Бид далайд гарцгүй ч сансарт гарцтай

-Төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн анхны улс-

“Манайх ямар азаар далайд гарцгүй юм. Гарцтай байсан бол усан тээвэр гэж бас нэг дампуу салбар байхгүй юу” гэсэн яриа гарав. Энэ зөвхөн хошин яриа хэдий ч бид нэгэнт далайд гарцгүй. Харин цоо шинэ боломж буюу сансарт гарцтай болж таарсан. Өргөн уудам нутгийн хэрээр ийм уудам сансрын орон зай бидэнд байна.

Улс төрийн гадаад, дотоод зөрчилгүй Монгол Улс нь сансарт уудам гарцтай тул энэ чиглэлийн төслийг хэрэгжүүлэх хамгийн боломжит талбар. Тиймдээ ч манай улс өөрийн төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн анхны улс. Нийслэлийн 380 жилийн ойн үеэр хотын төв талбайгаас хөөргөсөн цуврал сансрын бөмбөлгийг Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв, Монгол Коосэн технологийн коллеж, Японы Чиба-гийн технологийн их сургуулийн эрдэмтэн инженерийн баг хамтран хөөргөсөн.

Япон улсын Засгийн газрын харьяа Үндэсний сансрын бодлогын хорооны ахлах зөвлөх Хироаки Акияама

Монголчууд дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан улсын хувьд сансар огторгуйг “колоничлох” үйлст ч мөн тэргүүлнэ гэдэгт итгэж байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, сансрын бөмбөлөг цаашлаад пуужин хөөргөх боломжтой бүс нутаг. Энэ боломжоо ашиглан дараа дараагийн алхмуудыг хийгээсэй гэж хүсэж байна.

 

Сансрын бөмбөлөгт суурилуулсан тусгай төхөөрөмжүүд хөөрөх явцдаа нийслэлийн агаарын чанарыг хэмжих тоон мэдээлэл цуглуулах шинжлэх ухааны чухал даалгаврыг гүйцэтгэсэн байна. Сансрын бөмбөлгийг ихэвчлэн шинжлэх ухааны зориулалтаар хөөргөдөг. Учир нь, агаар мандал даралт багатай учир шинжлэх ухааны туршилт хийхэд хамгийн тохиромжтой орчин болдог байна. Хэт өндрийн бөмбөлгүүдийг цаг агаарыг шинжлэх зорилгоор хөөргөдөг бөгөөд агаар мандлын дээд хэсэгт туршилт хийх зорилгоор ашигладаг. Харин сүүлийн үед ийм бөмбөлгүүдийг радио дамжуулагч, камер, хиймэл дагуулын навигацийн систем зэрэгт өргөн ашиглах болжээ. Сансрын бөмбөлөг хүрэх ёстой цэгтээ очсон хойно түүнээс зүүсэн камер, бусад төхөөрөмжүүд нь үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Ойрын зайн өгөгдөл дамжуулах, зураг, бичлэг хийх зэргээр ажиллана. Мөн зарим тохиолдолд одон орончид ч сансрын бөмбөлгөөр дамжуулж судалгаа хийдэг юм байна.

Хэт өндрийн бөмбөлгийг харилцаа холбоонд ийнхүү ашиглахаас гадна сансрын аялал жуулчлалд ч ашиглаж эхэлж байна. “Zero2infinity”, “World View Enterprises” зэрэг хувийн компаниуд эрдэм шинжилгээ, судалгаанаас гадна арилжааны зорилгоор ашиглах, сансрын аялал жуулчлалд зориулсан хүнгүй, нисгэгчгүй бөмбөлгүүдийг үйлдвэрлэхээр судалж байгаа аж.

Судалгаа шинжилгээний зориулалтаар хөөргөж буй сансрын бөмбөлгүүдийг хөөргөхөд хамгийн тохиромжтой газар нь манай улс. Тийм ч утгаараа Япон улс манайхтай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Тус улс өөрийнхөө нутаг дэвсгэрээс хөөргөсөн бөмбөлгийнхөө мэдээллийг авч чаддаггүй байна. Учир нь, хөөргөсөн бөмбөлөг нь далайд унаснаар хүссэн мэдээллээ авч чадахгүй алддаг аж. Харин манай улс нь гурван цагийн бүсэд оршдог өргөн уудам газар нутагтай учраас хөөргөсөн бөмбөлгөөсөө хүссэн мэдээллээ ач чаддаг байна.

Харин Улаанбаатар хотын төв талбайгаас хөөргөсөн сансрын бөмбөлөгт агаарын чанарыг хэмжих тусгай төхөөрөмжөөс гадна www.marsa.mn сайтад бүртгүүлсэн 5000 гаруй хүнээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 380 иргэний нэр болон “Бидний бүтээл сансарт” уралдааны шилдэг гурван бүтээл хөөрснөөрөө онцлогтой.

УИХ-ын гишүүн асан Д.Энхбат

Монгол залчуудын хэрэгжүүлж буй “MARS- V” төсөл бол биднийг сэтгэлгээний хайрцгаас маань гаргасан төсөл. Чухам ийм төвшинд л сэтгэж, санаачилж, зүтгэвэл бид дэлхийн тэргүүний эгнээнийхний хүсэл мөрөөдөлд нэгдэж, өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжоо нээнэ.

 

Ашигт малтмал уу агаарын зам уу

Далайд гарцгүй Монгол Улсын тээврийн зардал нь худалдаа, эдийн засгийн өрсөлдөх чадвараас чангаадаг. Гэхдээ тив холбосон, газар зүйн ашигтай байршлаараа бид агаарын орон зайгаас чамлахааргүй орлого олсоор байна. Монгол Улс нутаг дэвсгэрээрээ дайрч өнгөрсөн дотоодын болон олон улсын агаарын хөлгийн буулт, хөөрөлт, зогсолт зэрэг таван төрлийн үйлчилгээнээс навигацийн орлогоо бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд манай агаарын замыг дайрах хөлгийн тоо тогтмол өссөн зэрэг агаарын замаа ашиглах боломж бидэнд байсаар байна. Бидний дээгүүр цагт дунджаар 11- 14 нислэг өнгөрдөг байна. Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд дунджаар дотоодын 20, олон улсын 380 гаруй авиа компанийн агаарын хөлгүүд нисдэг.

Ганц жишээ дурдъя. Агаарын замаас улсын төсөвт оруулж байгаа орлого газрын тосны салбараас орж буй орлоготой дүйж, алтныхаас хоёр дахин их. Биднийг зэс, нүүрсний ханшаа харсаар суух зуур Монголын хөх тэнгэрт цагаан зам татуулдаг агаарын тээврийн орлого улсын төсвийг олон тэрбумаар тэтгэсээр ирлээ. 2019 оны байдлаар дамжин өнгөрөх агаарын тээврээс улсын төсөвт 170 тэрбум төгрөгт төвлөрчээ. Энэ нь өмнөх оныхоос 20 тэрбумаар өссөн үзүүлэлт аж.

Өргөн уудам нутгийнхаа агаарын сийрэг орон зайг ашигласнаар бид ашигт малтмалаас илүү их орлого олох боломж ч байна. Нэгэнт далайгаар дамжуулан ашигт малтмалаа өндөр үнээр борлуулж чадахгүйгээс хойш сансрын салбараа ашиглая гэсэн санал зөвхөн өнөөдөр ч гарч байгаа юм биш. Энэтхэг улсын сайд нарын танхим Монгол, Энэтхэг
улс сансар судлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг нэгдүгээр сарын 8-нд баталсан талаар тус улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Хэлэлцээрийн дагуу хоёр улс сансрын шинжлэх ухаан, сансрын технологи, хиймэл дагуулын холбоо, хиймэл дагуулын навигаци, гарагуудыг судлах, сансрын аппаратууд, сансрын технологи хэрэглэх зэрэг хүрээнд хамтран ажиллахаар болжээ. Монгол, Энэтхэг улс нь 2004 онд дээрх салбарт хамтран ажиллахаар болж байсан ч Энэтхэгийн талаас Монголын мэргэжилтнүүдэд семинар зохион байгуулснаас өөр ажил хийлгүй хамтын ажиллагаа зогссон байсныг эх сурвалж дурьджээ. Дэлхий даяар сансрын өрсөлдөөний хоёр дахь
үе эхэлсэн гэж мэргэжилтнүүд үздэг байна. Уг өрсөлдөөнд АНУ тэргүүлж, ОХУ байр сууриа тавьж өгснөөр манай урд хөрш хоёрдугаарт жагсаж байна. Харин сансрын орон зайн өрсөлдөөнд манай улстай хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан Энэтхэг улс шинээр хүч түрэн орж ирээд байгаа аж. Сансрын гарцаа ашиглахаар ийнхүү Монгол Улсын Засгийн газар 2004 онд Энэтхэг улстай яриа хэлэлцээ хийж байсан бол энэ чиглэлийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хүүхэд залууст танин мэдүүлэх чиглэлд анхаарч 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сансар судлал, планетари төв байгуулах шийдвэр гаргаж байжээ.

ШУА-ын Одон орон геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэл

Ер нь их гүрэн болохын нэг баталгаа нь сансарт өөрийн хөлгөө хөөргөсөн явдал байх гэж шинжлэх ухааны хүрээнийхэн үздэг. Манай улс хиймэл дагуулаа хөөргөсөн. Энэ нь сансарт пуужин хөөргөж байгаа улс орнуудтай гэрээ хийж, зөөгч пуужинд нь хиймэл дагуулаа байрлуулж сансарт гаргана гэсэн үг. 1981 онд ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа сансарт ниссэн. Гэтэл сүүлийн үеийн залуус Монгол хүн сансарт ниссэн үгүйг ч мэдэхгүй байна. Тиймээс бид ирээдүйдээ энэ бүх сайхан түүхийг үлдээх хэрэгтэй шүү дээ.

Одоо дахин Монгол хүн сансарт нисэх талаар яригдана шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)