6000 ажлын байр цомхотголд өртөөд байна

Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээний ажлын байранд үзүүлж байгаа үр нөлөөний талаар МҮХАҮТ-аас 1504 аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа явуулжээ. 

Судалгаанд оролцсон нийт ААН-үүдийн 67.4 хувьд нь Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ маш их, 22.8 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн байна. Салбараар авч үзвэл, аялал жуулчлалын салбарын 90 хувь, зочид буудал, нийтийн хоолны салбарын 83 хувьд маш их нөлөөлсөн бол энэ үзүүлэлт хөдөө аж ахуйн салбарт 40 хувь, мэдээллийн технологийн салбарт 33 хувь байна.

Үүссэн нөхцөлд байдалд ААН-үүдийн 56 хувь нь ажлын цагийн зохицуулалт хийсэн, 33 хувь нь ажиллагсадаа түр болон бүр чөлөөлсөн байна. Ажиллагсадыг чөлөөлсөн байдлыг салбараар үзвэл зочид буудал, нийтийн хоолны 52 хувь, аялал жуулчлалын салбарын 44 хувь байна. Харин мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 12 хувь нь ажиллагсадаа чөлөөлсөн бол эрчим хүчний салбарын хувьд ажлын байрны тоо өөрчлөгдөөгүй байна.

Мөн ААН-үүдийн 65 хувь нь өндөржүүлсэн бэлэн байдлын шийдвэрээс шалтгаалж, 41 хувь нь үйлдвэрлэл үйлчилгээ буурсантай холбоотойгоор ажлын цаг, ажиллах хэлбэрт тодорхой өөрчлөлт оруулсан байна. Эдгээрийн 46 хувь нь богиносгосон цагт шилжүүлсэн, 35 хувь нь зайнаас ажиллуулсан, 16 хувь нь ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна. Цалин хөлсийн хувьд 63 хувь нь өөрчлөлт оруулаагүй, 36 хувь нь бууруулсан гэжээ.

Ажлын байрыг хадгалахад тулгарч байгаа асуудалд 65 хувь нь орлого буурсан, 42 хувь нь үйл ажиллагаа зогссон, 30 хувь зардлаа бууруулах шаардлагатай болсон гэж хариулсан байна. Худалдаа, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад орлого буурсан нь ажлын байрыг хадгалахад хүндрэл үүсгээд байгаа бол боловсрол, аялал жуулчлал, зочид буудал нийтийн хоолны салбаруудад үйл ажиллагаа зогссон доголдсоноос илүү хүндрэл болж байна. Одоогийн байдлаар судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ойролцоогоор 6000 ажлын байрыг түр болон бүр хугацаагаар цөөлсөн дүнтэй байна.

2020 оны 2-р улиралд үүссэн нөхцөл байдал үргэлжилсэн тохиолдолд судалгаанд оролцсон ААН-үүдийн 30 хувь нь нийт 8000 орчим тооны ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй гэсэн бол зөвхөн 12 хувь ажлын байраа хэвээр хадгална гэсэн байна. Харин ААН-үүдийн 68 хувь нь одоо хэлэхэд эрт байна, мэдэхгүй гэж хариулжээ. Салбараар авч үзвэл, хөнгөн үйлдвэрлэл, зочид буудал нийтийн хоол, үйлчилгээ, аялал жуулчлал салбарт илүү ажлын байрны цомхотгол явуулахаар байна.

Ажлын байрыг хадгалж үлдэхэд ажиллагчдын тооны бүлэг, бизнесийн салбар харгалзахгүйгээр хамгийн чухал дэмжлэг нь төрөөс ажлын байрыг хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Мөн хөнгөлөлттэй зээл, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн хугацааг хойшлуулах нь ажлын байрыг хадгалахад дэмжлэг болно гэж үзжээ.

Эх сурвалж: МҮХАҮТ