Одтой шөнөөр аялахуй

Сэтгэлийн зовнилтойд тайтгарлыг олох гэж тэртээ алсад гялалзах одод, саран авхайг ажиглан, тэдний ертөнцөд юу байдгийг сониучирхан санаашрах мэт. Оршин буй орчноос илүүтэй сэтгэлийг тайтгаруулах увидас магад тэнгэрт түгсэн од гарагст их буй. Одтой үдэш айлчилж, тайван амгалан ноёлсон тосгоны дээрх тэнгэрийн бодрол дундуур сэтгэлийн зовуурь салхи мэт хуйлран орж үймүүлэх аясыг “Одтой шөнө”-өөс тольдоно. Гэсэн ч хуйлран ирэх салхинд үл сарних оддын ертөнцөд хүрэх хүсэл магад ганцаардлаас ангижрах эрх чөлөөг өгүүлэх мэт. Одонд шүргэсэн газрын ургамал өчүүхэн хүний энэ хүслийг тээн тэнгэр баганадсан байж ч мэднэ. Үр хүүхэдгүй ч бүтээлээрээ “удмаа залгуулах”-аар шийдсэн зураачийн хүслийг гүйцээх “үр үндэс” нь одтой шөнийн тэнгэрийг баганадсан ургамал байх. Гэхдээ зураач уран бүтээлээрээ хүслээ гүйцээхийг хичээсэн ч өөрөө орчлон ертөнцийн агууг мэдрэхээр, тэнгэрийн оддын гайхамшгийг үзэхээр өөрийгөө егүүтгэж, ганцаардлаас, галзуугийн эмнэлгээс “эрх чөлөө”-нд хүрээ юм болов уу.

Магадгүй гунигтайгаар биш аз жаргалтайгаар тэнгэрийн орчлыг бүтээсэн байж болох ч “Одтой шөнө”-ийг бүтээсэн түүхээс тийм биш нь ойлгогдоно. 130 жилийн тэртээд бүтээсэн энэ од сарны өгүүлэмж одоо ч хүн хийгээд хүний ертөнц жижигхэн байгаль ертөнц агууг илтгэсээр. Энэ  агууд хүрэх, хүртэх хүсэл зуун дамжсан ч хэвээрээ байна. Харин үүнийг бүтээлээрээ илэрхийлсэн зураач “эрх чөлөө”-г зорьсныхоо дараа агууд үнэлэгдэв.

Ингээд өнгөрсөн долоо хоногт (гуравдугаар сарын 30) мэндэлсэн өдөр нь тохиосон Голландын нэрт зураач Винсент Виллем ван Гогийн алдарт “Одтой шөнө”-ийг бүтээсэн түүх хийгээд уран бүтээлч, судлаачдын дүгнэлтээс энд онцолъё.

Дэлхийн шилдэг 33 бүтээлд багтдаг энэхүү зургийг Нью-Йоркийн Орчин үеийн уран зургийн музейд тавьсан байна. Ван Гог 1989 онд Сент-Реми хотын сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа энэ бүтээлээ зурсан гэдэг. Зургийг  харж бус харин сэтгэл санаанд нь хадгалагдан үлдсэн дурсамж, төсөөллөөрөө бүтээсэн гэх хүмүүс бий. Гэхдээ үүрийн гэгээнд эмнэлгийн цонхоор харагдах тосгон болон байгалийг дүрсэлсэн гэх таамаглал нь илүү оновчтой гэж үздэг байна. Уг бүтээлийг урлаг судлаачид Ван Гогийн сор бүтээлүүдийн нэг хэмээн үнэлдэг бөгөөд тэнгэр, одод, сарыг нэгэн хэмнэлээр дүрсэлсэн нь сэтгэлийн хөдлөлөөр бус нэлээд тунгааж бодсоны эцэст зурсныг гэрчилнэ гэж үзжээ.

“Одтой шөнө”-ийг тольдоход хамгийн түрүүнд гүн цэнхэр тэнгэр, алтан шаргал од, сар тусаж байгаа нь зургийн амин сүнс гэлтэй. Харин алсад харагдах уулс, түүний бэлд орших тосгон бараг анзаарагдахгүй. Үүгээрээ байгаль дэлхий юунаас ч илүү хүчирхэг гэдгийг харуулахыг хичээснийг судлаачид онцолсон байна.

Энэ тухай астрофизикч Нил Тайсон 2013 онд тус зураг нь тосгон бус, уулс бус, хүн бус харин сансар огторгуйн гүн, тэртээ алсад хөвөх од эрхэс, манай бүдэг цэнхэр цэгийг тойрон бүжих сарыг тодотгон харуулсан байдаг хэмээн бишрэн дүрсэлж байжээ.

Бөөрөнхий хэлбэртэй одод, тэдгээрийг тойрон салхи шиг хуйлран эргэлдэх дүрслэл нь тэнгэрийн заадас, сансар, огторгуй мөнхийн хөдөлгөөнд байгааг харуулсан байна. Цэнхэр өнгөөр дэвсгэр хийсэн нь бүх зүйл тайван тогтуун, ертөнцийн жамын дагуу амьдрал үргэлжилсээр байгааг илтгэжээ. Түүнчлэн Ван Гог уг бүтээлээрээ өөрийн сэтгэл санааны байдлаа илэрхийлсэн нь тэнгэрт шүргэх мэт харагдах ургамал, байшингуудын цонхыг тодруун зурснаар нь илэрхийлэгдэх аж. Ерөнхийдөө энэ бүтээл нь энгийн мэт санагдах боловч нэрт зураач үүгээр дамжуулан ертөнцийг үзэх үзлээ илэрхийлсэн гэдгийг судлаачид онцолжээ. Ван гог амьд байхдаа нэр алдарт хүрээгүй бөгөөд ганцхан зургаа л худалдаж чадсаныг түүний намтраас уншиж болно. Ядуу, зөдүү амьдралтай, эцэст нь сэтгэцийн өөрчлөлттэй болсон тэрээр “Одтой шөнө” бүтээлийнхээ хэсэгхэн газарт хар өнгийг уусган тодруулсан нь өөрийгөө нийгмээс тусгаарлагдсаныг илэрхийлсэн гэдэг.

“Эрх чөлөө”-г зорьсныхоо дараа агууд үнэлэгдсэн зураач

Ганцаардлаас, галзуугийн эмнэлгээс “эрх чөлөө”-г зорьсон хэмээн тодотгосон зураач нь мэдээж Голландын пост-импрессионист  зураач Винсент Виллем ван Гог. Тэрээр 1853 оны гуравдугаар сарын 30-нд мэндэлсэн бөгөөд 37 насандаа амиа егүүтгэж таалал төгсжээ. Тэрээр 16 наснаасаа эхэлж урлагийн бүтээл худалддаг пүүст ажилласан нь хожим түүнийг урлагийн бүтээл туурвихад онцгой нөлөөлсөн гэх нь бий. Улмаар шашны номлолоор хоёр жил суралцаж нэн ядуу бүс нутаг шашин дэлгэрүүлэх газарт ажилласан байна. 1879 онд номлогчийн ажлаасаа халагдсанаар түүний ядуу тарчиг, тэнүүлчин амьдрал эхэлсэн гэдгийг түүний намтарт өгүүлжээ. Тэрээр 1880 оноос уран  уран зургийн чиглэлээр ажиллаж, хааяа байгаль дээр судалбар зурдаг байсан гэдэг. Энэ хугацаанд тосон будгаар уран зураг амжилттай зурж, “Тариачин эмэгтэй”, “Төмс идэлт”, “Нюэненегийн хуучин сүмийн цамхаг”, “Шаахай” зэрэг бүтээлээ туурвисан байна.

1886 онд Ван Гог Парист ирж П.Кормоны урланд суралцан импрессионист чиглэлийг сонгон туурвих болсон төдийгүй Японы алдарт бар зургуудаас суралцжээ. Ингэхдээ өвөрмөц танигдахуйц хэв маягтаа тод өнгө, будалтын хэв маягийг тусгасан байна. Энэхүү шинэ хэв маягаа тэрээр Францын Арльд байхдаа бүрэн хөгжүүлсэн гэдэг. Амьдралынхаа сүүлийн 10 жилийн хугацаанд 2000 гаруй бүтээл туурвисны дотор 900 орчим уран зураг, 1100 зураасан зураг, ноорог бүтээжээ. Хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд бүтээсэн байна. Үүний нэг нь бидний дээр өгүүлсэн “Одтой шөнө” билээ. Гэхдээ тэрээр бүхий л амьдралынхаа турш “Усан үзмийн талбай” гэх ганцхан бүтээлээ л худалдаж чадсан байна. Түүнийг нас барсны дараа бүтээлүүд нь олонд алдаршиж, нэрд гарсан бөгөөд дэлхийн шилдэг 10 зургийн хоёр нь түүнийх болжээ.

Винсент Ван Гогийн уран зургийн хандлагыг ХХ зууны  орчин үеийн модернист урлагийн төрөл болох постимперссионист, экспрессионист, фовист чиглэлийн урсгалын төлөөлөлд хамааруулан үзэх нь бас бий. Улмаар орчин үеийн экспрессионист урлагийн үндэслэгчдийн нэг гэж үздэг.

Эшлэл

Пост-импрессионист зураач Винсент Виллем ван Гог

 Би юуг ч тодорхой мэдэхгүй. Гэхдээ оддыг ширтэх нь намайг гайхшруулж орхидог.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)