БААТРУУД: Хилээ манасан байлдагч

Тусгаар улсынхаа хилээр буяныг гаргаж, бузрыг оруулахгүй байх үүрэгтэй хүмүүс бол хил хамгаалах, хилийн мэргэжлийн хяналтын албан хаагчид. Тэд сүүлийн хэдэн сар дэлхий нийтийг айдаст автуулсан цар тахлын халдварыг эх орондоо оруулахгүй байх үүрэгтэй ажиллаж байна. Дархан хилээ манасан эдгээр баатрын нэг нь “Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Жаргал. Тэрээр хилээ манахаас гадна элэг нэгт монголчуудаа гадаадаас авч ирэх үүрэг хүлээж хэдхэн хоногийн өмнө Турк яваад иржээ. Сүүлийн гурван сарын турш амралтгүй ажилласан Б.Жаргал харин одоо тусгаарлах байранд түр амсхийж байна. Түүнд үүнээс өөрөөр амрах боломж үнэндээ олдоогүй.

Жирийн үед би 24 цаг ажиллаад 72 цаг амардаг. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ноос хойш манай албан хаагчид ээлжгүй байсан ч гэсэн өглөө 05.00 цагаас ажил дээрээ очоод шөнө болтол ажиллаж байна. Мөн дээрээс нь штаб дээр ажиллаж байгаа. Бас гадаадаас иргэдээ авч ирэхээр болсон тохиолдолд нислэгийн бүрэлдэхүүнд зарим нь явах гэх мэтээр маш их ачаалалтай ажиллаж байна. Ер нь нислэгт явж ирээд тусгаарлагдах хугацаандаа л амрах боломж гарч байна. Миний хувьд Туркээс иргэдээ авч ирэх нислэгийн бүрэлдэхүүнд багтсан.

Тиймээс одоо зочид буудалд тусгаарлагдаж байна. Дөрөвдүгээр сарын 2-нд тусгаарлалтаас гарна. Энд тусгаарлагдахаасаа өмнө ажлаа тараад гэртээ харихдаа ч өөрийгөө тусгаарласан байдалтай байсан. Яагаад гэвэл, эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа учраас гэр бүлээ эрсдэлээс хамгаалах ёстой. Эрсдэлтэй нислэгүүд хүлээн авч эхэлсэн даруйд хүүхдүүдээ эмээгийнх рүү нь явуулсан. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрч байна. Хүүхдүүдтэйгээ уулзаагүй удаж байгаа болохоор тэднийгээ санаж байна.

Турк руу явахаас өмнө гадаадаас онгоцоор ирсэн хүмүүсээс халдвар илэрсэн ч гэсэн айх зүйлгүйгээр хамгаалалтаа сайн хийгээд яваад ирсэн. Энэ бол бидний үүрэг учраас хийх л ёстой ажил шүү дээ. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа энэ үед өөрөөрөө, сонгосон мэргэжлээрээ бахархах сэтгэл төрж байна. Иргэд маань ч үнэхээр ухамсартай байна. Сая Туркээс ирсэн иргэд онгоцонд бидний зөвлөмжийг маш сайн дагасан. Харамсалтай нь нэг иргэнээс маань халдвар илэрчихлээ. Бид нар хамгаалах хувцас, хэрэглэлтэй явсан ч гэсэн шинжилгээ өгсөн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Новш хичээгээд хичээгээд байхад

    0 0 Хариу бичих
  2. Талархаж байна

    0 0 Хариу бичих