У.Хүрэлсүх: Манай нам хүнээр дутдаг нам биш. Харин итгэлээр дутдаг нам

МАН өчигдөр Бага хурлаа цахимаар хийж 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх намаасаа нэр дэвшигчдэдээ гурван шалгуур тавина гэдгээ мэдэгджээ.

  1. Ёс зүйтэй, эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг нэр дэвшүүлнэ.
  2. Итгэлтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Улстөрд баг болж тоглоход итгэл хамгийн чухал. Сонгуулиар бид багийн тоглолт хийнэ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортод багийн бүх гишүүн зэрэг талбайд гарч тоглодоггүй. Тэрэнтэй адил бидний зарим нөхөд маань энэ сонгуулиар талбайд гарахгүй, сэлгээнд сууж таарна. Багийн спортод ялсны дараа бол харин талбайд гарсан, сэлгээнд суусан бүх тамирчид медалийн тавцанд зогсдог. Тэрэнтэй адил МАН яллаа гэхэд үр дүнг нь улсаараа хүртэнэ. Тэрхүү улс дотроо МАН-ын бүх гишүүн багтана. Манай нам бол хүнээр дутдаг нам биш. Манай нам бол итгэлээр л дутдаг юм.
  3. Ажил, амьдралын туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ. Өнөөдөр Монголд байгаа улс төрийн намууд дотроос ажил, амьдралын туршлагатай нь ганц МАН. Тийм учраас ард түмэн манай намыг “Ах нам” гэдэг. Өнөөдөр бид Бага хурлаа цахимаар хийгээд сонгуульд дангаараа оролцоно, ачааг дангаараа үүрнэ, хожмын хариуцлагыг дангаараа хүлээнэ, хэнтэй ч хуваалцахгүй гэж шийдэж байна гэдэг бол манай нам үнэхээр “Ах нам” болохын нэг шинж.  Бид ард түмнийхээ нэрлэсэнээр “Ах нам” шиг байх нь МАН-ын үүрэг. Энэ гурван зарчим бол МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавих үндсэн шалгуур.