“ТОЙМ”-ын шинэ дугаараас онцлох 9 санаа

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ”  сэтгүүлийн 439 дэх дугаар уншигчдын гар дээр очиж байна. Шинэ дугаарын нийтлэлүүдэд хөндөгдсөн онцлох ЕСӨН САНААг хуваалцъя.

 

Санаа 1: Онцгой байдлын дэд хурандаа Ц.Уранчимэг: “Цэрэг хүнийг улс 1000 өдөр тэжээж нэг өдөр ашиглана” гэдэг...

Хэдийгээр энэ үүргийг гүйцэтгэх ёстой албан хаагчид ч гэлээ дотроо айдастай, цочирдсон байдалтай ирсэн. Харин одоо албан хаагчдын маань сэтгэл санаа арай уужирсан. Гэхдээ уужирсан гэдэг нь ажилдаа хандах хандлагаа өөрчилсөн, анхаарал болгоомжоо сулруулсан гэсэн үг биш шүү. “Бид хамтдаа үүнийг даван туулах боломжтой юм байна” гэсэн сэтгэлийн хүчтэй болсон гэсэн үг. Би ч ялгаагүй. “Цэрэг хүнийг улс 1000 өдөр тэжээж нэг өдөр ашиглана” гэдэг шиг олон жил ажиллаж хувцас хэрэглэл, цол цалин урамшууллаар хангагдаж ирсэн учраас үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг ар гэрийнхэн маань ойлгож дэмждэг. Тиймээс энэ удаад ойлгож хүлээж авсан. Харин гэрийнхнээ эрсдэлээс хол байлгах нь миний үүрэг.

ОБЕГ-ын харьяа давтан сургалт, сургалт сэргээн заслын төв, 113-р ангийн захирагч дэд хурандаа Ц.Уранчимэг хурандаа коронавирусийн халдвар илэрсэн улс орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлаж байгаа “Онцгой Жаргалант” амралт, сувиллын газрыг удирдлагаар ханган ажиллаж байна.

Тоймч С.Шийлэгтөмөр

“Баатрууд” нийтлэлээс...

Санаа 2: Цагдаагийн ахлагч Б.Чинбат: Яг халдварын голомт болсон хэсэгт ажиллаж байна...

Манай улс харьцангуй гайгүй байгаа ч бид яг халдварын голомт болсон хэсэгт ажиллаж байна. Ингэлээ гээд ард иргэдээ айдаст автуулж болохгүй учраас хувь хүнийхээ дотоод айдсыг огт ил гаргадаггүй. Бид өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас хойш ХӨСҮТ-д 14 хоногоор ээлжлэн ажиллаж байна. Нэг ээлжид 15 хүн ажиллаж байна. 14 хоногийн хугацаанд энэ 15 хүн гэртээ харихгүй, эндээ байрлана гэсэн үг. ЦЕГаас бидэнд зориулж тусгайлан тоноглосон машин тавьж өгсөн. Хээрийн штабын зориулалтаар ашигладаг, дотроо ор, гал тогоо, амралтын өрөөтэй машин байдаг юм. Гэхдээ энд үүрэг гүйцэтгэж байгаа бүх албан хаагч ороод амрах боломжгүй. Тиймээс тодорхой хуваарийн дагуу машиндаа ороод унтаж амардаг.

ЦЕГ-ын Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл хамгаалалтын цагдаа, ахлагч Б.Чинбат. Тэрээр ХӨСҮТ-ийн гадаа үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Тоймч С.Шийлэгтөмөр

“Баатрууд” нийтлэлээс...

Санаа 3:Халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Жаргал: Энэ үед өөрөөрөө, сонгосон мэргэжлээрээ бахархах сэтгэл төрж байна...

Турк руу явахаас өмнө гадаадаас онгоцоор ирсэн хүмүүсээс халдвар илэрсэн ч гэсэн айх зүйлгүйгээр хамгаалалтаа сайн хийгээд яваад ирсэн. Энэ бол бидний үүрэг учраас хийх л ёстой ажил шүү дээ. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа энэ үед өөрөөрөө, сонгосон мэргэжлээрээ бахархах сэтгэл төрж байна. Иргэд маань ч үнэхээр ухамсартай байна. Сая Туркээс ирсэн иргэд онгоцонд бидний зөвлөмжийг маш сайн дагасан. Харамсалтай нь нэг иргэнээс маань халдвар илэрчихлээ. Бид нар хамгаалах хувцас, хэрэглэлтэй явсан ч гэсэн шинжилгээ өгсөн.

“Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Жаргал. Тэрээр хилээ манахаас гадна элэг нэгт монголчуудаа гадаадаас авч ирэх үүрэг хүлээж тусгай үүргийн онгоцны багт багтан Турк яваад иржээ.

 

Тоймч С.Шийлэгтөмөр

“Баатрууд” нийтлэлээс...

Санаа 4: ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Ж.Улаан: Нууц хугацаагаа дуусахаас өмнө гэртээ харина гэсэн ойлголт байхгүй

Би ХӨСҮТ-д ажиллаад 35 жил болж байна. Олон халдварын дэгдэлтийн үед голомтод нь ажиллаж байлаа...

Дэлхий дийлэхгүй байгаа энэ өвчнийг бид тогтоож байна гэвэл хүмүүс дооглох байх. Гэхдээ манай эмч нар үнэхээр сайн ажиллаж байгаа. Эмч, сувилагч нар маань 14 хоногоор ээлжлэн тусгаарлагдаж коронавирус илэрсэн өвчтөнүүдийг эмчилж байна. Нэг ээлж хоёр эмч, хоёр сувилагч, асрагч, ариутгагчаас бүрддэг. Тусгаарлагдаж 14 хоног эмчилгээ хийснийхээ дараа мөн 14 хоног ажиглалтад байгаа хүмүүсийн адил тусгаарлагдаж байгаа. Одоо бүр энэ хугацааг сунгаад 21 болгохоор болчихлоо шүү дээ. Өмнөх 14 хоногт эмчилгээ хийсэн ажилчид маань одоо өөрсдөө эмнэлэг дээрээ тусгаарлагдаж байгаа гэсэн үг. Халдвартай гэдэг нь батлагдсан өвчтөнийг эмчилж байсан учраас халдварын нууц хугацаагаа дуусахаас өмнө гэртээ харина гэсэн ойлголт байхгүй.

ХӨСҮТ-ийн Шинэ болон сэргэж буй халдварын тасгийн эрхлэгч Ж.Улаан. Манай улсад гаднаас халдвар тээн орж ирсэн 12 хүнийг энэ тасгийн хамт олон эмчилж буй.

Тоймч С.Шийлэгтөмөр

“Баатрууд” нийтлэлээс...

Санаа 5: Нийт ахмадын 67.9 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна...

Данид ахмад нь хөдөлмөр эрхлэхгүй, төрөөс нь бүх төрлийн үйлчилгээг нь үнэгүй байхаар зохицуулж өгсөн бол ахмадууд голлосон Японд ажлын байраар хангаснаар ахмадуудынх нь нийгмийн үзүүлэлт хангагдаж байна. Тэгвэл Монгол Улсад ахмад руу чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээ нь голлодог. Гэвч энэ нь ахуйн хэрэгцээг нь хангах хэмжээнд л байдаг учир ахмадууд гэртээ л өдрийг барахад хүрдэг... Угаасаа ч шат шатандаа нийгмийн халамжийг нэн түрүүнд тавьдаг ужгирсан тогтолцоотой тул ахмадууд гэлтгүй залуучууд нь ажлын байргүй. Үүнийг бас нөгөө талаас нь өмөөрч харвал ар араасаа хөдөлмөрийн зах зээл рүү түрэн орж ирж байгаа залуучуудыг “угтан” авах шаардлага бий тул юун Солонгос, Исланд шиг ахмадыг ажлын байраар хангах... Гэвч Монголын ахмадын холбооноос жил бүр хийдэг дотоод мэдээллийн судалгаагаар нийт ахмадын 67.9 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна гэсэн дүн гарчээ.

Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ

 “Ахмадууд: Бид ба Тэд”нийтлэлээс...

Санаа 6: Дарангуйллын товч зураглал

Амьтад Наполеон хэмээх гахайнаас үхтлээ айна. Тэр гахай хувьсгал удирдан хийсэн Цасан бөмбөг хэмээх гахайг нэг л өдөр хөөж явуулаад, хамаг эрхийг гартаа авсан гахай. Мань гахай найман нохойн гөлөг нүдээ нээх цагаас нь тэжээснийхээ үр шимийг үзэж яваа гахай. Тэр найман гөлөг нь нас биед хүрэх үедээ Наполеоны дохио зангаагаар хэнийг ч тасдаж мэдэхээр хүмүүжсэн ноход болсон юм. Ноход эхлээд гол өрсөлдөгчийг нь хөөж өгнө. Дараа нь фермийн амьтдын үйл хөдлөл бүрийг цагдаж, Наполеоны өөдөөс сөрж хуцаж, мөөрөх, янцгаах ямар ч амьтангүй болгож өгнө. Тэгээд Наполеоны бүл гахайнууд өөрсдийгөө фермийн жинхэнэ эзнээр тунхаглаж, хөөж явуулсан хүмүүстэйгээ наргиж эхэлнэ.

Суут Жорж Оруэл туужийн төгсгөлөө тун энгийн хийсэн: “Одоо гахайнуудын царай яачихаад байгааг асуултгүй болжээ. Гадаа байсан амьтад гахай руу харсанаа хүн рүү, хүн рүу харсанаа гахай руу, мөн дахин гахай руу харсанаа хүн рүү харах боловч юу нь яачихаад байгааг хэлэх боломж аль хэдийнэ үгүй болжээ”. Гайхширсан амьтад маргааш өглөөг хэрхэн угтсаныг бодохоор үргэлж гунигтай санагддаг. Тодорхойгүй, тодорхой зүйл ганц байгаа нь улам тарчиг амьдрал, улам хэрцгий удирдагч тэднийг сэрээх нь ойлгомжтой. Хоржоонтой нь тэд энэ амьдралыг сонгож, бүр тэмцсэн байдаг.

Тоймч Я.Баяраа

“Амьтны ферм”-ийн шөнө өглөө...

Санаа 7: Хятадыг сулруулах хамгийн том хүчин зүйл нь хүн амын насжилт...

2018 онд Хятадын хүн амын 17.9 хувь нь буюу 249 сая хүн 60-аас дээш настай байсан бол энэ тоо 2050 онд 487 сая болж өснө. Тэр үед гурван хятад хүн тутмын нэг нь өндөр настан болох ажээ. Өндөр настны асаргаа, эмчилгээ, тэтгэвэр тэтгэмжийн асуудал Хятадын Засгийн газарт ямар хэмжээний санхүүгийн дарамт үзүүлэхийг төсөөлөөд баршгүй. Хятадын гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтын түрэмгий бодлого, газар нутгийн маргаан, зэвсэгт хүчний хүчин чадал нь нэмэгдэж байгааг Ази Номхон далайн бүс нутгийн аюул гэж тодорхойлох нь бий. Үнэндээ Хятадыг сулруулах хамгийн том хүчин зүйл нь хүн амын насжилт болохыг үгүйсгэх аргагүй. Ши Жиньпин тэргүүтэй тав дахь үеийн удирдагч нар засгийн эрхэнд гарч ирээд бараг 30 жил хэрэгжсэн “нэг хүүхэд” бодлогыг цуцалсан. Хэдий тийм боловч Хятадад өнгөрсөн гурван жилд төрөлт нэмэгдсэнгүй. Хятад эмэгтэйчүүд, залуу хосууд хөдөлмөрийн зах зээлд ажлын байраа алдахыг хүсэхгүй учраас хүүхэд төрүүлж гэртээ суух, хүүхдийн боловсролд мөнгө зарахаас төвөгшөөдөг болсонтой холбоотой гэж тайлбарлаж байна.

Тоймч Г.Ганбаяр

“Хүн амын насжилтын тухай” нийтлэлээс...

Санаа 8: Жоао Салданьягийн баялаг амьдрал...

Спортын түүхэнд сонин содон тохиолдол бишгүй бий. Тэдгээрийн нэг нь хөлбөмбөгийн хүчирхэг гүрэн Бразил шигшээ багийнхаа дасгалжуулагчаар телевизийн тайлбарлагч Жоао Салданья гэгчийг томилж, алдагдаад байсан суу алдраа буцааж авчирсан тухай юм. Дор энэхүү түүхийг өгүүлэх болно.

Тоймч Х.Батсайхан

“Хүн амын насжилтын тухай” нийтлэлээс...

Санаа 9: Энх цагт санаарай!

Хоёр жилийн өмнө ХӨСҮТ-ийн эмч нар тэргүүтэй эмнэлгийн салбарынхан цалингаа нэмэхийг шаардан ажил хаялт зарлаж байлаа. Эмч нар хавраас намар хүртэл төв талбай дээр суулт хийж, үсээ хяргаж, зүйл бүрээр тэмцсэний эцэст цалингаа “шүлэмхэн” нэмүүлсэн. Тэгээд өвөл жамаараа ирж, өвчлөл нэмэгдэх үед өөр өөрсдийн ажилдаа элдэв гомдолгүй дарагдсан. Эдүгээ ч тэд цалин хөлсний талаар ганц үг ганхийлгүй, тангарагаа сахин үхлийн өмнөөс уутан цув углаад очиж байгаа...

Орлуулж болохгүй энэ мэргэжлийн үнэлэмж харин манайд дэлхийн дунджаас 40 дахин бага. Дэлхийд эмчийн жилийн дундаж цалин 152 мянга, сувилагчийнх 67 мянга, эмнэлгийн ажилтны цалин 187 мянган ам.доллар байна. Харин манайд статистикчдын мэдээгээр эмч нарын дундаж цалин дөнгөж л найман зуун мянгыг давж байгаа. Брендийн гутал ч авч хүрэхээргүй цалинтай эмч нараар эрүүл мэндээ хамгаалуулж байж эрүүл амьдрал, хүмүүнлэг нийгмийн тухай үлгэр ярьж, түүндээ итгэхийн хэрэг алга. ДЭМБ-ын дарга Теодрес Жэбрэйсус коронавирусийн цар тахлыг дайнтай зүйрлэсэн. Дайны аюул учраас эмч, сувилагчид маань тангарагаасаа буцахгүй. Гэхдээ тэднийг энх цагт санаарай! Уралдаж амалсан шигээ цалинг нь нэн даруй нугалж өсгөөрэй!

“Редакцын зурвас”