“ТОЙМ”-ын шинэ дугаараас онцлох 9 санаа

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ”  сэтгүүлийн 439 дэх дугаар уншигчдын гар дээр очиж байна. Шинэ дугаарын нийтлэлүүдэд хөндөгдсөн онцлох ЕСӨН САНААг хуваалцъя.

Санаа 1: Малчин айлын хүүхдүүдийн боловсрол тэр чигтээ хоцорч байна.

Танхимд хичээллээд, багшаасаа эмээж хичээлээ хийгээд сурчихсан хүүхэд алсын орон зайнаас, амьд биш харилцаанаас мэдлэг олж авах нь эргэлзээтэй. Хүүхдүүдэд ингэж сурах дадал, туршлага байхгүй. Телевизээр хүүхдүүдэд удаан хугацаанд боловсрол олгосон туршлага ч энэ салбарт байхгүй. Харин орон нутагт, тэр дундаа малчин айлын хүүхдүүдийн боловсрол тэр чигтээ хоцорч байна. Мал төллөж, ямаа самнах цагаар хүүхдүүдэд хичээлээ хийгээд суух завдал, зай завсар олдохгүй. Хичээлээ хийгээгүй өөрийнх нь буруу юу, хичээлийг нь хийлгээгүй эцэг, эхийнх нь буруу юу гэдгийг хэлэх амаргүй. Гагцхүү эцсийн эцэст хүүхэд л хохирч байна. Үүнээс гадна боловсролын байгууллага хичээлийн агуулгад анхаарах цаг болсныг арваннэгдүгээр ангийн нийгмийн ухааны хичээлээс харж болно. Тус хичээлийн үеэр хүн харш жилтэй хүнтэй хамтарч болдоггүй зэрэг мэдээллийг хүүхдүүдэд өгч байна. Энэ нь Ёс зүй сэдэвт хичээлийн агуулга. Ивээл, харш жил ярихаас илүүтэй ёс зүй гэдэг бол хариуцлагатай агаар нэг, бусдыг болоод өөрийгөө хүндэтгэх хэм хэмжээ гэдгийг л ойлгуулмаар байгаа юм. Энэ мэт алдаа дутагдлыг засах шаардлага хаана хаана аа байна

Нийтлэлч Б.Цэнд-Аюуш

“Хорионы хүүхдүүд” нийтлэлээс...

Санаа 2: УИХ-ын тухай шинэ хуулиар гишүүдийн “сэтэр “-ийг авна...

Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх хязгаарлагдаж байгаагаас гадна, хууль бус хөдөлгөөн хийх боломжийг нь хумьсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулсан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барилаа. Тус хуулийг баталснаар сонгуулийн дараа байгуулагдах УИХ-ын гишүүд ямар дүрмээр тоглох нь тодорхой болох юм. Тухайлбал, УИХ-ын гишүүд сайдаар томилогдох боломж нь хязгаарлагдаж байгаагаас гадна, сайд нарыг томилох замаар дэмжиж аяганы хариу нэхэх, төсвийн зарлагыг хүссэн хэмжээгээрээ нэмж өөртөө ашигтай шийдвэр гаргуулах, хүссэн хуулиа санаачлах, батлах эрхгүй болж байгаа юм. Мөн өргөсөн тангаргаасаа няцах, хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд бүрэн эрхээсээ хялбархан чөлөөлөгдөхөөр болж байна.

Тоймч С.Шийлэгтөмөр

“УИХ-ын гишүүний албан тушаал ашигтай байхаа болино” нийтлэлээс...

Санаа 3: ОХУ-ын вирус судлаач В.Зверев: “Вирусийн эсрэг баталгаатай эм гартал 1.5-2 жил шаардлагатай”

Халдварт өвчний эмчилгээ нь үүсгэгчийг шууд устгах зорилготой бол вакцин нь шууд үхүүлэхгүй, хүчийг нь бууруулах илүү нарийн ажил аж. Тиймээс эмчилгээ, вакцин хоёрын эмчилгээ нь түрүүлж гардаг бичигдээгүй хуультай юм байна. Ковид19 өвчнийг үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус гэдгийг мэдсэн цагаас эрдэмтэд эмчилгээ, вакцин гаргахаар ажилласан. Тэр цагаас хойш гурван сар өнгөрч, хөгжингүй орнуудад эм нь эхнээсээ гарчээ. Гэсэн ч батлагдтал хугацаа шаардлагатай юм байна...

... Вакцины тухайд, АНУ-д Сиэтл дэх Кайзерын нэрэмжит шинжлэх ухаан, судалгааны байгууллага, БНХАУ-д биологийн зэвсгийн шинжээч Чэн Вэйн толгойлсон эрдэмтдийн баг хүн дээр туршилт явуулж эхэлсэн байна. Товчхондоо хүн төрөлхтөн ковид19 өвчний өмнө гар хоосон хэвээр байна. Барьсан хуучин зэвсэг үр дүн муутай тул ээлжлэн сольсон байдалтай, шинэ зэвсэг бүтээсэн нь хэргээ гаргатал хол бололтой.

ОХУ-ын вирус судлаач В.Зверевийн хэлснээр бол SARS-CoV-2 вирусийн эсрэг баталгаатай эм гартал 1.5-2 жил шаардлагатай гэж таамагласан. Бусад эрдэмтэд ч ерөнхийдөө 1-2 жил гэсэн хугацаа хэлж байгаа юм. Тэгэхээр, испани ханиад шиг өөрөө гэнэт намжчихгүй л бол хорио цээрийн дэглэм эртдээ л он дуустал үргэлжлэх нь бараг л тодорхой бололтой.

Тоймч Х.Батсайхан

“Цар тахлын вакцин буюу цаг хугацааны үнэ цэнэ” нийтлэлээс...

Санаа 4: М.Сарантуяа: СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС БОЛ “ТАХИР ДУТУУ” БИШ “ӨВӨРМӨЦ” ХҮМҮҮС

Үг тогтоогоод, өгүүлбэр болгоод тэрийгээ өдөр тутам хэрэглэж байж хэл болно. Дохионы хэл бол энэ хүүхдүүдийн гол санаагаа илэрхийлэх хэл. Тэр дохио нь нийгмийг хамарсан хэл биш учраас бусад хүмүүстэй харьцах боломжгүй. Тиймээс бичгийн хэлээр дамжуулан монгол хэлийг сайн заах шаардлагатай байгаа юм. Энэ зорилт манайд алдагдаад байгаа. Энэ хүмүүсийг монгол хэлээр санаагаа илэрхийлэх чадвартай болгох л хэрэгтэй байгаа юм.

Анхны шавь нар маань бичгийн чадвар сайтай, ам яриа уншчихдаг байсан. Тэд одоо хүүхдүүддээ өөрийгөө бүрэн илэрхийлж, тэдэнтэйгээ ярилцаж, сэтгэлээ уудалж чадаж байна. Харин залуучууд маань миний залуу байх үеийн шавь нарын монгол хэлний чадварыг арай гүйцэхгүй болоод байгаа юм. Тэгэхээр үүнийг л заах арга зүйн үүднээс бүрэн дүүрэн шийдэж ажиллах баг хамт олон байгууллага байх ёстой.

Тоймч Я.Баяраа

“Улаанбаатарын хүмүүс” сурвалжлагаас...

Санаа 5: Утааг бууруулах шийдэл...

Магни болон төмрийн орцтой хийгддэг хоёр төрлийн дулаанаа хадгалдаг чулуунаас тэд эх орондоо хамгийн их олдоцтой байдгаар нь төмрийн баяжмал ашиглан судалгаа, туршилтаа амжилттай хийж, оюуны өмчийн эрхээ авсан байна. Тэдний патентжуулж авсан дулаан нөөгч төмөрт чулуу нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд Европын орнуудаас импортоор авдаг ижил төстэй бүтээгдэхүүнтэй дүйцэх хэмжээний бүтээгдэхүүн болж чаджээ. Тиймээс уг бүтээгдэхүүнээ утааг бууруулахад хэрхэн ашиглах тал дээр багаараа ярилцан айл өрхийн зууханд доторлодог тоосгоны оронд тавьж ашиглах шийдэлд хүрчээ. Дулаан нөөгүүр нь ердийн тоосготой харьцуулахад ижил жинтэй ч эзлэхүүн бага аж.

Дулаан нөөгүүртэй болон энгийн тоосгон доторлогоотой хоёр зууханд туршилт хийн 30 минутын хугацаанд адил хэмжээний дулааныг өгөхөд тоосго 1250 C, дулаан нөөгүүр 3250 C дулааныг шингээж, тоосго 2000 C дулааныг шингээлгүй алдаж байжээ. Тиймээс өрхийн галлагааны зуухыг бага түлшээр хурдан хугацаанд халааж, хуримтлагдсан дулааныг урт хугацаанд түгээх дулаан нөөгүүр үр дүнгээ өгөх нь ийнхүү туршилтаар батлагджээ.

Нийтлэлч Г.Дашдулам

 “Монгол инженерүүд утааг бууруулах “Дулаан нөөгүүр” бүтээжээ” сурвалжлагаас...

Санаа 6: Хятадыг дагаад унасан дэлхийн аялал жуулчлал

Дэлхийн эдийн засаг Хятадаас харилцан хамааралтай болсныг илтгэх маш олон салбар бий. Түүний нэг нь аялал жуулчлал юм. Хятадын эдийн засаг 40 орчим жилийн турш тогтмол өндөр хувиар өссөний үр дүнд онгоцны тийз худалдан авч, гадаадад аялах санхүүгийн чадамжтай иргэдийн тоо хэдэн зуун саяд хүрчээ. 2018 онд давхардсан тоогоор 150 сая хятад хүн гадаадад аялж, 277 тэрбум доллар зарцуулсан байна. 2019 онд гадаадад аялсан хүмүүсийн тоо 155 саяд хүрчээ. Гэтэл 2000 онд ердөө 4.5 сая хятад хүн гадаадад аялж байжээ.

...Коронавирусийн цар тахлын дараа дэлхийн аялал жуулчлалын салбар хэр хурдан сэргэх нь хятад жуулчдаас ихээхэн хамааралтай ажээ. 2018 онд Япон улсаар аялсан 9.6 сая жуулчин 15.6 тэрбум долларын орлого оруулжээ. 2019 онд Австрали улс 9.45 сая жуулчин хүлээж авсны 1.4 сая нь Хятад жуулчид байсан бөгөөд тэд нийтдээ 8.2 тэрбум долларыг Австралид үрсэн байна. 2019 оны байдлаар дэлхийн аялал жуулчлалын салбарын нийт хэмжээ 1.7 их наяд долларт хүрсний 16 хувь нь буюу 277 тэрбум доллар нь Хятад улсад ногдож байна. Хятад жуулчид Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын аялал жуулчлалын салбарын орлогын 51 хувийг бүрдүүлж байна.

Тоймч Г.Ганбаяр

“Хятадын сэргэлтийг хүлээхүй” нийтлэлээс...

Санаа 7: Амьтдыг корона тойрсонгүй...

Германы “Наймунстер” амьтны хүрээлэнгийн удирдлагууд үйл ажиллагаагаа эхлүүлэхийг уриалж, хандив тусламж хүсч, Засгийн газраас олгох 100 сая еврогийн тусламжийн багцад амьтны хүрээлэнгүүдийг хамруулах хүсэлт тавьсан байна. Коронавирусийн хөл хорио тогтоосны улмаас үйл ажиллагаа нь зогссон амьтны хүрээлэн ямар ч орлогогүй болж, амьтдаа тэжээх боломжгүй байдалд хүрсэн тухай BBC агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

Ингэснээр амьтдыг өөр нэг амьтнаар хооллоход хүрч байгааг тус амьтны хүрээлэнгийн захирал Верена Каспери ярьжээ. Тэрээр “Бид амьтдаа аль хэдийнэ жагсаагаад эхэлсэн. Аль нэгийг нь түрүүлж нядлах хэрэгтэй болно шүү дээ. Энэ мэдээж тийм амар зүйл биш. Гэхдээ л үүнээс өөр сонголтгүй болж байна. Бүгд өлбөрч үхэхийг нь харснаас арай дээр сонголт гэж бодож байна” хэмээн ярьсан байна. Далайн хав, оцон шувуу зэрэг амьтдыг өдөр бүр шинэ загасаар хооллох шаардлагатай байдаг ба одоогоор энэ амьтны хүрээлэн 175 мянган еврогийн алдагдалд ороод байгаа аж.

Нийтлэлч С.Сосоржав

“Хөл хорио зөвхөн хүмүүст сөргөөр нөлөөлсөнгүй” нийтлэлээс...

Санаа 8: Сэтгэл зүйч Т.Хонгорзул: хүүхдүүдтэйгээ ярилцах, тоглох зэрэгт өдөрт хамгийн багадаа 15 минут зарцуулах хэрэгтэй...

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ярилцах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ айлгачих байх гээд энэ талаар ярихгүй байх нь харин ч айдас түгшүүр үүсгэх магадлалтай. Яагаад гэвэл аав, ээж нь байнга гараа угааж, маск зүүж, цэвэрлэгээ хийгээд “одоо яах бол” гээд байхаар хүүхэд өөрийн эрхгүй айдаст автана. Тэгэхээр энэ өвчний тухай ярихдаа хэн нэгнийг буруутгах, ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа мэтээр ярих хэрэггүй. Үүний оронд өөрсдийн зүгээс юу хийж чадах талаар хэлж өгөх нь чухал. Тухайлбал, гараа яаж угаах, бусдад гар хүрч тэврэлдэж болохгүй, бохир гараараа ам, хамартаа хүрэхгүй зэрэг мэдээлэл өгч болно. Түүнчлэн хүүхдүүдтэйгээ ярилцах, тоглох зэрэгт өдөрт хамгийн багадаа 15 минут зарцуулах хэрэгтэй. Хамгийн чухал нь хүүхдүүдээ маш сайн сонсож, сэтгэл хөдлөл нь ямар байгааг мэдэх хэрэгтэй. Хөл хорионы үед гадагшаа гарч чадахгүй байгаагаас хөдөлгөөний хомсдол үүсэж, энэ нь сэтгэл санаа гутрахад нөлөөлөх талтай. Хөдөлгөөн маш чухал байдаг. Тэгэхээр гэр бүлээрээ ууланд гарах, салхилах, гэр бүлээрээ бүжиглэх зэргээр аль болох хөдөлгөөнтэй байгаарай

Нийтлэлч Б.Цэнд-Аюуш

“Хорионы хүүхдүүд” нийтлэлээс...

 

Санаа 9: Хүүхдийн тусламжийн дуудлага өмнөх оны мөн үеэс 34 хувиар өсжээ...

Хөл хорионы хамгийн сул тал нь ахуйн хүрээний архидалт ихсэж, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн явдал. Хоногийн хоолноосоо илүү архины мөнгөө олчихдог, хүйтэн харцаараа эхнэр хүүхдээ гоочилж, хөлчүүрхсэн үедээ гараа шүүстдэг адгуус аятай хүмүүс бидний бодсоноос ч олон. Аав, ээж нь хамт архи уучихаад хүүхдээ мөнгө олж ирэхийг шаарддаг олон хүний мэдээллийг бид сонссон доо. Харуулах хүнгүй учир цоожтой хаалганы цаана хүүхдүүдээ хоолтой, хоолгүй үлдээгээд ажилдаа тэвдэн гүйх ээжүүд ч олон.

Харин ийм бараан амьдрал дунд тэмтчин яваа нялх үрсийн нөхцөл байдал хөл хорионы үед бүр ч дордож. Учир нь хорионы үед гэрээс нь өөр архи уучих газар олдохгүй, гэртээ суухаар стресстсээр эцэст нь уур бухимдлаа гэр бүлдээ гаргах хүмүүс сүүлийн саруудад ихэссэн нь тоон мэдээллээс тодорхой харагдана. Тодруулбал, хүүхдийн тусламжийн дуудлага өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн гэсэн мэдээллийг албаныхан өгөв. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар нэмэгджээ. Улмаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 61.6 хувиар, баривчлагдсан этгээдийн тоо 98.7 хувиар тус тус өссөн байна.

Нийтлэлч Б.Цэнд-Аюуш

“Хорионы хүүхдүүд” нийтлэлээс...

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)