Цэцийн шийдвэр УИХ-ын сонгуулийг хойшлуулах шалтгаан болох уу?

Шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн хууль бүр Үндсэн хуулийн цэцээр заавал шүүгддэг бичигдээгүй хуультай. Энэ “хууль” 2020 оны сонгуулийн өмнө ч үйлчилж байна. Тодруулбал, Цэц өчигдөр Дунд суудлын хуралдаанаараа "УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчиж байна" гэсэн дүгнэлт гаргалаа. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1-д “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” хэмээн заасан бол 28.3.1-д “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх” гэж заасан юм. Энэхүү хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгаа учраас УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж тэргүүтэй нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан юм.

Дээрх хоёр заалтын эхнийхээр бол 2020 оны УИХ-ын сонгуулийг товлон зарласнаас өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй гэсэн үг. Үүний дагуу бол одоо Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 36 намаас нэг нь л УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй. Энэ бол 2020 оны УИХ-ын сонгууль товлон зарлагдсанаас хойш буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилал шинэчлэлийн нам.

Нөгөө заалтаар нь бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй болон нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд хандахаас өмнө бүртгүүлсэн нам сонгуульд оролцож болохоор байна. Нам, эвслүүд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгуульд оролцохоо илэрхийлж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам ч УИХ-ын сонгуульд оролцох боломжтой гэж ойлгогдохоор.

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийг бүртгэхдээ дээрх хоёр хугацааны алийг нь баримтлах, эдгээр заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг Цэц өчигдөр хэлэлцсэн юм. Улмаар дээрх хоёр заалт нь Үндсэн хуулийн 16.9 болон 19.1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзэн түдгэлзүүллээ. Түдгэлзүүлнэ гэдэг нь тухайн заалтуудыг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэсэн үг. Ингэснээр СЕХ УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийг хэрхэн бүртгэх нь тодорхой бус, хуулийн зохицуулалтгүй болов. Хэрэв Цэц ийм шийдвэр гаргаагүй бол сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслүүдийг нөгөөдөр бүртгэж дуусах байлаа. 

Цэц Их суудлын хурлаараа Дунд суудлынхаа шийдвэрийг өөрчилсөн тохиолдол байхгүй. Тиймээс УИХ сонгуулийн хуулиа дахин хэлэлцэж, өөрчлөх нь нэгэнт тодорхой болж байна. Энэ нь цаашлаад коронавирусийн тархалттай хавсарч УИХ-ын сонгуулийг хойшлуулах шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд сонгуулийн хуулиа дахин хэлэлцэж Үндсэн хуультай зөрчилдөж буй заалтуудаа өөрчилнө. Хэрэв УИХ хүлээж авахгүй бол Цэц Их суудлаа хуралдуулан маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, УИХ дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож өмнөх шийдвэрээ баталгаажуулдаг. Цэц Их суудлын хурлаараа Дунд суудлынхаа шийдвэрийг өөрчилсөн тохиолдол байхгүй. Тиймээс УИХ сонгуулийн хуулиа дахин хэлэлцэж, өөрчлөх нь нэгэнт тодорхой болж байна. Энэ нь цаашлаад коронавирусийн тархалттай хавсарч УИХ-ын сонгуулийг хойшлуулах шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цэц захиалгаар хийждээ. Сонгууль хойшлуулах сонирхолтой хүний.

    0 0 Хариу бичих