Т.Болдсайхан: ЭЕШ-ыг танхимаар зохион байгуулахад 20 мянган багш, 600 эмч, эмнэлгийн ажилтан шаардлагатай

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд улс орон даяар өндөрлөсөн. Зургаан настай нэгдүгээр ангид элсэн орж байсан сурагчдын анхны төгсөлт энэ жил тохиож буй. Тэр ч утгаараа төгсөгчдийн тоо цөөн байгааг салбарынхан онцолсон.

ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Т.Болдсайханаас тодрууллаа.

-ЭЕШ-ын бүртгэл дууслаа. Энэ жил хэчнээн шалгуулагч бүртгэлээ баталгаажуулсан бэ?

-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 28567 хүүхэд төгсөж байгаа. Үүн дээр өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургууль төгссөн ч их, дээд сургуульд элсэж чадаагүй хүүхдүүд нэмж тооцогддог. Тиймээс 32 мянган хүүхэд ЭЕШ өгөх байх гэсэн урьдчилсан тооцооллоор бүртгэлээ эхлүүлсэн. Дөрөвдүгээр сарын 15-нд бүртгэл дуусахад 30822 хүүхэд ЭЕШ өгөхөөр албан ёсоор бүртгүүлж бүртгэлээ баталгаажуулж авсан. Үүний цаана цөөн  тооны хүүхэд бүртгүүлсэн ч хувийн мэдээллээ оруулаагүй, хичээл сонголтоо хийгээгүй, төлбөрөө шилжүүлээгүй үлдсэн байгаа. Эдгээр хүүхдүүдийн мэйл хаяг, гар утас болон эцэг, эхийн гар утас руу нь бүртгэлээ яаравчлан баталгаажуулахыг хүссэн захидлыг 15-нд илгээсэн ч цөөн тооны хүүхэд үлдсэн. Бүртгэлээ баталгаажуулж амжаагүй хүүхдүүдийг аваад үзэхэд голдуу өмнө онд ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд байна. Тэдний хувьд бүртгэлээсээ татгалзах буюу энэ жил ЭЕШ өгөхөө болин ажил хөдөлмөр эрхлэх, эсвэл гадаадыг зорих зэрэг асуудлууд байдаг. Тиймээс бид бүртгэл дууссанаас хойш 5 хоногийн хугацаанд бүртгэлээ баталгаажуулж амжаагүй хүүхдүүдийг хүндэтгэх үзэх шалтгаантай бол бүртгэлд хамруулах боломжтой байдаг.

-Энэ жилийн ЭЕШ үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хөл хорионы дэглэмтэй таарч онцлог болж байна. Гэхдээ уг шалгалтыг цахимаар зохион байгуулах нь боломжгүй гэдгийг салбарынхан хэлж байгаа. Танай төвийнхөн  энэ асуудал дээр ямар байр суурьтай байна?

-Энэ жилийн хувьд 30822 хүүхдийн асуудлыг ярьж байна. Тэдний 80 орчим хувь нь математикийн шалгалтыг өгч байгаа. Тиймээс улсын хэмжээнд 27 мянган интернет  холбогдсон  компьютер бүхий танхим шаардлагатай болно гэсэн үг. Энэ нь манай улсын хувьд хараахан боломжгүй. Түүнчлэн өмнөх жилүүдийнхээс онцлогтой болж байгаа нь нэг танхимд олон хүүхэд цуглуулахгүй. Үүнд ширээ хоорондын зайг 1.5-2 метр гэж тооцвол нэг ангид хамгийн ихдээ 12 хүүхэд байлгана.  Иймд анги танхимын тоо маш ихээр шаардлагатай болсон. Бид танхимын шалгалт авахаар бэлтгэл ажлаа хангасан. Гэтэл одоогийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 100 гаран шалгалтын байр хэрэгтэй болсон. Үүнтэй холбоотойгоор тооцоо, судалгаанууд хийж байна. Шалгалтын 50 байртай байхад түүнд хэрэгтэй хянагч, зохион байгуулагч багшийн тоо г бэлдсэн байсан бол энэ тоо 2 дахин өсөж байна гэсэн үг. Мөн шалгалтын байр, анги, танхимын эрүүл ахуйд хяналт тавьдаг, гар ариутгал, биеийн дулаан үзэх гээд үүнтэй холбоотой ажиллах байр шинээр нэмэгдэх шаардлага үүссэн. Үүнийгээ дагаад биеийн дулаан хэмжих хэрэгсэл, гар ариутгагч, нэг удаагийн бээлий, амны хаалт зэрэг хэрэгтэй болсон. Гэсэн хэдий ч бид урьдчилсан тооцоолол хийгээд холбогдох арга хэмжээг аваад явж байна.

Ер нь ЭЕШ дээр 8-10 мянган хянагч, зохион байгуулагч багш ажилладаг. Энэ тоо энэ жил 2 дахин өсөж байгаа учраас нэмэлтээр ажиллах багшийг хэрхэн бэлдэж, сургах уу гээд асуудал үүсэж байна. Мөн эрүүл ахуйн чиглэлээр нэг шалгалтын байранд хамгийн багадаа 6 эмч ажиллах хэрэгтэй болж байгаа.  Тэгэхээр 100 шалгалтын байранд 600 эмч, эмнэлгийн ажилтны хэрэгцээ шаардлага үүснэ. Энэ бүхнийг яаж зохицуулах уу гээд холбогдох яам байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдөр бидэнд тооцоолоогүй асуудлууд, зардлууд үүсэж байгаа.

-Энэ жил монгол хэл бичгийн шалгалт авахгүй гэдэг нь зөвхөн 12 дугаар анги төгсөгчдөд хамаатай юу эсвэл өмнөх онд төгссөн төгсөгчдөд ч энд хамрагдсан уу?

-Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалтыг бид анх гуравдугаар сарын 23-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Үүнийгээ УОК-оос гаргасан хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 25-н болгож хойшлуулсан. Одоо хорио цээрийн дэглэм тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжилж байгаа учраас дахин шалгалт зохион байгуулах боломжгүй болсон. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалтыг орон даяар зохион байгуулахгүй гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл, энэ жилийн ЭЕШ өгөх бүх хүүхдүүд ямар нэгэн босго оноо, болзолгүй шалгалтаа өгөх эрхтэй болсон.

-Босго онооны тухайд өндөр байна гэж их яригддаг?

-Монгол хэл, бичгийн шалгалтын тухайд 2019 оны нэгдүгээр сарын 30-нд БСШУС-ын сайдын тушаалаар босго оноог 400-гаар тогтоосон. Энэ жилийн хувьд босго оноо үйлчлэхгүй болж байна. Их дээд сургуулийн консерциум, БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газраас хамтран ажиллаж журам боловсруулаад байна. Энэ журамд зааснаар их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог 400-гаар тогтоож өгсөн. Хүүхдүүд шалгалт өгсөн үр дүнгээсээ хамаараад 200-800 оноогоор жагсдаг. Харин хүүхдүүдийн хувьд халаасны онооны асуудал гэж төөрөгддөг. Халаасны оноо гэж байдаггүй. ЭЕШ-д хамгийн багадаа буюу огт юм хийгээгүй хүүхэд 200 оноо авдаг.

-Шалгалтын дүнг шалгуулагчдад шууд зарлах уу?

-Өнгөрсөн жил ЭЕШ-д шилэн технологи нэвтрүүлсэн. Үүнийхээ дагуу 30 шалгалгалтын байран дээр шууд системээр шалгалтын дүнг зарласан. Энэ жилийн хувьд 50 шалгалтын байранд уг технологийг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байсан. Гэвч одоо үүсээд буй нөхцөл байдлын улмаас 100 шалгалтын байранд уг төхөөрөмж хэрэгтэй болж учраас техникийн хүчил чадал хүрэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэг аймагт нэг шалгалтын төвтэй байсан бол одоо хоёр төвтэй байх шаардлага үүсэн үүнийгээ дагаад орон нутагт 44 шалгалтын байр бий болох шаардлагатай.  Улаанбаатарт 60 гаран шалгалтын байр хэрэгтэй болж байгаа учраас энэ жилийн хувьд шууд шилэн технологийг хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна. Гэхдээ шалгалтын дүнг өдөрт ч гаргадаг зарчмаа барихын тулд 2-3 шалгалтын төвийн дунд нэг төхөөрөмж ажиллуулна. Тиймээс шалгуулагчид өдөрт нь дүнг нь хэлэхээр судлаад ажиллаж байна.

-Жил жилийн ЭЕШ-ын онооны дунджаас сонирхуулж болох уу?

-Хичээлийн онцлогоос болоод янз бүр гардаг. Монгол хэлний хичээлийн улсын дундаж жилд тогтмол 52-54 хувийн хооронд хэлбэлздэг. Англи хэл, нийгмийн ухааны хичээлийн оноо 50 орчим хувь бол байгалийн ухааны хичээл болох математик, химийн улсын дундаж 40 орчим хувь гэж доогуур гардаг.

-ЭЕШ-аас төгсөгчдийн мэргэжил сонголтыг анзаарч болдог юм шиг санагддаг. Та түрүүн хэлсэн төгсөгчдийн 80 гаруй хувь нь  матетамитикийн хичээлийг сонгодог гэсэн шүү дээ. Гэтэл сонголт дээрээ алдан дахин ЭЕШ өгөх тохиолдол  хэр байдаг вэ?

-Хүүхдүүдийн хувьд хичээл сонголт нь мэргэжил сонголттой шууд хамааралтай байдаг. Манай ихэнх их, дээд сургуулиудын суурь болон дагалдах хичээл нь голдуу математик, англи хэл, нийгмийн ухаан, физик,  монгол хэл байдаг учраас ихэнх хүүхдүүд эдгээр хичээлийг сонгодог. Хүүхдүүдийн хувьд мэргэжил сонголтоо буруу хийснээс болоод дахин ЭЕШ өгөх асуудлууд маш түгээмэл байдаг. Энэ жил анагаах ухааны чиглэлээр сурна гээд ЭЕШ өгсөн ч дараа жил нь энэ миний сонгох мэргэжил биш байна инженер болох байж гэх тохиолдол их бий. Үүнтэй холбоотойгоор манай боловсролын салбартай холбоотой төрийн болон төрийн бус байгууллагууд мэргэжил сонголттой холбоотой асуудлыг эртнээс тавьж өгөх хэрэгтэй нь харагддаг. Ингэснээр нийгэмд ямар мэргэжил эрэлттэй байгаа, хувь хүний өөрийнх нь хүсэл мөрөөдөл сонирхол  юу юм бэ, эцэг эх, хүүхэд, багш нар хоорондоо ярилцаж шийдэх зүйл дээр нь туслаж чадна. Үүнд манай хүүхэд, залуус, эцэг эхчүүд сургуульд л орж байвал аль ч сургууль байсан хамаагүй гэж хандсанаас болоод дахин шалгалт өгөх асуудал үүсдэг. Үүнийгээ дагаад сургалтын төлбөр, ажилгүйдэл холбоотой байдаг учраас энэ тал дээр улс анхаарч үзэх хэрэгтэй санагддаг.