Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлжээ

2020.03.30-04.03-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 676 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 492-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл авчээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэний 2 хүүхэд байна.

Гуравдугаар сарын 31-нд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын 2-р багийн нутаг “Цэлгэрийн бууц” гэх газар шороон замд улсын дугааргүй UB MOTO маркийн Г жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 13 настай, эрэгтэй Г эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад энэ сарын 2-ны өдөр нас барсан  хэргийг  шалгаж байгаа аж.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  8 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 3,2 хувиар өсч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 75 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв эзэлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг  ТЦА-наас анхаарууллаа.