БНХАУ-д Үндэсний гашуудлын өдөр тохиож байна

БНХАУ-д тахлын улмаас амиа алдсан хүмүүс болон бусдын амь насыг авран өөрийгөө золиосолсон эмнэлгийн ажилтнуудын дурсгалыг хүндэтгэн дөрөвдүгээр сарын дөрөвний өдрийг Үндэсний гашуудлын өдөр болгожээ. 

Өнөөдөр Хятад даяар төрийн далбааг бөхийлгөж, олон нийтийн арга хэмжээг цуцалсан байна. 

Өглөөний 10.00 цагт бүх нийтээр дуугаа хураан хүндэтгэл үзүүлсний дээр автомашин, галт тэрэг, хөлөг онгоцууд дуут дохио өгч дурсгалыг  хүндэтгэжээ

Өчигдөр, БНХАУ-ын Хубэй мужийн захиргаа коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг гардан эмчилж байгаад халдвар авч амиа алдсан 14 эмчид баатар цол нэхэн олгосон тухай мэдээлсэн. Шагнуулсан эмч нарын дотор шинэ төрлийн коронавирусийн тархалт эхэлж байгаа талаар олон нийтэд анх зарласан Ли Вэньлян байгаа аж.

Өнгөрсөн оны сүүлээр тахлын голомт болсон Хятад улсад COVID-19 вирусээр 82 мянган хүн халдварлаж, гурван мянга гаруй хүн амиа алдсан юм.