Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл өргөн барив

Дэлхий нийтийг хамраад буй СОVID-19 цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд оруулсаар байна. Улс орнууд халдварт өвчний улмаас үүссэн эрсдэлийг бууруулах чиглэлээр өөр өөрсдийн эдийн засгийн чадавх, нөөц боломждоо таарсан арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Манай улс ч эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахаар аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд, иргэдийг хэсэгчлэн татвараас чөлөөлөх, хөнгөлөлт урамшуулал олгох, ажлын байрыг хадгалах, хүүхдүүдэд анхаарах тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Тэгвэл Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг УИХ-ын тогтоолоор баталгаажуулахаар УИХ-д өргөн бариад байна. Тодруулбал, коронавируст халдварын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Төсөлд иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлсон байна.