ДЭМБ: АНУ коронавирусийн дараачийн голомт болох магадлалтай

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулснаар, АНУ шинэ коронавирусийн дэгдэлтийн дараагийн голомт болох магадлалтай гэлээ. Өнөөдрийн байдлаар АНУ-д 52 мянга 687 хүн шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар аваад байгаа аж. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын шинэ тохиолдлуудын 40 хувь нь АНУ-д бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл халдварын шинэ тохиолдлоор бусад улсыг тэргүүлсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.

АНУ-д “Covid-19” вирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан зарим муж, тухайлбал Нью Йорк, Иллинойс болон Калифорнийн захиргаа иргэдийг гэртээ байхыг үүрэг болгоод байна. Ойрын хугацаанд иргэдийн хөдөлгөөнд тавих хязгаарлалтыг нэмж чангатгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь коронавирусийн тархалтыг тогтоон барихад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэж эрдэмтэд үзэж байна. Одоогоор 45 мужийн бүх шатны сургуулийн үйл ажиллагаа бүрэн зогссон бол үлдсэн 5 мужид хэсэгчлэн хаагаад байна.

Covid-19” вирусийн дэгдэлт ойрын 10 хоногт хурдацтай нэмэгдэж 70 мянгад хүрч болзошгүй гэж тус улсын судлаачид үзэж байна. Нийт тохиолдлын 50 орчим хувь нь ногдож буй Нью-Йорк хотод 12,3 мянган хүн халдвар авч өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаас эмнэлгүүдэд амны хаалт, эмнэлгийн ор болон шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсэх төлөвтэйг албаныхан анхааруулж байна.

Вашингтоны Эрүүл мэндийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн Covid-19” вирусийн эсрэг “”мРНК-1273” вакцины клиник туршилтын эхний шатыг эхлүүлэв. Амьтан дээр хийсэн туршилтаар өндөр үр дүнтэй болох нь батлагдсан тус вакцины 1 дүгээр шатны туршилт 6 долоо хоногийн турш үргэлжилнэ. Мөн АНУ-ын Хүнсний болон эмнэлгийн бүтээгдэхүүний чанарын хяналтын газар “Cepheid Inc” компанийн бүтээсэн 45 минутын дотор вирусийн халдварыг тодорхойлох чадвартай түргэвчилсэн оношлуурыг баталсан тул энэ 7 хоногоос үйлдвэрлэж эхлэхээр болсон байна.

АНУ өвчний улмаас эдийн засагт үүссэн савалгааг тогтворжуулах үүднээс 1 их наяд ам.долларын өртөг бүхий эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр батлахаар хэлэлцэж байгаа ч эрх баригчид зөвшилцөлд хүрч чадаагүй байна.

“Америкийн банк /Bank of America/”-аас “Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлж байна” хэмээн мэдэгдэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)