Эцсийн шийдвэр гартал СЕХ одоо хэрэгжиж буй хуулийн дагуу нам, эвслийг бүртгэнэ

УИХ-ын ээлжит сонгууль явуулах товлосон хугацаа болоход 61 хоног үлдлээ. Хуулийн дагуу сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлэх учиртай. Өөрөөр хэлбэл, маргаашийн дотор нам, эвслүүд СЕХ-нд бүртгүүлэхээр баримт бичгүүдээ хүргүүлэхээр хуульчилсан гэсэн үг.

Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргалаа. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн хуулийн 6.1-т сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам, эвсэл сонгуульд оролцохоор заасан бол тус хуулийн 28.3.1-т нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх гэж заажээ. Уг хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгааг ҮХЦ хүлээн зөвшөөрч, хүчингүй болгох шийдвэр гаргав. Цэцийн шийдвэрийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь. Харин хүлээж авахгүй бол Цэц Их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэнэ. Эцсийн шийдвэр гарах хүртэл багадаа 15 хоногийн хугацаа байна.

Харин СЕХ маргаашийн дотор бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэн нам, эвслийн хүсэлтийг хүлээн авч энэ сарын 29-нөөс өмнө бүртгэх эсэхээ шийдвэрлэх хуультай. Тэгэхээр СЕХ сонгууль товлон зарлахаас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам, эвслийг үү эсвэл сонгуульд оролцох хүсэлт илгээх хугацаанаас өмнө бүртгүүлснийг нь бүртгэх үү гэдэг ойлгомжгүй боллоо.  Энэ талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас тодруулахад “Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээ шийдвэрлэнэ. СЕХ нам, эвслийг бүртгэх үйл ажиллагааг хэвийн явуулна. Эцсийн шийдвэр гартал нам, эвслийн бичиг баримт бүрэн бол одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэн шийдвэрээ гаргана” гэсэн юм.

Түүнчлэн Сонгуулийн хуулийн зөрчилтэй хоёр заалт нь үндсэндээ нэг намд л хамааралтай. Өөрөөр хэлбэл, сонгууль товлон зарласан хоёрдугаар сарын 1-нээс хойш, сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилал шинэчлэлийн намд хамааралтай. Тус нам нь өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлжээ. Сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй ч тус нам гуравдугаар сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Энэ талаар Ардчилал шинэчлэлийн намын дарга Э.Бямбацэрэн “Манай нам сонгуулийн хуулийн зөрчилтэй хоёр заалтаас хамаарч сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй байсан. Гэсэн ч бид гуравдугаар сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлж дүгнэлт гаргуулсан. Манай нам сонгуульд оролцоно” гэлээ. Гэхдээ Цэцийн шийдвэрийн дагуу УИХ сонгуулийн хуульд ямар зохицуулалт хийхээс тус нам сонгуульд оролцох эсэх нь шийдэгдэх билээ. 

Нөгөөтэйгүүр энэ асуудал нь зөвхөн нэг намыг сонгуульд оролцуулах эсэхэд нөлөөлөхгүй. Хамгийн гол нь сонгуулийн жил эхэлснээс хойш УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон. Гэхдээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байлаа ч  илт зөрчилтэй заалттай учраас Цэц өмнөх шийдвэрээсээ ухрахгүй нь ойлгомжтой.  Тэгэхээр УИХ сонгуулийн хуулиа өөрчилж л таарах нь. Харин сонгуулийн хугацааг хойшлуулах уу, үгүй юү гэдэг нь эрх баригчдын шийдвэрээс хамаарна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар СЕХ дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэхээр заажээ.

28.3.1.Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;

28.3.2.сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн;

28.3.3.сонгуульд оролцох хүсэлтэд хавсарган ирүүлэх баримт бичиг бүрэн гүйцэд;

28.3.4.сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарсан;

28.3.5.эвсэл байгуулах тухай энэ хуульд заасан журам, шаардлагыг хангасан;

28.3.6.эвсэлд нэгдэн орсон намуудын олонх нь бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлээгүй.

Эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөртэй нам, эвслийг сонгуульд оролцуулна

СЕХ нам, эвслийг бүртгэхдээ бичиг баримтыг нь нягтлахын зэрэгцээ Үндэсний аудитын газраас хүргүүлсэн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтэд тулгуурлан шийдвэр гаргах юм. Энэ нь эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулсан нам, эвслийг сонгуульд оролцуулна гэсэн үг.

Үндэсний аудитын газар гуравдугаар сарын 25-наас өмнө ирүүлсэн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж энэ сарын 25-наас өмнө СЕХ-нд хүргүүлэх хуультай. Тиймээс өчигдөр СЕХ-нд дүгнэлтээ хүргүүлжээ. Энэ жил УИХ-ын сонгуульд оролцохоор Үндэсний аудитын газарт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Харин хэрэгжих боломжгүй мөрийн хөтөлбөрийг нам, эвсэлд буцааж, тав хоногийн дотор дахин боловсруулах боломжийг хуулиар олгосон байдаг. Энэ хүрээнд Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхын засаглал нам, Ард түмний нам гэсэн долоон намаас бусдынх нь мөрийн хөтөлбөрийг буцаасан. Өөрөөр хэлбэл, АН, МАН, МАХН тэргүүтэй найман нам, дөрвөн эвслийн НДШ төлдөг бүх иргэнийг ипотекийн зээлд хамруулах, урьдчилгаагүй, хүүгүй орон сууцтай болгох, дундаж цалинг гурван сая төгрөгт хүргэх зэрэг мөрийн хөтөлбөрийг хэрэгжих боломжгүй гэж үзсэн юм. Үүнээс хойш тав хоногийн дотор буюу энэ сарын 11 хүртэл нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө дахин боловсруулж, ирүүлсэн гэдгийг ҮАГ-аас мэдээлсэн. Харин эдгээр нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө хэрхэн өөрчилсөн нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь, нам, эвслийн мөрийн хөтөлбөр санал авахаас 22 хоногийн өмнө буюу сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн олон нийтэд нээлттэй болох хуультай. Өөрөөр хэлбэл, 2020 оны зургаадугаар сарын 2-ноос нам, эвслийн мөрийн хөтөлбөр олон нийтэд нээлттэй болох юм.