АНУ-д талийгаачийн эд эрхтнийг ар гэрийнх нь зөвшөөрөлгүй худалддаг этгээдийг барьжээ

Эх, охин хоёр нийлж, нас барсан хүмүүсийн эд эрхтнийг ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр донор болгон худалддаг байсан хэрэг АНУ-д гарчээ. Тус улсын Хуульзүйн яамны албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлсэн байна.

Ширли Коч, Меган Хесс нар Колорадо мужийн Монтроуз тойрогт “Sunset Mesa” хэмээх нэртэй оршуулгын товчоог 2009 онд нээсэн байна. Улмаар нэг их удалгүй донор эрхтэн нийлүүлдэг буяны байгууллага давхар ажиллуулж, 2010-2018 онд олон удаагийн хэрэг үйлдсэн аж. АНУ-д шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хүний эд эрхтэн, биеийн хэсгүүд хэрэглэгддэг. Эх, охин хоёр товчооных нь шугамаар орж ирсэн цогцсуудыг ийм хэрэгцээтэй газруудад худалддаг байсан аж. Ингэхдээ ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй нууцаар хийдэг байжээ.

Талийгаачийн ар гэрийнхэнд чандар нь хэмээн өөр зүйл өгч хуурдаг байсан аж. Буяны байгууллагынх нь дансаар хэдэн зуун мянган ам.доллар дамжсан гэдгийг тогтоожээ.

Хэргийг үргэлжүүлэн шалгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол 135 жилийн ял авах магадлалтай талаар уг мэдээлэлд өгүүлжээ.