ОХУ-д архины борлуулалт 30 хувиар өсжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 3 дугаар сарын 28-аас 4 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал иргэдийг гэртээ байхыг уриалж, үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гаргасан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэд цэцэрлэгт хүрээлэн болон бусад газар амарч, зугаалах нь эрс нэмэгдэж, архины борлуулалт 30 хувиар өссөн байна. ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин улс орны хэмжээнд кино театр, ресторан, үзвэр болон худалдааны төв зэрэг олон нийтийн газруудыг хаах чиглэл өгсөн байна. Мөн 3 дугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас эхлэн ОХУ-ын хэмжээнд автозам, төмөр зам, усан хил, явганаар орох, гарах хилийн бүх шалган нэвтрүүлэх боомтын хөдөлгөөнийг бүрэн хаах шийдвэрийг гаргав. Энэхүү шийдвэр нь ДТГ-ын ажилтнууд, алсын тээврийн жолооч, усан онгоц болон галт тэрэгний албан хаагчдад хамаарахгүй аж.

Москва хотын захиргаа “Covid-19”-ийн хөнгөн хэлбэрийн халдвар авсан иргэдийг гэрээр эмчлэх бөгөөд шаардлагатай эмийг үнэгүй олгож түргэн тусламж эсвэл сайн дурын ажилтнуудаар гэрт нь хүргүүлэх, ажлын байраа алдсан иргэдэд сар бүр 19500 рублийн тэтгэмж олгохоор болжээ.

ОХУ-д бүртгэгдсэн тохиолдлын 70 гаруй хувь нь өвчлөл гарсан орнуудад зорчсон, харин үлдсэн хувь нь дээрх иргэдээс халдвар авсан хүмүүс байна. Иймд 3 дугаар сарын 31-ний өдрөөс өвчний тархалт өндөр улс орноос татан авч буй иргэдийн тоог хязгаарлахаар тогтов. Журам ёсоор “Шереметьево” нисэх буудлаар дамжуулж хоногт 500 хүртэл, бусад хотууд 200 хүртэл иргэнийг хүлээн авах аж.

ОХУ-д нөхцөл байдал 1 сарын дараа эрс муудах болно хэмээн эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Тус улсын анагаах ухааны доктор, профессор Анатолий Альштейн “ОХУ-д тахлын оргил үе сарын дараа, магадгүй түүнээс хойш болно. Учир нь ОХУ-д тархалт харьцангуй удаан явагдаж байна. Жишээ нь Итали Улсад сарын өмнө нөхцөл байдал харьцангуй тайван байсан боловч одоо маш хүнд байна” гэж мэдэгдэв. Мөн Эрүүл мэндийн сайд М.Мурашко коронавирусний халдвар дотоодоос тархах магадлалтай байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав. Тэрээр нарны гэрэл нь вирусний тархалтад саад хийдэг ч вирус +6 - +8 хэмд хамгийн идэвхтэй байгааг мэдэгдэв. Түүнчлэн халдвар авсан иргэдийн дийлэнх нь 15-40 хүртэлх насны залуус байгаа бол 40-65 насны иргэд удаалж байгаа аж. Тус вирусээр өвчлөгчдийн дунд 17 хүүхэд байгаа аж.

ОХУ-ын Эрүүл мэндийн яам “Covid-19”-ийн эсрэг үр дүнтэй эмүүдийн  жагсаалтыг өөрийн веб сайтад оруулсан нь Лопинавир+ритонавер, хлорохин, гидроксихлорохин, интерфероны төрлийн эмүүд байна. Өвчтөнүүдэд клиник туршилтын шатанд умифеновир, ремдесивер, фавипиравир гэх эмийг зөвхөн эмчийн хатуу хяналтын дор хэрэглэх хэрэгтэйг онцолжээ. Мөн Холбооны Эрүүл мэнд биологийн агентлаг “Covid-19”-ийн эмчилгээнд гели болон хүчилтөрөгчийн өндөр хэмд халаасан хольц үр дүнтэй болохыг тогтоосон байна. Түүнчлэн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн “Фармзащита” төв БНХАУ, БНФУ-ын туршлагыг судалсны үндсэн дээр хумхаа өвчний эсрэг үйлчилгээтэй “Мефлохин” эмийн суурин дээр “Covid-19”-ийн эсрэг эм гарган авсан хэмээн мэдэгдэв. Үүний зэрэгцээ вирусний эсрэг үйлчилгээтэй триазавирин, фавипиравир болон вирусээр өвчилсөн амьтны эмчилгээнд хэрэглэдэг фоспренил гэх эмийн суурин дээр бүтээсэн “Фортепрен” гэсэн эмийг “Covid-19”-ийн эмчилгээнд хэрэглэх боломжтой гэж Оросын ШУА-ийн Эмнэлэг-биологийн салбарын эрхлэгч В.Чехонин үзэж байна.