Б.Дөлгөөн: Компаниуд хүнд байдалд орж, ажилчдаа цомхотгож байна

МҮХАҮТ,  эдийн засагчидтай хамтран  "COVID19: Эдийн засаг дахь нөлөө буюу компани дампуурах, иргэд ажилгүй болох, ядуурал гүнзгийрэхээс сэргийлэх арга хэмжээ” судалгааг хийжээ. Энэ талаараа МҮХАҮТ дээр танилцууллаа. Судалгааны үр дүн болон саналыг эдийн засагч Б.Дөлгөөн танилцуулсан юм. Тэрбээр,

"Сүүлийн хоёр сард гаргаж байгаа нүүрс зэсийн хэмжээ бүгд буурсан. Эхний хоёр сард 190 сая ам.доллараар буурсан. Арванхоёрдугаар сар хүртэл энэ хэмжээгээ нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй. Зэсийн ханш ч улсын төсөвт төсөөлснөөс буурсан байна. Ингэхээр төсвийг тодотгох нөхцөл зайлшгүй үүслээ. Монгол Улс эрүүл мэнд талаасаа сэргийлэх арга хэмжээгээ маш  сайн авч байгаа. Гэвч энэ нь эргээд эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг, аж ахуйн нэгж, ажлын байранд ямар хүндрэл үүсэж байгааг бодитоор харж, арга хэмжээ авмаар байна. Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүн дээр татварын хөнгөлөлт үзүүлэхээс өөрөөр Монгол Улс эдийн засагт интервэнц хийгээгүй байна. ДНБ-тэй харьцуулахад ямар  мөнгө гаргаагүй. Хонг Конг, Японд урьдчилсан сэргийлэх арга хэмжээ эдийн засагт нь нөлөөлсөн  тул зах зээлдээ интервэнц хийж байна. Монгол Улс эдийн засагт  үзүүлж буй нөлөөллийг бууруулахын тулд, ажлын байраа авч үлдэхийн тулд, бизнесийнхнийг дампууруулахгүйн тулд гурван төрлийн арга хэмжээ авах шаардлагатай байна.

1. Нотолгоонд суурилсан бодлого явуулаач. ААН-үүдээ хоёр хуваа. Зээлтэй зээлгүй. Тэр дотор нь нөхцөл байдал нь хүндэрч байгаа юу. Хэдэн хүнийг ажлын байраар хангадаг вэ гэх мэтээр нь ангилна. Зээлгүй ч гэсэн нөхцөл байдал нь хүндэрч байгаа ААН байгаа. Энэ мэт судалгааг хийж, тодорхой болгомоор байна. ААН-үүдэд үүсэж байгаа нөхцөл байдлаас нь шалтгаалж арга хэмжээ авах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, байгаа оносон арга хэмжээ авах хэрэгтэй. Хавтгайруулсан арга хэмжээ нөлөөлөхгүй.

2. Иргэдэд анхаараач. Сүүлийн хоёр сард ажилгүй болсон хэдэн хүн байна вэ гэдгийг тодорхой болгож ажилгүйдлийн тэтгэмжийн санг яаралтай нэмэх хэрэгтэй. Ажилгүйдлийн тэтгэмж авахад хүндрэлгүй, бичиг цаасыг багасгах хэрэгтэй. Онцгой нөхцөл байдал үүсэхэд сул зогсолт хийхэд үндсэн цалингийн 60 хувийг олгодог. Гэвч сул зогсолтын 60 хувиа өгч чадахгүй болоод ажилчдаа халж байгаа хэчнээн байгууллага байна вэ. Энэ мэтийг судалж тодорхой болгож ажлын байраа хадгалмаар байна. Энэ 60 хувийн 50 хувийг ядаж төрөөс гаргамаар байна. Малчид руу чиглэсэн ноолуурын 300 тэрбум зээл олгоно гэж байна. Энэ зөв шийдвэр мөн үү гэдгийг эргэж харах хэрэгтэй. Өнөөдөр улсын хэмжээнд ядуурал 28.4 хувь байгаа. Энэ нь 907 мянган хүн ядуу байна гэсэн үг. Эдгээр хүний 63 хувь нь хот суурин газар байна. Хот, суурин газрынхны орлогын  бүтцийг харахад цалин, тэтгэвэр байдаг. Хөдөөнийхний хувьд хөдөө аж ахуйгаасаа орлого олдог. Ийм байхад  бизнесүүд дампуураад хүнээ халж, цохотгоод байвал ядуурал дахиад ч нэмэгдэнэ. Тэр хотод байгаа 63 хувь чинь бүгд ядуучуудын эгнээнд элсэнэ. Ядуурал улам гүнзгийрнэ. Нэмээд 400 мянган хүн ядууралд орох эрсдэл байна. Энэ судалгааг гаргаж ирээд бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй.

3. Одоо байгаа нөхцөл байдлаа бүү дордуулаач. Бизнесүүд дампуурахаас нь өмнө арга хэмжээ аваач. Долоо долоо хоногоор харж үйлдэл хийх биш. Дараагийн саруудын нөхцөл байдлыг төлөвлөж арга хэмжээ аваачээ гэж хүсмээр байна” гэсэн юм.