Сонгуулийн хуулийн заалтыг түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Үндсэн хууийн Цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, тус хуулийн 6.1-т сонгууль товлон зарлахаас өмнө бүртгүүлсэн нам хуулийн шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлнэ гэсэн бол 28.3.1 дэх заалтдаа сонгуульд оролцох хүсэлт илэрхийлэх хугацаанаас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам, эвслийг сонгуульд оролцуулна гэжээ. Энэхүү хоёр заалтыг зөрчилтэй хэмээн Цэцийн Дунд суудлын хуралдаанаас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл сонгуулийн хуулийн заалтыг түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Хэрвээ УИХ уг дүгнэлтийг хүлээж авахгүй бол Цэц Их суудлын хуралдаанаараа маргааныг эцэслэн шийдвэрлэх юм.

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд:

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлт;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар.