Үндэстний хөрөнгөтнүүд улсаа хөгжүүлдэг

Орчин үед “Капитализм” гэдэг үг нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, зах зээлийн эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн, тэгш боломж гэж ойлгогдож буй. Дэлхийн эдийн засгийн схем бүхэлдээ энэ зарчим дээр суурилж байгаа.

Орчин үед “Капитализм” гэдэг үг нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, зах зээлийн эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн, тэгш боломж гэж ойлгогдож буй. Дэлхийн эдийн засгийн схем бүхэлдээ энэ зарчим дээр суурилж байгаа.

Мэдээж хэрэг, эдийн засгийн аппарат, Үндсэн хууль, сэтгэлгээний ялгаатай байдлаас хамаараад улс орон бүрт өөрийн онцлогтойгоор хөгжиж байна. Гэсэн ч дээр дурдсан ойлголтуудад үндэслэсэн, нийтлэг шийдлүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал, шинээр үүсгэн байгуулагдсан дурын компани цаашдаа ямар ч саадгүй өсөн дэвжсээр үндэсний хэмжээний компани болж томрох боломж олгохыг чармайх болсон. Чухам ийм боломжийг бүрдүүлсэн улсыг “Ирээдүйтэй” хэмээн цоллож, жишиг болгож байна.

Тэгвэл дээрхтэй зэрэгцээд тодорхой салбарт, үндэсний нэг компанийг бодлоготойгоор тордож, дэлхийн хэмжээнд бойжуулах өрсөлдөөн мөн давхар явж буй. Эхнийхээс ялгаатай нь, энэ зорилгыг хэрэгжүүлэх үед тэгш боломж, шударга ёсны тухай ойлголт байхгүй. Төрийн зүгээс зүйл бүрээр дэмжиж, давуу эрх олгодог. Ийм дэмжлэг авсан компани өсч томрон, бусад нь зах зээлээс арчигддаг хуультай. Гэсэн ч хөрөнгө төвлөрүүлэхийн хэрээр шинэ, шинэ технологийг бий болгож, нутагшуулдаг давуу талтай тул “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэдэг зарчмаар цааш үргэлжлүүлэхээс өөр аргагүй болдог. Яг ийм зарчмаар яваад дэлхийн хэмжээний компани бойжуулж, эдийн засгаа босгосон улсууд бий.

“Чэболь”, “Кейрицү” ба түүнийг давтах оролдлого

Японы “Керицү” болон Өмнөд Солонгосын “Чэболь”-ууд нь дэлхийн хэмжээний корпорациудыг төрийн дэмжлэгтэй байгуулж амжилтад хүрсний бодит жишээ юм.

Японы эдийн засаг дэлхийн II дайнаас өмнө “Зайбацү” гэж нэрлэгддэг, эдийн засгийн бүлэглэлүүдийн хяналтад байдаг байв. Дэлхийн II дайны дараа энэ бүлэглэлийн зарим нь устаж, үлдсэн нь дахин зохион байгуулалтад орж, “Японы гайхамшиг” гэгдсэн эдийн засаг, технологийн үсрэнгүй хөгжлийг бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Японы эдийн засгийн хөгжлийн шинэ үе 1868 онд, түүхнээ “Эзэн хаан Мэйжигийн хувьсгал” гэж нэрлэгдсэн тэр шийдвэрээс эхэлсэн гэж үздэг. Эзэн хаан тэгэхэд улсын үйлдвэрийн газруудыг төрийн өндөр албан тушаалтан болон феодалуудад бодит үнээс нь хэд дахин хямдхан худалдсан гэдэг. Зайбацу ингэж үүсчээ (хувьчилж авсан гэр бүлүүдийн гарлыг хөөвөл бүр XII зуун руу орж байна). Эхэндээ дөрөвхөн (“Мицуи”, “Мицубиши”, “Сумитомо”, “Ясуда”) зайбацу байсан бөгөөд охин компаниудаараа дамжуулан Японы эдийн засгийг бүхэлд нь хянаж байв. Мэйжигийн хувьсгалын сул тал нь төрийн өмчийг удам дамжсан баян гэр бүлүүдэд бодит үнээс нь доогуур хувьчилсан явдал байсан. Гэхдээ олон улстай харилцах, улмаар гаднаас баялаг хуримтлуулах маш том асуудлыг шийдэж чадсан юм. Зайбацугийн үйл ажиллагаа төрийн бодлоготой нягт уялддаг байсан бөгөөд тэд үүсээгүй бол жижиг компаниуд энэ том зорилтыг богино хугацаанд хэрэгжүүлж чадахгүй байсан нь гэж үздэг.

Зайбацугийн ашиг сонирхлын нөлөөгөө Япон улс Шёгун Токугавагийн үеэс 200 гаруй жил үргэлжилсэн улсаа тусгаарлах бодлогоо цуцалж, олон улстай худалдаа арилжаа хийж эхэлсэн. Хэдэн жилийн дараа Зайбацугийн салбар компаниуд Шанхай, Парис, Нью -Йорк, Лондон зэрэг дэлхийн томоохон хотуудад худалдааны төлөөлөгчийн газраа байгуулж амжсан байв. Эдгээр компаниуд экспорт төдийгүй импортыг хатуу хянаж байжээ. Мөн гаднын улсуудад ажиллаж, гаднаас баялаг төвлөрүүлдэг болжээ. Хамгийн том бүлэглэлийн нэг болох “Мицуи” 1937 оны байдлаар 230 салбартай байсны 160 нь гадаадад байсныг энд жишээлж болно.

Дэлхийн II дайны дараа АНУ-ын хэсэг хуульчид Монополийн эсрэг хууль боловсруулан холдинг үүсгэхийг хориглосноор зайбацу үгүй болсон байдаг. Тухайн үед “Мицуи” 200, “Мицубиши” 140 салбараа бүрмөсөн татан буулгасан гэдэг. АНУ-ын энэ үйлдлийг “Зайбацугийн хүчин чадал олон улсын түвшинд гарч ирсэн тул хэргээр устгасан” гэж тайлбарлах нь ч бий.

200 жилийн түүхтэй Зайбацу ийнхүү хүнд цохилт авсан ч удалгүй “Кейрэцү” нэрээр дахин зохион байгуулагдаж, одоог хүртэл ажиллаж байна. Санхүүгийн байгууллагыг тойрсон бүтэцтэй байдаг нь “Кейрецү”-гийн онцлог юм.

БНСУ-д эдийн засгийн бас нэг гайхамшгийг хэрэгжүүлсэн “Чэболь”- ууд нь Японы Зайбацутай тун төстэй. Ялгаатай нь төрийн дэмжлэгийг илүүтэй хүртсэн байж болох юм. Дарангуйлагч Пак Жон Хи 1963 онд Ерөнхийлөгч болсныхоо дараа эдийн засгаа түргэн хугацаанд хөгжүүлж, БНАСАУ- ыг гүйцэх зорилт дэвшүүлэн таван жилийн төлөвлөгөөнүүд боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Дансандаа нэг ч төгрөггүй, цэргийн дүрэмт хувцаснаас өөр өмчгүй гэдэг нь амиа алдсаных нь дараа л мэдэгдэж, ард түмнийхээ шүтээн болсон энэ хүн тухайн үедээ улс төрд ч, эдийн засагт ч “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэдэг зарчмаар олон арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Тэрээр эдийн засгаа босгохдоо “Чэболь” буюу бусдаасаа арай дөнгүүр болчихсон компаниуд дээр суурилахаар шийдэж, бодлогоор дэмжиж эхэлснээр “Чэболь” буюу өдгөө БНСУ-ыг, солонгосчуудыг тэжээж байгаа аварга компаниуд, түүнийг бий болгосон элит гэр бүлүүд үүсжээ.

Тэрээр АНУ тэргүүтэй барууны орнуудаас орж ирсэн санхүү мөнгийг томоохон төсөл хөтөлбөрүүдэд хуваарилан, тендерүүдээ “сонгогдсон” хэдхэн компаниуддаа өгч эхэлснээр эдийн засгийн асар их нөөц баялагтай өнөөгийн чэболууд төлөвшиж эхэлсэн байдаг. Өөр бусад компаниуд бий болж байсан ч чеболиуд шиг томрох боломж байсангүй, монополь гэдэг ойлголт бүрэн утгаараа хэрэгжиж байв.

Пак Жон Хигийн үед дөрвөн удаа таван жилийн төлөвлөгөө баталсан бөгөөд гэнэтийн үхлээс нь болоод сүүлийнх нь л хэрэгжээгүй, бусад нь бүрэн хэрэгжсэн юм. БНСУ 1970-аад оны эх гэхэд БНАСАУ-ыг гүйцэж, 1980-аад оны сүүл гэхэд олимп зохион байгуулах хэмжээнд очсоныг бүгд мэднэ. Энэ бол хөгжингүй орнуудын зэрэгт хүрсний баталгаа билээ. 2018 онд БНСУ-ын ДНБ-ий 61 хувийг чеболиуд бүтээж байв. БНСУ 50 гаруй чеболь бий гэсэн тоо байдаг. Харин Японд “Мицубиши”, “Мицуи”, “Сумитомо”, “Фуёо”, “Дай ичи Кангёо”, “Санва”, “Токай”, “Ай Би Жэй” гэсэн найман кейрейцү давамгайлдаг. Дашрамд, Японы хамгийн том компани “Тоёота мотор” дээрх наймын “Токай”-д нь харьяалагддаг.

Өдгөө Кейрицү, Чеболиуд дэлхийн эдийн засагт байр сууриа баттай эзэлж, ДНБ-ий хэмжээгээрээ Япон дэлхийд гуравдугаарт, БНСУ 13 дугаарт жагсаж байна.

Кейрицү, чаеболийн жишгээр үндэсний компаниа тордох бодлого хэрэгжүүлэх оролдлого олон улсад гарч байсан бөгөөд өдгөө илүү далайцтайгаар илүү олон улсад хэрэгжиж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхэлж, улсуудад нэг гараанаас гарах нөхцөл бүрдсэнтэй холбоотойгоор технологийн салбарт өөрийн гэсэн онцлогтой чэболь, кейрицү бойжуулах төсөл улс бүрт явж байгаа юм.

Хийх ёстой өөрчлөлт

Зарим улсад хүчирхэг, том аж ахуйн нэгж нь тухайн улсынхаа бахархал, иргэдийнхээ амьдралын нэг хэсэг, үнэ цэнэ болсон байдаг. Гэхдээ энэ ойлголтод төгс зохицохын тулд тухайн компани зөвхөн татвар төлж, улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрэх хангалтгүй. Өөр илүү зүйл хэрэгтэй болдог. Тэр нь хөрөнгийн зах дээр хувьцаагаа нээлттэй арилжаалах явдал юм. Улсынхаа нэрийн хуудас болсон хүчирхэг компаниуд олон нийтийн байх нь олонтаа. Ингэж байж тухайн улсынхаа бахархал, иргэдийнхээ амьдралын нэг хэсэг, үнэ цэнэ болно. Дээр өгүүлсэн Кейрицү, Чеболиуд ч энэ жишгээр явсан.

Японд энэ өөрчлөлт дэлхийн II дайны дараа, америкчуудын оролцоотойгоор хийгдсэн бол БНСУ-д 1990-ээд онд болж өнгөрсөн. Үр дүнд нь элит гэр бүлүүдийн эзэмшил 5-10 хувь болтол буурч, үлдсэн хувийг нь тэтгэврийн сан, жижиг хувьцаа эзэмшигчид буюу нийт ард иргэд нь эзэмших болжээ. Иргэд нь өөрсдөө эзэн болсноор компанийнхаа төлөө санаа зовно, харилцаа нь бэхжинэ. Адаглаад л өөрийнхөө компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэе гэсэн сэтгэлгээ илүү бодитой суудаг, энэ нь эргээд компанид нь хөрөнгө оруулалт болдог байх жишээтэй.

Санал шүүмжлэл, давуу талууд

Том компани хөгжил дэвшлийг бий болгодог бол жижиг компаниуд ажлын байр бий болгодог гэж үг бий. Нэгдмэл том компаниуд хэмнэлтийг дээд зэргээр хийдэг давуу талтай. Хамгийн бага зардлаар, хамгийн цөөн ажиллах хүчээр их ажил амжуулах боломжтой байдаг. Энэ утгаараа ажлын байрны олдоц ховордож, ажилгүйдэл өсөх үед БНСУ-д “Чеболиудыг задлая. Бусад компаниудад өрсөлдөх боломж олгоё” гэсэн санал шүүмжлэл өрнөдөг. Гэвч ингэж задлавал өрсөлдөх чадвар нь буурч, үнэ цэнэ үгүй болно гэдгийг бүгд ойлгодог учраас тэгсгээд намждаг байна.

Улсынхаа эдийн засагт том байр суурь эзлэхийн хэрээр компаниуд улсын эдийн засагт нөлөөтэй болох нь жам ёсны үзэгдэл. Тэд аль хэдийнэ олон улсын зах зээлд гарсан байдаг тул тогтвортой байдлыг хүсдэг. Энэ нь улс төрийн тогтвортой байдлыг авчирдаг давуу талтай. Нэг улстөрч мэдэгдэл хийгээд улсынхаа, компаниудынхаа зээлжих зэрэглэлийг уруудуулдаг, Засгийн газраараа тоглож хөрөнгө оруулагчдыг үргээдэг байдал гарахгүй гэсэн үг юм. Хөгжингүй улс орнуудад улстөрчийн хариуцлага ёс зүй өндөр байдаг нь олон улсын хөрөнгийн захад гарсан компаниуд олон байдагтай холбоотой гэж ойлгож ч болно. Өөрөөр хэлбэл, том компаниуд улс төрийг тогтворжуулж, улстөрчдийн хариуцлага, ёс зүйг нэмэгдүүлдэг байна.

Том компанид тулгуурлах нь улсын төсөв компанийн орлого ашгаас хэт хамааралтай болдог явдал юм. 1990- ээд оны сүүлээр БНСУ-даа томд орох зургаан чэболь дампуурч, улсаараа хямарсан түүх бий. Гэхдээ энэ хямралыг улс төрд нөлөөтэй болсон бусад чеболиуд өдөөсөн гэх таамаглал байдаг.

Улсаа авч явдаг компаниуд

2018 онд АНУ-ын “Apple” хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс анхлан их наяд ам.долларын үнэлгээтэй болсон. Зөвхөн “Apple” ч бус, бусад компаниуд ч улам томорч байгааг энэ явдал гэрчилсэн юм.

“RS Components” гэдэг институт дэлхий даяар ямар, ямар компаниуд голлох байр суурь эзэлдгийг тогтоох ялдамд улс болгоны хамгийн том компаниудын жагсаалтыг 2019 онд гаргажээ. Эдгээр компаниуд нь бүгд улсынхаа эдийн засагт гол хувь нэмрийг оруулдаг, нэг ёсондоо улсаа авч явдаг компаниуд юм. Жагсаалтад багтсан компаниудыг салбараар нь ангилбал дараахь дүр дураг гарч ирж байна.

Технологийн компаниудаас “Apple” 961 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр АНУ төдийгүй дэлхийн бүх компаниудыг тэргүүлжээ. “Samsung” БНСУ-ын, “Spoti­fy” Люксембургийн, “Nokia” Финляндын хамгийн том компаниар тодорсон байна.

Газрын тосны салбараас “Enel” Италийн, “OMV Group” Австрийн, “EDP-Energias” Португалын толгой компани болсон бол Европын хамгийн баян улс болох Британийн хамгийн том компаниар банк санхнүүгийн салбарт ажилладаг “HSBC Holdings” нэрлэгджээ. Ер нь дэлхийн хамгийн том компаниудын 73 хувь нь банк, санхүүгийн салбарт байгааг “RS Components” судалгаагаараа нотолжээ.

Албани, Бахрейн, Канад, Хорват, Кипр, Египет зэрэг олон улсын хамгийн том аж ахуйн нэгж нь банк байна.

Хүмүүсийн сайн мэддэг алдартай брэндүүдээс “L’Oréal” Францын, “Ali­baba” БНХАУ-ын, “Nestlе” Швейцарийн, “Shell” Нидерландын хамгийн том компани нь ажээ.