CoVid19: Итали, Испанид нас баралт 11 хувьтай байна

Дэлхий даяар 24 цагийн өмнө нэг сая 13 мянган хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авч, 51 мянган нас баралт бүртгэгдээд байсан. Харин энэ тоо  өнөөдөр өглөө дахин өсөж нэг сая 97 мянган 909 хүн CoViD-19 халдвар авч, 59 мянга 131 хүн нас бараад байна. 

Вирусийн дэгдэлт эхэлснээс хойш нийтдээ  225 мянга 942  өвчтөн эдгэрчээ. 

Вирус голомтлон тархаж байгаа АНУ-д өнөөдрийн байдлаар 276,995 хүн халдвар авч, 7406 хүн нас барж, 9772 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Үүнээс хамгийн олон тохиолдол Нью-Йорк хотод бүртгэгдээд байгаа бөгөөд 57,159 хүн халдвар авч, 1867 хүн нас баран бүрэн эдгэсэн хүн одоогоор байхгүй байгааа аж. 

Испанид коронавируст тахлын улмаас нас барсан хүний тоо 11,198-д хүрсэн байна. Тус улсад дэгдэлт эхэлснээс хойш нэг өдрийн дотор нас барсан хүний тоо хамгийн өндөр байгаа. Өөрөөр хэлбэл онош батлагдсан 119,119 тохиолдлын 11 хувь нь нас баралт болоод байна.

Мөн Италид 119,827 хүн халдвар авснаас 14,681 хүн нас барсан нь Испанийн адил нас баралтын хувь нь өндөр байгаа юм. 

Хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орнуудыг АНУ, Итали, Испани, ХБНГУ, Франц улсууд тэргүүлж байна.