ЭМЯ: 4-5 сард CoViD-19-ын халдварын оргил үе тохионо

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан CoViD-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 207 улсад CoViD-19-ын халдвар бүртгэгдээд байна. Олон улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол их бүртгэгдэж байна. CoVid-19 халдварын тархалт АНУ, Итали, Иран, Испани, Швейцарь, Франц, ХБНГУ-д голомтлон тархаж байна.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарсан ч 14 хоногийн тусгаарлалтад хяналтад байгаа. 12 өвчтөн ХӨСҮТ-д хянагдаж байна. Өчигдөр сэжигтэй тохиолдол илрээгүй.

Одоогоор тусгаарлалтад 2314 хүн, тэдэнд 324 эмч эмнэлгийн мэргэжилтэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Өчигдөр Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 261 монгол иргэн ирснээс ХӨСҮТ-д 37 хүнийг тусгаарласан. Уг нислэгээр 0-2 насны 6 хүүхэд, 3-16 насны 24 хүүхэд, жирэмсэн 17 эмэгтэй, эмчилгээ шаардлагатай 23 хүн ирсэн байгаа.

Эрдэмтэд 4-5 сар CoViD-19-ын халдварын оргил үе болно гэж үзэж байгаа.

Манай 12 өвчтөнд хамар битүүрэх бие арзайх шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Мөн 4-5 хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн. Клиникийн шинж тэмдгүүд бүдэг явагдаж байгаа ч 6-7 хоногт уушгиндаа хатгаатай болох шинж тэмдэг илэрч байна. Тиймээс цаашдаа хүндрэх төлөв гардаг юм байна. Мөн суулгах, ходоод гэдэсний хямрал монгол иргэдэд гарч байгааг албаныхан анхааруулсан" гэв.