Д.Нямхүү: Уушгины хатгалгаатай 28 иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эмнэлэгт байгаа уушгины хатгаагаар өвдсөн хүмүүст коронавирус байгаа эсэхийг тандан судаллаа.

23-нд Алтанбулагийн боомтоор орж ирэн Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт, хяналтад байна. Бид үүргийн онгоцоор ирсэн иргэдээ хянаж шинжилгээ давтан авч байна. Өнөөдөр Истанбулын онгоцоор ирсэн иргэдэд хийж байгаа шинжилгээ үргэлжилж байна.

Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна.  Онош батлагдсан иргэнээс гурван өдөр дараалан шинжилгээ хийж халдвар илрээгүй бол гаргадаг. Бид энэхүү журмыг дагаж ажиллаж байгаа.

Ажиглалтаас гараад гэртээ 14 хоног тусгай дэглэмээр хяналтад гарч иргэд өөрийгөө хуурч болохгүй гэдгийг анхааруулья” гэв. Мөн Франц Улсад монгол иргэн халдвар авсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй тухай хэллээ.