"Цахим хуралдаанд зориулж УИХ-ын гишүүдэд Ipad төхөөрөмж олгосон"

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх даваа гарагт нээж, цахимаар хуралдана. Энэ талаар УИХ-ын Тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Чуулганы нээлтийг  таван танхимд цахимаар явуулахаас гадна эхлээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх талаар УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан мэдээлэв. Тэрээр "Хаврын чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийдэг. Харин энэ жил амралтын өдөр таарч байгаа учраас дараагийн ажлын өдөр нээхээр болсон. Таван танхимд цахимаар нээлт хийнэ. Үүний дараа Байнгын хороодын хуралдаан эхэлнэ. Хамгийн эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Ингэснээр чуулган цахимаар хуралдах боломж бүрдэнэ” гэлээ.

Мөн чуулганыг цахимаар хуралдуулахад шаардлагатай программ хангамж, техникийн асуудлыг шийдвэрлэж дуусаж байгааг УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа хэлэв. Тэрээр “Цахим хуралдааны нээлтэд холбогдох албаныхныг цахимаар оролцуулах боломжийг бүрдүүлсэн. Цахим хуралдаан зохион байгуулах программ хангамжуудыг суулгаж дуусаж байна. Олон улсын стандартад нийцсэн хэлэлцүүлгийн  болон санал асуулгын хоёр програм хангамж ашиглана. УИХ-ын Тамгын газраас цахим хуралдаанд зориулж УИХ-ын гишүүн бүрт Ipad төхөөрөмж олгосон. Төхөөрөмжийг ашиглаж онлайн хуралдаанд оролцох боломжтой. Төхөөрөмжид бүх программ хангамжийг суулгасан” гэсэн юм.