурандаа хүртэл цол, форм авч, албан тушаал хашсан цэргийн хүн. Дундуур нь ЗХУ-ын Ленинград хотын Тээврийн академид 4 жил суран цэргийн мэргэжлээрээ явсан. Сургуулиа төгсөөд Буянт-Ухаад байсан Ардын армийн авто жолоочийн сургууль буюу 107 дугаар анги гэхээр хүмүүс андахгүй мэддэг жолооч нарыг армид бэлтгэж байсан тэр ангид наймуулаа хуваарилагдан салаан захирагчаар ажилласан. Анх томилогдохдоо цэргийн багш болж, тэндээсээ Цэргийн ерөнхий сургууль руугаа эргэж багшаар ирэн сургуульдаа 2010 он хүртэл 20 гаруй жил төрөлх автын тэнхимдээ багш, даргаар ажиллан олон сайхан залуусыг инженер, техникийн мэргэжилтэй болоход нь оролцсон.

Миний суралцсан, ажилласан хугацаа бүгд л Улаанбаатартай холбоотой 50 жил дөрвөн уулынхаа дунд өрнөсөн дөө.

Нийтлэлч Г.Дашдулам

“Улаанбаатарын хүмүүс” сурвалжлагаас...

Санаа 6: Шашны баяр хүртэл цар тахалд захирагдана

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор баяр ёслолыг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлдэг жишиг тогтоод байна. Тэр бүү хэл шашны баярууд ч энэ жишгийг дагах байдал үүсч магадгүй болжээ. Жишээ нь католик шашинтнуудын зорьж очдог Гэгээн Петрийн талбайд цуглахыг Итали улс хатуу хориглосон бол Саудын Араб дахь Меккад лалын мөргөлчид энэ жил цуглахгүй байж магадгүй байна.

Меккад өнгөрсөн жил гэхэд хоёр сая сүсэгтэн ирж байсан тул энэ жил энэ хэмжээний хүн цуглавал вирусийн дэгдэлт туйлдаа хүрэх эрсдэлтэй юм. Гэхдээ Саудын Арабын эрх баригчид энэ талаар тодорхой шийд гаргаагүй л байна. Меккад болдог цуглаан хэзээ ч цуцлагдаж байгаагүй бөгөөд дэлхий даяар 100 сая хүн нас барсан испани ханиад дэгдсэн 1919 онд ч болж л байв. Саудын Араб Хадж хэмээх энэ үйл явдлаас 12 тэрбум ам.долларын ашиг олдог гэнэ.

Тоймч Х.Батсайхан

“Сул зогсож буй дэлхий” нийтлэлээс...

Санаа 7: Профессор Пнинийг унших шалтгаан

Үйл явдлуудын хоорондох эмх замбараагүй эргэлтүүд нь сэдвээс сэдэв рүү дамжин орох гайхалтай уран чадварыг нь илтгэн харуулдгаар л Набоков жинхэнэ илбэчин болж таараад байгаа юм. Мэдээж тэр өөрийнхөө төсөөлөхүйн чинадад цөлөгдсөн зохиолч бөгөөд тэндээсээ огт санаанд оромгүй явдлуудыг нээж зохиолдоо маш энгийнээр шигтгэж өгдөг. Утга зохиолын цоо шинэ чиглэлийг үүсгэх В.Набоковын хүсэл мөрөөдөл, хэлний төгөлдөржилт нь "Профессор Пнин" романд зүй ёсоор биелсэн гэж судлаачид дүгнэдэг. “Хүний зовлон нохойг баярлуулахаас татгалзах шалтгаан болох ёсгүй шүү дээ” гэдэг шиг л өөрийн “би”-г өдөөж, эрээвэр хураавар зүйлсээс эмх цэгцийг олж нээхийн тулд Набоковын гайхалтай бүтээлүүдийг уншихад бүхий л цагаасаа зарцуулна гэхээс татгалзах шалтгаан хэнд ч байхгүйсэн.

Нийтлэлч Б.Алтанхуяг

“Цөлөгдсөн илбэчин ба профессор Пнин” нийтлэлээс...

Санаа 8: Ах дүү Японы ард түмнээс ичихүй...

Өмнө нь Монгол-Японы найрамдлын бэлгэдэл нь ноолуурын “Говь” комбинат байлаа. Өнгөрсөн хоёр жилийн дотор “Говь”-иос илүү ач холбогдолтой хоёр том бүтээн байгуулалтыг японууд бидэнд босгож өгсөн нь Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудал, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлэг. Харамсалтай нь японууд бүтээн байгуулаад бидний мэдэлд өгснөөс хойш уг эмнэлгийн байдал доройтож эхэлжээ. Хүнд сурталтнуудын мөчөөрхөлцөөн, үл ойлголцлоос болж бүр төсөв нь хүртэл тасалдав. Үр дүнд дэлхийн жишгээр босгоод өгсөн эмнэлгийн үйл ажиллагаа тасалдав. Ичгүүртэй хэрэг. Уг нь энэ эмнэлгийг ах дүү Японы ард түмний татварын мөнгөөр Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө барьж өгсөн юм.

“Редакцын зурвас”

 

 

Санаа 9: Цөмийн дайнаас илүү бодитой аюул

Улс орон бүр аюулгүй байдлаа хангахдаа учирч болзошгүй аюулыг эрэмбэлж, тэр эрэмбийн дагуу ач холбогдол өгч бэлэн байдлаа хангадаг. Тэгвэл энэ эрэмбэд биологийн аюулгүй байдлын эзлэх байр үлэмж нэмэгдэх, магадгүй цаашид хамгийн чухал нь болох магадлалтайг коронавирусийн дэгдэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдал харуулж байна. Энэ байдал шинэ мянганы заагаас эхлэн олон улсын аюулгүй байдалд хамгийн их аюул занал учруулдаг хүчин зүйл болсон алан хядах ажиллагаанд ч тусгалаа олох эрсдэлтэй тул улс орон бүр онцгой ач холбогдол өгөх болжээ. Биотåрроризмын гэмт õэрэг нэмэгдэж байна АНУ-д энэ төрлийн гэмт хэрэг байнга өсч байгааг тус улсын ТТГ-ын дарга асан Ж.Вулси хүлээн зөвшөөрч ярилцлага өгч байжээ. Түүний хэлснээр, ХХ зуунд АНУ-д биологийн агентыг зөвшөөрөлгүй хэрэглэсэн 100 гаруй тохиолдол бүртгэгдсэний 19 нь алан хядах гэмт хэргийн шинжийг агуулж байсан аж. Аз болоход, үй олноор хөнөөх зорилготой дээрх халдлагуудын нэг нь ч амжилттай болоогүй гэнэ. 19 тохиолдлын найм нь л хүний амь насанд хохирол учруулжээ (29 хүн нас барж, 31 хүн хохирсон).

Биотерроризм, биологийн дайны талаарх мэдээ баримтыг судалж үзэхэд шинжээчид юуны түрүүнд “Цөмийн дайнаас илүү бодитой” гэж дүгнэсэн нь анхаарал татна. Үнэхээр ч барууныхны сурталчилдаг шиг БНАСАУ ч юм уу, аль нэг улс, эсвэл алан хядагчид цөмийн зэвсгээ АНУ руу чиглүүлчихээд товчлуур дарахаас илүүтэй биотерроризм буюу биологийн агент ашиглан халдлага үйлдэх нь хавьгүй амар гэдэг нь үнэн аж.

Тоймч Х.Батсайхан

“БИОТЕРРОРИЗМ...” нийтлэлээс...


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ