Эхийн хэвлийгээс эхлэх тэгш бус боловсрол

Урд хөршийн жишээ л дээ. Хятадын нэг хүүхдэд зургаан халаас байна гэсэн тайлбар бүхий зураг дээр жиргээчид үзэл бодлоо уралдуулж байлаа. Нэг гэр бүл нэг хүүхдийн бодлоготой байсан тус улсад аав ээж, бүр 2 талын эмээ өвөө гэх нийт 6 халаас нийлж хүүхдийг сургаж ирснээр урлагийн болон хэлний өндөр чадвар бүхий иргэд өсөж өндийж буйг тэд ярьжээ.

Энэ үзэгдэл зөвхөн Хятадад ч биш ихэнх Азийн орнууд Солонгос, Японд газар авчээ. “Алтан хүүхэд” гэдэг тусгай нэр томьёо эндээс бий болсон байна. Үүнээс өмнөх арвантай харьцуулахад нэг хүүхдэд ногдох хэрэглээний зардал хоёр дахин өсжээ. Ингэснээр “Алтан хүүхдээ” супер хүмүүжүүлж дэлхийд өрсөлдөх боловсон хүчнийг бэлтгэнэ хэмээн төлөвлөдөг аж.

Манай монгол хүүхдүүд дээрх айлын улсын хүүхдүүдтэй дэлхийд өрсөлдөнө. Яаж өрсөлдөх чадвартай хүүхэд бэлтгэх вэ? Google компанид монгол залуу инженерээр ажилладаг гэх утга бүхий мэдээг монголчууд баярлан угтаж тараадаг. Нэг талаар бахархмаар нөгөө талаас гунигтай л асуудал. Монгол хүн тухайн компанид ажиллах чинээний мэдлэг эзэмшсэнийг баатарлаг үйлс мэтээр хүлээн авч байгаа нь бидний боловсрол дэлхийд ямархан хэмжээнд үнэлэгдэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.

Судлаач А.Долгион

Боловсрол өөрөө тэгш бус байдлыг бий болгож байгаа гол хүчин зүйл болоод буй. Учир нь боловсрол өөрөө тэгш бус хүртээмжтэй. Сайн боловсрол гэдэг маш үнэтэй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр боловсрол олж авахад өнөөдөр ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай болсныг хүн бүр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсрол гэдэг өөрөө эд хөрөнгө шиг тэгш бус байдлын шалтгаан болоод эхэлсэн.

 

Үндэсний статистикийн хороо Дэлхийн банк хамтран хийсэн судалгаагаар Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн дүгнэлт 2018 онд гарсан. Өөрөөр хэлбэл, дээрх гурван хүн тутмын нэг нь өөрт хэрэгцээтэй зүйлсээ авч чадахгүй амь зууж байна. Ийнхүү өрхийн орлого хүртээмжтэй бус байх нь боловсролын ялгааг бий болгох эхний алхам. Хамгийн энгийнээр хэлэхэд, боловсролын ялгаа хүүхэд хэвлийд байхаас эхэлдэг гэж ярьдаг.

Хүүхэд эхийн хэвлийдээ авах ёстой эрдэс бодисоо хангалттай авч чадахгүй бол төрөхдөө төвлөрөх чадвар, сурах чадвар, IQ дээр аль хэдийнэ ялгарал бий болсон байдаг гэж зарим эрдэмтэн үздэг гэдгийг энд дурдъя. 2014 онд нийтлэгдсэн Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны дүнгийн Хүн амын боловсролын байдал гэсэн хэсгээс хуваалцъя.

Нийт хүн амын 25.5 хувь нь бүрэн дунд, 16.7 хувь нь дээд, 14,7 хувь нь суурь боловсрол эзэмшсэн байна.

Боловсролын үзүүлэлт нь хүний нөөцийн үндсэн үзүүлэлт болдог бөгөөд өрхийн аж байдлыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж өгдөг. Улаанбаатар хотын хувьд нийт хүн амын 29.6 хувь нь бүрэн дунд болосвролтой, 25.7 хувь нь дээд боловсролтой байхад аймгийн төвийн нийт хүн амын 27.3 нь бүрэн боловролтой 16.4 хувь нь дээд боловсролтой байна. Хөдөөгийн хүн амын 31.6 хувь нь боловсролгүй, 22.8 нь бүрэн дунд 18.6 нь суурь боловсролтой байж. Бүс нутгаар авч үзэхэд мэргэжлийн болон дээд боловсролтой хүн амын хувийн жин Төвийн бүсэд өндөр байхад боловсролгүй хүн амын хувийн жин баруун бүсэд хамгийн өндөр буюу 30.8 хувьтай дүн гарчээ. Таамаглаж байсанчлан амьжиргааны түвшин ба хүн амын боловсрол шууд хамааралтай буюу амьжиргааны доод бүлэгт дээд, техник мэргэжлийн боловсрол бүхий хүний хувь багасч бага болон бүрэн дунд боловсролтой нь нэмэгдэж иржээ.

Монголд хот хөдөөгийн сургуулийн ялгаа төдийгүй хотын төвийн болон хотын захынх гэдгээр боловсрол авах байдал ялгаатай болсныг өнгөрсөн жилийн нэгэн баривчилгаа гэрчилнэ. Нийслэлийн төвд байрлал бүхий Ерөнхий боловсролын I сургуулийн захирлыг АТГ-ынхан авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан нь тус сургуульд хүүхдээ сургах гэж хичээдгийн нэг илрэл. Хоорондоо 5 хүрэхгүй км зайтай сургуульд суралцсаны төлөө авч чадах боловсролын зөрүү аль хэдийнэ бий болсон нь энэ. Хэн ч хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүсч наад зах нь улсын чанартай гэх сургуульд оруулдаг бол арай боломж бүхий хэсэг нь хувийн сургуульд даатгадаг.

Яг өнөөдрийн байдлаар Монголын нийт баялаг 30 гэр бүлд байгааг хуваах тухай ярихаас илүүтэй тэгш бус боловсрол олгож байгаа тухайгаа бид хөндөх шаардлагатай юм.

Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан судалгаагаар сүүлийн нэг жилийн дотор хувийн болон улсын сургуулийн сурагчдын үнэлгээ эрс өөрчлөгдөн холдож байгааг харуулсан байв.

Судалгаагаар төрийн өмчийн сургуулийн математик, англи хэл, физик гэх мэт гол хичээлүүдийн үнэлгээ сүүлийн гурван жилийн туршид доошилсон үзүүлэлттэй байна. Эцэг, эхчүүд ер нь яагаад аль болох хувийн, төлбөр өндөр сургуульд хүүхдүүдээ сургах гэж хичээдэг вэ гэдэг нь эндээс харагдана.

Төрийн болон төрийн бус сургуулийг төгсөгчдийн дундаж онооны зөрүү биологи 65, математик 74, англи хэл 107 онооны зөрүүтэй байгааг Боловсролын үнэлгээний төвийн 2018 оны тайланд дурдагджээ. Хичээлийн хувьд ийм байгаа бол хичээлээс гадуурх буюу хувь хүний боловсролын хичээл монголчуудад асар дутагдаж буй нь бодит үнэн. Үүний улмаас усанд сэлж чадахгүй, төгөлдөр хуур байтугай хөгжмийн анхан шатны мэдлэггүй хүмүүс амьдралд гарч байна.

Амьдарч байгаа газраасаа авсан боловсрол ялгаатай байхын хажуугаар дугуйлан, сургалтад явах боломж мөн л харилцан адилгүй байгаа юм. Төгөлдөр хуур болон бүжгийн дугуйланд суралцуулахад сарын төлбөр 250-450 мянга гэж үзвэл үндсэн цалин 700 мянган төгрөг авч ипотекийн зээлээ төлдөг гэр бүлийн хувьд боломжгүйд хүрнэ. Харин хувийн сургуулийн суралцагчид дээрх дугуйлан, сургалтад хамрагдах боломжоор хангагдсан байдаг.

Манай улсын ихэнх сургууль 2 ээлжтэй, бүр зарим нь 3 ээлжтэй. Тиймээс нэг хүүхэд сургууль дээр эрдэм ном сурах цаг хомс. Гадаадын болон манай улсын зарим хувийн сургуульд хүүхэд өдөртөө дугуйландаа суралцан сурсанаа бататган өнгөрүүлдэг бол улсын сургуулийн сурагчид дараачийн анги орох хонхны дуугаар гарч гэрийн даалгавраа
л хийх арга үлддэг. Гэтэл бусад улсуудад хэдэн ээлжээр хичээллэдэг он цаг аль хэдийнэ улиран одсон.

Ийнхүү эхийн хэвлийгээс эхэлсэн боловсрол олж авах ялгаа хот хөдөө, хотын төв ба захынх, хувийн болон улсын сургуулийнх гэх мэтчилэн явсаар байна. Үе тэнгийн хоёр хүүхдийн нэг нь хичээлээ давтаж усан сэлэлтээр хичээллэж байхад нөгөөх нь нүүрс, ус зөөж буй нь өнөөгийн төрх.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш байх ёсгүй болдог. Тэгш орчинд индиго хүүхэд тодордоггүй

    0 0 Хариу бичих
  2. Есүст итгэ.библи унш. Бурханы мэргэн ухаан, хүч чадал , үнэн, амь, хэзээ ч нурж унашгүй итгэлтэй болно .ямар ч нөхцөлд амьдрах чадвартай, бууж өгдөгдөггүй болж бэлтгэгдэнэ. дэлхийн хамгийн шилдэг номер 1 ном. дэлхийн хэмжээнд сэтгэнэ. бүр давсан сэтгэлгээтэй болно.

    0 4 Хариу бичих