Хөнөөлт "МАНАН"

Байгалийн манан хийгээд улстөрдчийн нэгдэл МАНАН-гийн тухай энд өгүүлэхгүй. Харин нүдэнд харагдахгүй ч орчин тойрныг харанхуйлан бүрхэж буй хөнөөлт “манан”-гаас сэрэмжлүүлэн хөндөхөөр зэхлээ.

2000-аад оноос Монголд бууриа тавьсан энэ “манан” сарнихгүй, дунд нь орсон хүний тархи оюуныг сорж, ухаан самууруулж, үхэлд ч хүргэдэг хортой. Чадвартай, чадваргүй, мөнгөтэй, мөнгөгүйгээс үл хамааран залуусыг “манан” сорсоор байна. Ялангуяа сониуч зандаа хөтлөгдсөн, үзэл бодол нь төлөвшөөгүй, зөв, бурууг ялгахгүй өсвөр үеийнхэн өөрийн мэдэлгүй түүнд татагдсаар. Энэ хэрээр хэдхэн жилийн өмнө хаалга тогшиж байсан “манан” бүгдийг эзэгнэн суунаглахад ойрхон байна.

Одоо манангаар юу зүйрлэснийг хэлье. Та магадгүй анзаарсан байх. Энэ бол аюулыг нь олон жил улиг болтол хөндсөн ч хязгаарлаж дийлээгүй, бидний жирийн үзэгдэл мэт ойлгодог болсон хар тамхины хэрэглээ. Нэг л үзчихвэл донтуулчихдаг энэ хор бидний ирээдүйг үе үеэр нь устгаж мэдэх аюул бодитоор нүүрлэснийг геометрийн прогрессоор өсөх тоон мэдээллүүд харуулна.

Хар тамхины гэмт хэрэг нэг жилд 32 хувиар өсөв

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өгсөн мэдээллээр 2019 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагджээ. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт 32.2 хувь, холбогдогч нарын тоо 21.9 хувиар өсжээ. 2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 282 нь 19-35 насны залуус бол 17 нь 15-18 настай хүүхэд аж. Харин тэдний 13 нь сурагч байжээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням

2002 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэг тасралтгүй өссөөр байна. Энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт, хар тамхи мансууруулах бодисын хэрэглэгчид нэмэгдсэн. Хэрэглээ байгаа газар нийлүүлэлт байна гэсэн үг. Нийлүүлэлтээ хангахын тулд улсын хилээр хууль бусаар оруулах, бэлтгэх, бусдад худалдаж, борлуулахтай холбоотой гэмт хэрэг дагаад өсөж байна.

 

Судлаач Д.Ганхуяг

Хүүхэд, залуус олноороо ахуйн “газ” үнэрлэж, жолооч нар “мими” нэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэх, худалдах сүлжээ байгуулсан зэрэг мэдээг бид “цаг агаарын мэдээ” мэт тайван хүлээн авдаг болсон. Энэ нь хар тамхины тахал манай нийгэмд гүн нэвтэрсний баттай үзүүлэлт мөн. Дипломатууд хар тамхины хэрэгт холбогдсон нь нарийн зохион байгуулалттай сүлжээ болсныг тод харуулдаг. Саяхан ОХУ-ын Хар тамхитай тэмцэх байгууллага хар тамхины маршрут шинэчлэн гаргахад “Хятад-Улаанбаатар-Эрхүү- Красноярск” гэсэн шинэ чиглэлтэй болж. Манайх хар тамхи хэрэглэдэг, дамжуулдаг дэлхийн сүлжээний нэг хэсэг болсон нь тодорхой байна.

“Саарал жагсаалт” ба хар тамхи

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ- аас манай улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан. Олон улсад хүний наймаа, зэвсгийн наймаа, хар тамхины наймаа, мөнгө угаах, терроризм гэсэн үндэстэн дамнасан мөнгө угаах таван том хэрэгтэй тэмцдэг. Хэдийгээр ФАТФ-аас манай улсыг “Саарал жагсаалт”-д оруулахдаа хар тамхитай холбоотой зөвлөмж ирүүлээгүй ч зайлшгүй анхаарах шаардлагатай нь далд эдийн засаг дахь хар тамхины худалдаа эрчимтэй өссөн үзүүлэлтээс тод харагдана.

Далд эдийн засагт хар тамхи, мансууруулах бодисын худалдаа ноёлсоор байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаа нотолно. Тус хорооноос Монгол Улсын нийт эдийн засаг дахь далд эдийн засгийн хэмжээг тооцоолсон 2015-2018 оны судалгааг олон нийтэд ил болгов. Судалгаанд дурдсанаар манай улсын далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 9.2- 15.7 хувийн хооронд хэлбэлзэж байна. Харин далд эдийн засаг дахь хар тамхи, мансууруулах бодисын худалдаа эрчимтэй өсжээ. Энэ төрлийн худалдаа 2010 онд
5.9 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 20.6 тэрбум, 2018 онд 113.7 тэрбум төгрөг болж, найман жилийн хугацаанд 19 дахин өсөв. Харин энэ төрлийн хэрэгт холбогдогчдын тоо нь сүүлийн нэг жилийн дотор 21.9 хувиар өссөн нь хар тамхины худалдаа энэ хэрээр өссөн гэсэн үг.

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй болсны дараа хэд хэдэн арга хэмжээ авч, ФАТФ-д тайлан хүргүүлэх үүргийг холбогдох албаныханд өгч байлаа. Арга хэмжээний нэг нь хар тамхи зөөвөрлөх, худалдаалах хэрэгт төрийн албан хаагчид холбогддог, хилээр хориотой зүйл нэвтрүүлдэг байдлыг зогсоох байв.

Харин манай улс “Саарал жагсаалт”-д орохоосоо өмнө биш нэлээд хожуу хар тамхины наймаачдад зориулсан ялыг чангатгав. Тодруулбал, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, өмнө нь хар тамхийг улсын хилээр нэвтрүүлэхэд 2-8 жилийн ялтай байсныг 5-12 жил болголоо. Харин хэргийг зохион байгуулалттай бүлэг хүмүүс үйлдсэн бол 12-20 жил эсвэл бүх насаар хорихоор өөрчлөлт орууллаа.

Хар тамхитай тэмцэх бодлого зөөлдсөн үү

Хар тамхины наймаа хийж, ашиг олж буй гэмт бүлэглэлийнхнийг бүх насаар нь хорих ял оноох өөрчлөлт нь олон улсын туршлага талаасаа нүдээ олсон шийдвэр. Харин хэрэглэгчдэд оноодог шийтгэл хэтэрхий сул байгаа нь хар тамхи хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлж байна. Үүнийг шууд батлах боломжгүй ч ихээхэн нөлөөлж байгаа нь илэрхий.

Сүүлийн жишээ гэхэд л хар тамхи хэрэглэж баригдсан дуучин Б.Амархүү, жүжигчин Б.Энхтүвшин, “Мотив” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбаяр нарт батлан даалт гаргаж, хилээр гарахыг хязгаарлах зэрэг шийтгэл ногдуулжээ. Энэ мэтчилэн бусдад үлгэр дуурайлал үзүүлэхүйц олны танил хүмүүс хар тамхи хэрэглэхэд зорчих эрхийг хязгаарлах, торгох төдийхнөөр шийтгэж байгаа нь хүмүүст буруугаар нөлөөлж байна.

Олон улсын жишгээ дагавал хэрэглэгчдэд хүнд шийтгэл оноохгүй, харин нийлүүлэгчдийг өршөөхгүй бодлогыг баримтлах нь зөв. Гэсэн ч олон улсад мансууруулах бодисын хэрэглээ хяналтаас гарч, үүний эсрэг үйл ажиллагаа мухардалд орсныг Олон улсын эмийн бодлогын консорциум өнгөрсөн жил зарласан. Тус байгууллагынхан хар тамхины хууль бус наймааг хязгаарлах НҮБ-ын бодлогыг буруу гэж үзэж буй.

Манайд зөөлөн бодлого хэрэггүй

Улс орон бүр өөрсдийн арга барил, ялын зөөлөн, хатуу бодлогоор хар тамхитай тэмцэж байгаа ч энэ төрлийн гэмт хэргийг хязгаарлаж дийлэхгүй байна. Зөвхөн манайх гэлтгүй бусад улсад ч хар тамхины хэрэглээ огцом нэмэгдсэнийг батлах жишээ олон бий. Харин бодлогын хувьд цаазаар авч, хатуу ял оноодог орон байхад хэрэглэхийг зөвшөөрсөн улс ч бий. Хамгийн чанга ялтайг нь Хятад, Малайз улс тэргүүлдэг. Хятадад хар тамхи хэрэглэсэн бол нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж, худалдаалсан бол цаазын ял өгдөг. Малайзад хар тамхи худалдаалахад цаазаар авах, хэрэглэхэд урт хугацаагаар хорих, улсаас хөөх хүртэл арга хэмжээ авдаг аж. Тэгвэл эсрэгээрээ хар тамхи хэрэглэх, бага хэмжээгээр хадгалахыг зөвшөөрдөг улс орны жишээ Уругвай, АНУ байгаа юм.

Харин манай улсад ялын зөөлөн бодлого хэрэггүй нь шууд илэрхий. Гуравхан сая хүн амтай хэрнээ нийтээрээ боловсролын түвшин тааруу нь хатуу ч гэсэн үнэн. Өөрийгөө л болгочихвол бусад нь хамаагүй, ашиг л олж байвал хүнийг хорлож, хөнөөх нь асуудал биш болсон манай нийгэмд хар тамхины хэрэглээ энэ хэрээр нэмэгдсээр байвал яах вэ. Архинд ороод амьдралаа сүйрүүлж байгаа олон мунхаг монгол байна. Үүнээс дутахгүй хар тамхинд донтоод өөрийгөө, ирээдүйгээ, үр хүүхдээ цаашлаад улс орноо сүйрүүлж мэдэх донтогсод олон болох нь. Энэ хэрээр хар тамхины хэрэглээ Монголыг хорт манан мэт бүрхэн устгах нь.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ талын хуулийг зориудаар сул байлгаад байх шиг байна. Яагаад гэвэл чинээлэг хөрөнгөтнүүд болоод эрх мэдэлтнүүд хууль тогтоогчдын эрхийн тэнэг хүүхдүүд тэр хэцүү нэртийг хэрэглэдэг учраас.Манай нөгөөх баригдаж мэднэ тэгвэл хэцүүднэ гэж болгоомжилдог бололтой.Жирийн ажилчин малчин энгийн айлын хүүхдүүд түүнийг чинь хэрэглэх санхүүгийн чадавхигүй шүү дээ.

    0 0 Хариу бичих