Ногдол ашгаа авах 5 алхам & асуулт

Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монгол Улсын 2.5 сая иргэн, бизнес эрхлэгч эзэмшиж буй. Эдгээр иргэнд тус компани анх удаа ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж, ирэх тавдугаар сараас олгохоор болсонтой холбогдуулан мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийг 2010 онд байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2012 онд шийдвэр гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцаанаас иргэн бүрт (2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө цтөрсөн бүх хүнд) нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа тараасан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон байдаг. Харин энэ хувьцаанд анх удаа ногдол ашиг тараах гэж буй үед хуурамч мэдээлэл газар аваад байгаа юм.

Facebook буюу сошиал орчинд 1072 хувьцаатай холбоотой 50 гаруй хуурамч пэйж хуудас, 30 орчим групп иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээллүүдийг цацаж байна гэж тус компаниас сэрэмжлүүллээ.

“1072 хувьцааг өндөр үнээр авна, зарна” гэсэн олон зар сошиал орчинд цацагдаж байгаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.
Мөн Зөрчлийн тухай хуулиар цахим орчинд олон нийтэд санаатай ташаа мэдээлэл түгээсэн хэлбэр бөгөөд энэ төрлийн зөрчил гаргасан иргэнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог байна.

Хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдаалах боломжгүй бөгөөд шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянан баталгаажуулдаг. Гэхдээ зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хувьцаа болон нийт иргэдийн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл цахим хэлбэрээр ҮЦТХТ-д хадгалагддаг байна.

Ногдол ашигтай холбоотой мэдээллийг авах 5 эх сурвалж

  • www.ett.mn вэб сайт
  • 1072 хувьцаа мэдээллийн төв фэйсбүүк хуудас
  • 1800-1072 тусгай дугаар энгийн утасны тарифаар
  • ЕТТ аппликейшн 
  • 158989 мессэж дугаар

Ногдол ашгаа авах эрх үүсгэх 5 алхам

  1. Хувьцаа эзэмшигч иргэн та ett.mn сайтаар орж нэвтрэх хэсэгт дарж регистрийн дугаар болон утасны дугаараа оруулан нэвтрэх боломжтой. Та гар утасныхаа“Playstore”, “Аррstore”-оос “Эрдэнэс-Тавантолгой” гэж хайгаад нэгдсэн бүртгэлийн апликейшнийг татаж суулгах юм байна.
  2. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.
  3. Хэрэв та анх удаа аппликейшнийг ашиглах гэж байгаа бол ногдол ашиг хэсэгт дарж регистрийн дугаар, утасны дугаараа оруулан нэвтэрч орсны дараа дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй. Ингээд та өөрийн хувьцааны тоо ширхэг болон ногдол ашгийн хэмжээг харах боломжтой.
  4. Данс шалгах хэсэгт орж “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл өөрийн регистрийн дугаараа оруулж шалгаарай. Мөн данс нээлгэсэн брокерын компаниа харж холбоо барих мэдээллийг авч болно.
  5. Үнэт цаасны компаниуд хэсэгт орж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй брокерын компаниудын хаяг, байршил, утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон хувьцааны дансаа нээлгэж үйлчлүүлэх боломжтой.

Ногдол ашигтай холбоотой 5 асуулт, хариулт

1. Миний хувьцааны тоо ширхэг хэд байна вэ?

Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнээр дамжуулан иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэнэ. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбогдох, санал асуулгад оролцох боломжтой болох юм.

2. Нас барсан хүний хувьцааг өвлөж авч болох уу?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.

3. Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ?

1068 ширхэг хувьцаатай байгаа бол: 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 9 хувьцаа хасагдсан.

964 ширхэг хувьцаатай бол:
-Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан.

857 ширхэг хувьцаатай бол:
Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.

750 ширхэг хувьцаатай бол :
Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.

527 ширхэг хувьцаатай бол:
2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545 ширхэг хувьцаа хасагдсан.

544 ширхэг хувьцаатай бол:
2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528 ширхэг хувьцаа хасагдсан.

536 ширхэг хувьцаатай бол: 2011.03.11-2012.04.11 хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд хамаарна.

4. Ногдол ашиг хэзээ хэдэн төгрөг өгөх вэ?

Ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны

данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны тавдугаар сарын 1-нээс хойш орно.

5. Дансаа хаана, яаж нээлгэх вэ?

Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед иргэд гадуур гарах шаардлагагүйгээр онлайнаар данс нээлгэх боломжтой болсон. Одоогоор 11 брокерийн компани онлайнаар данс нээж байна.