15 нам, дөрвөн эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, бие даагчид мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвсэл СЕХ-нд хүсэлтээ илэрхийлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Нам эвслүүд хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлэн СЕХ-нд хүргүүлнэ.  Харин СЕХ бичиг баримтыг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор буюу энэ сарын 29-ний дотор нам, эвслийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм. Хэрвээ бичиг баримтын бүрдэл дутуу бол нам, эвслийг бүртгэхээс татгалзах эрх СЕХ-нд бий.

Өчигдрийн байдлаар Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр намууд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлжээ. Тэгвэл өнөөдөр МАН, “Та бидний эвсэл” зэрэг 15 нам, дөрвөн эвсэл СЕХ-нд бичиг баримтаа өглөө.

Сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслүүд

Нам, эвслийн нэр

Огноо

Товлосон цаг

1

Эх Орончдын Нэгдсэн нам

2020.04.22

10:00

2

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам

2020.04.22

12:00

3

Их Эв нам

2020.04.22

14:00

4

Зон Олны нам

2020.04.22

15:00

5

Дэлхийн Монголчууд нам

2020.04.22

16:00

6

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
/Монгол Консерватив нам
Монголын Хүний Төлөө нам/

2020.04.23

12:00

7

Ардчилсан нам

2020.04.23

12:00

8

Ард Түмнээ Хайрлая нам

2020.04.23

14:00

9

Ард Түмний нам

2020.04.23

16:00

10

Хөгжлийн Хөтөлбөр нам

2020.04.23

16:00

11

Та бидний эвсэл
/Монгол Ардын Хувьсгалт нам
Иргэний Зориг Ногоон нам
Монголын Уламжлалын Нэгдсэн нам/

2020.04.24

10:00

12

Монголын Ногоон нам               

2020.04.24

10:00

13

Монгол Ардын нам

2020.04.24

12:00

14

Шинэ эвсэл
/Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам
Бүгд Найрамдах нам
Үнэн ба Зөв нам
Монгол Үндэсний Ардчилсан нам/

2020.04.24

12:00

15

Эх орон нам

2020.04.24

14:00

16

Ардчилал шинэчлэлт нам

2020.04.24

14:00

17

Зөв хүн электорат
/Хөдөлмөрийн Үндэсний нам
Монголын Социал Демократ нам
Зүй ёс нам/

2020.04.24

16:00

18

Ард Түмний Олонхийн
Засаглал нам

2020.04.24

16:00

19

Гэр хороолол хөгжлийн нам

2020.04.24

18:00

 

Үүнээс гадна сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтэй хүмүүс өнөөдрийн дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх учиртай. Тиймээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлжээ.

Ингээд СЕХ-нд хүсэлтээ өгсөн зарим нам, эвслийн дарга, ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бие даагчдын хэлсэн үгийг хүргэе.

У.Хүрэлсүх: Парламентад хулгайч хүмүүс битгий байгаасай гэж бодож байна

МАН-ын дарга У.Хүрэлсүх:

-Юуны өмнө МАН албан ёсоор сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох бичиг, баримтаа гардуулж өглөө. Энэ удаагийн УИХ-ын сонгууль цаг хугацаандаа явагдах ёстой. Ард иргэдээ ч сонгуульд идэвхтэй сайн оролцохыг уриалж байна. Дэлхий нийтэд коронавирус гэж цар тахал тарсан. Монгол Улсын хувьд энэ вирус хяналтад байна, тайван гэж хэлж болно. Цар тахал хүндэрсэн улс, орон ч сонгуулиа амжилттай хийсэн байна. Монгол Улсын иргэд ч гэсэн хариуцлагатай сонгуульдаа оролцох байх гэдэгт итгэж байна. Энэ удаагийн сонгуулийг шударга яваасай гэж хүсэж байна. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд явуулна гэдгээ мэдэгдэж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бол хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна. Парламентад хулгайч хүмүүсийг битгий байгаасай гэж бодож байна. МАН-ын даргын хувьд би багаараа сонгуульд өрсөлдөнө.

Н.Энхбаяр: Бид мөрийн хөтөлбөртөө үйлдвэрчний байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг оруулсан

“Та бидний эвсэл”-ийн дарга Н.Энхбаяр: 

-МАН-ынхан хөл хориотой үед биднийг ард иргэдтэй уулзуулахгүй өөрсдөө ялна гэж бодоод байх шиг байна. Эрх баригчид хэдийгээр ингэж төлөвлөж байгаа ч Монголын ард түмэн өөр бодолтой байгаа байх. Хөлийг нь хорьж, идэж уух юмыг нь дуусгаж байгаад, мөнгийг нь өгөхгүй зовоож байгаад ард түмний саналыг авна гэж бодож байгаа бол худлаа. Манай эвсэл “Та бидний эвсэл” гэдэг нэртэй. Бид ард иргэдтэйгээ уулзаж явахад “Та нар л бидний найдвар шүү” гэж хэлсэн. Энэ бол ард түмний өөрийнх нь эвсэл. Бид мөрийн хөтөлбөртөө үйлдвэрчний байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг оруулсан. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгнө. Хэдий болтол ард түмэн ядуу, зүдүү амьдрах юм. Хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчилнө. Бид хөшөө барихгүй. Өөрсдийгөө сурталчилсан ажил хийхгүй. Цэвэр үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийнэ. Ажлын байр бий болгоно. Сүүлийн үед үйлдвэр барьсангүй. Баахан хөшөө барилаа. Мөн зээлийн хүүг бууруулна гэж бид зорьж байгаа.

Н.Алтанхуяг: С.Эрдэнэ намайг АН-аас хассан учраас бие даан нэр дэвшинэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:

-С.Эрдэнэ намайг АН-аас хассан тухай мэдээллийг олон нийтэд өнгөрсөн жил цацсан. Гэхдээ энэ талаар надад мэдэгдээгүй. Намайг намаас хассан гэдэг асуудлын талаар албан ёсоор мэдэгдэхийг хүссэн ч хариулт ирүүлсэнгүй. Тиймээс С.Эрдэнийн цацсан мэдээллийг үнэн гэж ойлгоод бие даан дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Би сонгуульд нэр дэвшье гэж мөрийн хөтөлбөр боловсруулаагүй. Улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй, эртнээс ярьж байгаа гурван зүйл бий. Шударга бусын хонгилыг нураах ажилд оролцмоор байна. Газрын доорх баялгийг ард түмнийх болгомоор байна. Дундаж давхаргыг бий болгоход гар бие оролцъё гэдэг гурван зорилго л байгаа юм.