АН: Оюутнуудын 2020-2021 оны сургалтын төлбөрийг чөлөөлөх шаардлагатай

УИХ дахь АН-ын зөвлөлөөс коронавирусийн халдварын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Харин уг төслийг УИХ-ын дарга хүлээж аваагүй аж. Тиймээс олон нийтэд танилцуулсны дараа тогтоолын төслийг дахин өргөн барихаар болсон байна.

Энэ талаар АН-ын зөвлөлийнхөн өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Манай зөвлөлөөс өчигдөр өргөн барьсан төслийг УИХ-ын дарга хүлээж аваагүй. Харин бидний дараа Засгийн газраас боловсруулсан төслийг хүлээж авсан байна. Гамшгийн үед улстөржихгүй, хамтарч ажиллая гэсэн хэрнээ Ардчилсан намын саналыг авахгүй байна. Засгийн газраас гаргасан шийдлүүд иргэн, аж ахуйн нэгжээ ялгаварласан. Өөрсдөө дураараа шийдвэрлэж байна. Эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх бодлого алга. Харин сонгуулийн өмнөх амлалт өгч байна. Бид сөрөг хүчин ч гэлээ ард иргэдийн санал, хүслийг шийдвэрт тусгуулах үүрэгтэй. Эдийн засаг 5-6 хувь руу  унах юм шиг байна. Эдийн засгийн хүндрэлийг бодитоор харах цаг болсон. Иргэдээ ажил хийдэг, хийдэггүйгээр нь, аж ахуйн нэгжүүдээ том, жижгээр нь ялгах шаардлагагүй” гэлээ.

АН-ын зөвлөлөөс боловсруулсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах төсөлд таван багц 38 арга хэмжээг тусгажээ. Тухайлбал, улсын төсөвт тодотгол хийх, мөнгөний бодлогыг төсөвтэй уялдуулах, аж ахуйн нэгжүүдийг торгууль, алдангиас чөлөөлөх, жижиг, дунд үйлдвэрүүдийн бараа, материалыг гаалийн татвараас чөлөөлөх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэх, оюутнуудын 2020-2021 оны сургалтын төлбөрийг чөлөөлөх, малчид, тариаланчдын зээлийн төлбөрийг хойшлуулах зэргийг тусгасан байна.

Мөн төрийн цахим үйлчилгээг сайжруулах, зардлын төсвийг Засгийн газар тусгайлан тооцож, УИХ-аар батлуулах, онцгой нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын цалинг гурав дахин нэмэгдүүлж олгох зэргийг тусгажээ.