Коронавирусийн гол зорилго юу вэ

ОХУ-ын Холбооны анагаах, биологийн агентлагийн халдвар судлаач Владимир Никифоров шинэ төрлийн коронавирусийн зорилгыг таамаглажээ. Тэрээр Владимир Соловьевын ярилцлагын үдэш нэвтрүүлэгт оролцох үедээ энэ талаар ярьсныг видео хэлбэрээр youtube-д байршуулсан байна.

Түүний хэлснээр, вирусийн гол зорилго нь өсөж үржих явдал гэнэ. “Вирус үнэхээр хүн төрөлхтнийг алж хөнөөхийг зорьсон бол өдийд энэ дэлхий дээр хүн аль хэдийнэ үгүй болох байсан” гэж тэрээр онцлоод “Одоо тархаад байгаа вирус бол өвчтэй, гэхдээ амьд биетэд байх сонирхолтой. Хүн үхвэл өөрсдөө ч үхэх учир” хэмээн тайлбарласан байна. Ингэж үзэх болсон шалтгаанаа “Амьд биет бүр аль болох удаан амьдрахыг зорьдог шүү дээ” гэж тайлбарлажээ.

Тэрээр мөн ОХУ-д дэгдсэн халдвар ирэх долоо хоногийн дундаас намжина гэжээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ-д 3548 хүн халдвар аваад байна. Өнгөрсөн 24 цагт 595 тохиолдол шинээр бүртгэгджээ.