ХӨСҮТ: CoVid19-ийн тохиолдол нэмэгдэж 11 боллоо

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "АНУ халдварын голомтыг тэргүүлж байна. Өчигдөр ЭМЯ, ХӨСҮТ мэргэжлийн байгууллагууд хамтран эрсдэлийн тав дахь үнэлгээг хийхэд манай улсад тархах эрсдэл өндөр байна гэж дүгнэсэн” гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын халдварын тархалтын талаарх гаргасан сүүлийн мэдээгээр 472076 батлагдсан тохиолдол, 21308 нас баралт бүртгэгдээд байна.

Дэлхий дахинд сүүлийн 3 хоногт тохиолдлын тоо 121 мянгаар нэмэгдсэн. Европын бүсэд долоо хоногт 3 дахин АНУ-ын бүсэд 12 нэмэгдэж дэгдэлтийн цөм болоод байна.  Итали, Испани нас баралтын тоогоороо БНХАУ-ын өмнө орж байна. Дэлхийн 150 оронд одоогийн байдлаар зуугаас цөөн тохиолдол бүртгэгдэж байгаа. Гурван тохиолдлын судалгаа хийж байхад цаанаа 36 бол нэмэгдэх эрсдэл байна” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 3500 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 2126 иргэн байна. Өчигдөр 33 иргэн ирж тусгаарлагдсан. Тусгаарлах байранд 309 эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан ажиллаж байна. Тусгай үүргийн онгоц, автобус явж иргэдээ авчрах шийдвэр гарвал, эхний ээлжинд 20 мянган хүнийг хэрхэн тусгаарлах судалгаа тооцоог гарган бэлтгэн ажиллаж байна.Орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд эмч нар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 221 хүнд шинжилгээ хийж дуусахад нэг тохиолдол илэрлээ. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 184 хянагдаж байна. Нэг хүнд нэг өдөрт хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд 800-гаад мянган төгрөг зарцуулагдаж байна” гэв.