Партизанууд хаана явна? (Шинэ дэвшилт холбоо)

Монголын улс төрийн нөлөө бүхий хүчин болох Ардчилсан намын 30 жилийн ой энэ өдөр тохиож байна. Ардчилсан хувьсгалын түүхтэй салшгүй холбоотой энэ намын ойг тохиолдуулан 2014 онд Үндэстний ТОЙМ сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн "Партизанууд хаана явна?" нийтлэлийн хоёрдугаарыг хүргэж байна. 

1990 оны ардчилсан хувьсгалын тугийг өргөлцсөн дөрвөн хүчний нэг нь “Шинэ дэвшилт” холбоо билээ. Сэхээтний гэх имижээр тухайн үедээ ялгаран гарч ирсэн тус холбооныхон шинэ нийгмийг цоглоон байгуулах, ялангуяа эдийн засгийг либералчилах үйлсэд оройлон оролцож, одоо ч зарим гишүүд нь улс орны эдийн засгийн бодлогыг тодорхойлон, хэрэгжүүлэхэд өндөр үүрэгтэй оролцсоор буй юм. Энэ дугаартаа бид тухайн үеийн ШДХ-ны зохицуулагчдын нэг Д.Нэргүй, ШДХ-ны зурагчин гэгддэг сэтгүүлч, дипломатч Т.Энхболд нартай товчхон хөөрөлдлөө. Тэд хувьсгалын үйл хэрэгт хэрхэн татагдан оролцсон талаараа болон ардчилсан хувьсгалын үр дүнд өөрсдийнхөөрөө үнэлэлт дүгнэлт өгсөн юм. 

 

Ахмад сэтгүүлч, дипломатч Т.Энхболд: Бусад улс орнуудын 200-300 жилд туулсан замаас бид 25 жилийг нь туулаад байна 

-ШДХ-ны үйл ажиллагаанд оролцож явсан түүхээсээ манай уншигчидтай хуваалцаач?

Казиногийн гэгддэг Д.Энхбаатар, Ц.Энхтүвшин,  С.Цогтсайхан бид хэд цөм “Мэдээлэл радио телевизийн улсын хороо” гэсэн нэг малгайн дор ажилладаг байлаа. Ардчилал, шинэчлэлийн хөдөлгөөн эхлэхэд энэ байгууллагаас олон ч сэтгүүлч, сэхээтнүүд хамрагдсан даа. Би тэдэн дотроо хамгийн ахмад нь байсан. Тийм ч учраас МОНЦАМЭ-даа үлдэж, ардчиллын үйл явцыг хилийн чанадад мэдээлэх үүрэг хүлээсэн юм. МОНЦАМЭ болон, радио, телевизийн гадаад мэдээний албанд олон жил ажилласан болохоор хувьсгалын үйл явцыг ямар нэг аргаар гадаадад цацдаг л байлаа. Бүр болохгүй бол Японы ЭСЯ-ны хэвлэл мэдээллийн атташегээр хүртэл дамжуулна. Итартасс, МОНЦАМЭ хоёрын хооронд мэдээ дамжуулдаг телефото гэдэг төхөөрөмжөөр мэдээ, зургаа шиднэ дээ. Шинэ дэвшилт холбооны хувьд тэмцэж буй зорилго, мэдэгдлүүдэд нь социализм гэдэг үг огт байхгүй байгаа нь таалагдсан. Бусад хүчнүүдийн хувьд эхэндээ социализмыг өөрчлөн байгуулах, сайжруулах тухай ярьдаг байлаа шүү дээ.

-Ардчиллын ороо бусгаа он жилүүдийг тэмцэлд гар бие оролцож явсны хувьд хэрхэн үнэлдэг вэ?

МҮДН маань МҮАН-д нэгдэж, тэр нь Ардчилсан нам болох үед би тэр хөдөлгөөнөөс ажил үүргийн хувиар ч, сэтгүүлч мэргэжлийн хувиар ч хол явсан. Гэхдээ хараад байхад олон нам нийлсэн болохоор ийш тийш зүтгэлсэн олон толгойтой л харагддаг. 1996-2000 онд 4 удаа засгаа унагасан. Сая бас унагачихлаа. Гэхдээ ингэж алдаж онон байж, гаргасан шийдвэр нь агуу байдаг. Маш хэцүү, эргэлтийн цэгүүдийг хатгадаг. Бусад улс орнуудын 200-300 жилд туулсан замаас бид 25 жилийг нь туулаад байна шүү дээ. Тийм учраас тэгтлээ сэтгэл дундуур царайлж, шогшрох хэрэггүй юм. Баабарын хэлснээр магадгүй одоогийн залуусын үр сад л ардчиллын үр шимийг бүрэн хүртэх болов уу. Дөнгөж хорин тавтай шүү дээ. Одоохондоо хууль, засаглалын хэлбэрээс эхлээд төгөлдөржүүлэх зүйл олон байна. Гэхдээ ардчиллын үр шимээр зөвхөн манай өрх гэрийн амьдрал хичнээн дэвжсэн гэж бодно. Ингэж бодож, талархаж явдаг улс тэмцэлд идэвхтэй оролцож байсан биднийг гэлтгүй энэ улс орны өнцөг булан бүрт бий.

 

МҮИС-ийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн захирал Д.Нэргүй: Дөрвөн жил байтугай нэг сар ч алдаж болохгүй цаг хугацаа улс үндэстэнд ирдэг юм билээ.

-Шинэ дэвшилт холбооны үйл ажиллагаанд эхнээс нь идэвхтэй оролцсон хүний хувьд тэр үеийн үйл явдал, түүхээс хуваалцаач?

Шинэ дэвшилт холбооны түүх 1988 оны есдүгээр сард тухайн үеийн санхүүгийн байгууллагуудад ажиллаж байсан залуусын байгуулсан “Залуу эдийн засагчдын клуб”-ээс эхтэй юм. Энэ клуб Москвагийн санхүүгийн дээд сургуулийг төгссөн н.Сүх-Эрдэнэ гэх мэтийн капитализм, социализмын заагийг олж мэдсэн залуус байсан. 1988 оны 11 сар орчимд болсон уулзалтуудад  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж гээд олон залуус цугларч, тодорхой сэдвүүдээр шийдэл хайж, ярилцдаг байлаа. Тэгээд олонх шийдэл маань засаглалын тогтолцоог өөрчлөх дээр тулж зогсоно. Ингээд 12 сард тэр үеийн Политехникийн дээд сургуулийн багш, манай анхны лидер н.Батсүх багшийн өрөөнд 20 хэдүүлээ уулзалдаж, Эвийн холбоогоо байгуулсан юм. Харин 1990 оны 2 сарын 17-нд “Эвийн холбоо” ба “Шинэ дэвшилт хөдөлгөөн” нэгдэж “Шинэ дэвшилт холбоо”-г байгуулсан. Сар гаруйхны дараа холбооноос маань МҮДН төрсөн дөө. Тэр төвөргөөнт цагийн хамгийн чухал он сарууд гэвэл ийм байна. 1990 оны хавраас бид одоогийнхоор бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэргэд гэр штабаа ажиллуулж эхэлсэн. 1990 оны 5 сард хуралдсан МҮДН-ийн их хурлаар эдийн засгийн либералчилах асуудал болон ногоон хөгжил, нүүдлийн соёл иргэншил хүн төрөлхтний хөгжилд оруулсан том хувь нэмэр болохыг хөндсөн илтгэл тавьж хэлэлцүүлж байлаа. Мөн 1990 онд хурлаараа гаргаж тараасан “Тэмцэхийн учир” бол манай гол баримт бичиг. Одоо санахад тэнд яригдсан олон зүйлс нэг их удалгүй Монголын нийгэмд энгийн ойлголт болон төлөвшсөн. Тухайн үедээ бол ШДХ болон МҮДН-ийн удирдлагад 30 гаруй хүн оройлон явдаг байсан даа.

-Танай холбоо ерээд оны эдийг засгийн шинэтгэлийн үйл явцад идэвхтэй оролцсон талаар бүгд ярьдаг?

Тийм. Манай МҮДН-ийн дарга Да.Ганболд эвслийн засгийн газарт тэргүүн шадар сайдаар ажиллах үед, эдийн засгийн шинэтгэлийг бодлогыг боловсруулах ажилд 7 залуу дайчлагдсан юм. Миний бие, Н.Золжаргал, одоогийн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Р.Амаржаргал, “Хас”-ын гэгддэг М.Болд, н.Тэмүүлэн, Д.Байлыхүү нарын залуус байсан. Тэр үеийн хамгийн том асуудал бол эдийн засгийн хувьд хараат байсан Соц лагер унаж, ЗХУ задарснаас болж эдийн засаг царцан, гадагшаа ч юм гарахгүй, дотогшоо ч юм орохгүй болчихоод байсан явдал. Ийм үед бидний санал болгосон хамгийн чухал шийдэл бол үнийг чөлөөлж, хувиар бизнес эрхлэх боломжтой болгох явдал байсан. Ингэхийн тулд гадаад паспортыг иргэддээ чөлөөтэй олгох зайлшгүй шийдвэр гарсан. Ингээд л одоогийн хөрөнгөтнүүд маань тухайн үед гахай үүрээд наймаанд гарч, бүх юм тэгш гараанаас эхэлсэн дээ. Үүнийг цагаа олж хийсэн нь Монголыг аварсан гэж би санадаг.

Үйл ажиллагаа нь зогсчихсон байсан ААН-үүдийг тоолж, хувьчилж эхэлсэн. Энэ тэргүүнд худалдаа, мал аж ахуй, тэгээд үйлдвэрлэл гээд явъя гэсэн зураглал гаргаад байлаа. Уг нь бол газрын хувьчлалыг ч энд үед санал болгосон ч маш хожуу хийгдсэн. Эдгээр бодлогын жин дарах хэсэг нь хэрэгжсэн ч санхүүгийн зах зээл дээр илүү үр бүтээлтэй ажиллах боломжийг 1992-1996 оны засгийн газар алдчихсан юм. Хөрөнгийн биржээ байгуулж, хүмүүс хувьдаа хувьцаатай болцгоосон. Яг энэ үед хоёрдогч зах зээлээ нээж өгсөн бол дараагийн үе шатандаа орно гэж тооцож байсан ч төлөвлөснөөр болоогүй. Үүнээс болж үйлдвэрүүдийн хувьчлал үнэ хүнд, нэр хүндгүй болсон доо. Дөрвөн жил байтугай нэг сар ч алдаж болохгүй цаг хугацаа улс үндэстэнд ирдэг юм билээ.

Үйл ажиллагаа нь зогсчихсон байсан ААН-үүдийг тоолж, хувьчилж эхэлсэн. Энэ тэргүүнд худалдаа, мал аж ахуй, тэгээд үйлдвэрлэл гээд явъя гэсэн зураглал гаргаад байлаа. Уг нь бол газрын хувьчлалыг ч энд үед санал болгосон ч маш хожуу хийгдсэн. Эдгээр бодлогын жин дарах хэсэг нь хэрэгжсэн ч санхүүгийн зах зээл дээр илүү үр бүтээлтэй ажиллах боломжийг 1992-1996 оны засгийн газар алдчихсан юм. Хөрөнгийн биржээ байгуулж, хүмүүс хувьдаа хувьцаатай болцгоосон. Яг энэ үед хоёрдогч зах зээлээ нээж өгсөн бол дараагийн үе шатандаа орно гэж тооцож байсан ч төлөвлөснөөр болоогүй. Үүнээс болж үйлдвэрүүдийн хувьчлал үнэ хүнд, нэр хүндгүй болсон доо. Дөрвөн жил байтугай нэг сар ч алдаж болохгүй цаг хугацаа улс үндэстэнд ирдэг юм билээ.

-"Тэмцэхийн учир" тань биелсэн гэж үздэг үү? Ардчиллын одоогийн байр байдалд хэр сэтгэл хангалуун явдаг вэ?

Одоогийн нөхцөл байдлыг улс төрийн үүднээс авч үзвэл системийн гажиг үүсчихээд байна гэж хэлж болно. Анх 1990-ээд онд улс нэгдүгээрт байлаа. Тиймээс бид нойр, хоолоо умартан зорилгынхоо төлөө явж чаддаг байсан. Авдаг хэдэн бор юмнаасаа үйл ажиллагаандаа илүүчилнэ. Одоо бол харин эсрэгээрээ. Хүн өөртөө юм илүүчлэхийн тулд улс төрд ордог болж. Цаг хугацаа гэхээсээ баримтлах зарчимын зөрчил. Тэр үед тийм зарчим барьж байсан учраас богино хугацаанд үр дүнд хүрч чадсан. Харин одоо өөрийгөө засахын төлөө төрөө засах гэж оролддог болжээ. Үүнийг засахын төлөө явах хэрэгтэй юм. Ингэхийн тулд сонголтоо зөв хийх хэрэгтэй. Өнөөдөр үнэндээ лидер гээд хэлчихээр хүн надад л лав харагдахгүй байна. Ямар ч бүтцэд үнэт зүйл бүхий, хүчирхэг лидер байж урагш хөтөлдөг. Ингэж ч нэг үзээд, тэгж ч нэг үзээд болохгүй байгаа. Энэ бол намууддаа ч биш, хүндээ байгаа асуудал.

Эдийн засгийн хувьд өнөөдрийг 90 онтой харьцуулахын аргагүй. Бидэнд бүх боломж байна. Газрын доорх баялагаа ухахгүйгээр ч амьдарч чадахаар байна. Хүн өлсөж үхэх ямар ч нөхцөл байхгүй. Элсэн цөлд амьдраагүй шүү дээ бид чинь. Сүүлийн үед ахин хувьсгал хийх нь зөв юм гэж их ярих болжээ. Одоо бол тэгж бужигнах хэрэггүй л болов уу. Үүний үр дагавар их хүнд тусна. Эмх замбараагүй байдлыг хүсэж буй нийгмийн бүлгийнхээ идэш болно. Мэдээж гадныхны гарт орно. Өмнөх нийгмээс авууштай зүйлүүд бас бий шүү дээ. Хүмүүс хариуцлагатай, хэнд найдахаа мэддэг байлаа. Тэр үед байсан зарим чухал хэрэгтэй элементүүдийг энэ үед хэрэглэх учиртай байсан нь одоо харагдаж байгаа. Ардчилал гэдэгт эрх үүрэг, хариуцлага хамт явдаг гэдгийг энгийн иргэдээсээ төрийн түшээд хүртлээ ойлгоогүй өдий хүрчээ. Үүнийг буцааж сэргээхийн тулд магадгүй ерөнхийлөгчийн үүргийг нэмэгдүүлэх хэрэгтэй юм шиг харагдаж байна. Биднийг учраа олохоо болих тусам хилийн чанадад хожоо унана. Африкт самуун тасардгүйн шалтгаан нь энэ шүү дээ. Түүнээс биш америкчууд очоод буудаагүй шүү дээ. Дотор нь хутгаж байгаад нэгийг нь нэгээр нь буудуулаад, хэдэн саяараа хиардаг гашуун туршлага бий.

 

Ялалт ч, ялагдал ч адилхан “новш”

Ардчиллын партизануудад ардын хувьсгалын партизануудын адил нийгмийн халамж олгох тухай хуулийн төсөл явдаг. Санаа нь сайхан ч газар дээр буухдаа асуудал үүсгэж, нийгэмд хагарал үүсгэх магадлалтай юм. Харин үүний оронд олон нийтийн байгууллагын хүрээнд тэтггэмжийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй болов уу. МоАХ-аас л гэхэд өнгөрсөн хугацаанд 95 байрыг партизануудад олгожээ. Жинхэнэ партизанууд одоо хуучин хүрээлэлдээ орохоос жийрхэж, ичиж нэрэлхэх нь их болсон талаар цөөнгүй хүн өгүүлж байв. Нийгмийн өөрчлөлтийн төлөө тэмцсэн, тэмцэж босгосон тэр нийгэмдээ тэнцэх нь одоо өөрсдийнх нь асуудал гэдгийг тэд магадгүй яс махандаа тултал ойлгосон улс. Нэгэн цагийн партизан Ц.Элбэгдоржийн хэлснээр ялалт ч, ялагдал ч адилхан “новш” гэдгийг партизанууд мэднэ...

Үргэлжлэл бий...

 

 

Я.БАЯРАА

Үндэстний ТОЙМ сэтгүүл. 2014 он. №253

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 95 байрыг ямар хүнд өгснийг зарлаад бичээчээ , ингэж худлаа бичиж болохгүй , миний мэдэхийн 3 байрны сураг дуулдсан , тэгээд яг оролцсон хүмүүст өгөөгүй, одоо халамж өгий гэсэн ч бараг 90 хувь нь үхэж далд орчихсон ш дээ

    0 1 Хариу бичих