Хорионы хүүхдүүд

Сургууль, цэцэрлэгтээ явахгүй, хүссэн цагтаа унтаж, сэрж, аав, ээждээ эрхэлж байгаагаар нь хүүхдүүдийг хорионы үеийн хамгийн жаргалтай хүмүүс гэж бодож байна уу. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, гэртээ хүссэн зүйлээ хийх нь хүүхдүүдэд мэдээж хамгийн сайхан. Гэрийн ажил хийж сурах, хувийн ариун цэврээ сахидаг болох гээд хорионы үед хүүхдүүдэд сайнаар нөлөөлж байгаа хүчин зүйлүүд бий. Гэхдээ энэ үед хүүхдүүдэд сайнаасаа илүү хохиролтой зүйл олон байна. Үндсэндээ хөл хорионы үеийн хохирогч нь аж ахуйн нэгжүүдээс ч илүү хүүхдүүд болох нь.

Тэдний боловсрол орхигдож, эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч, нийгэмшиж чадахгүйд хүрэв. Нийтээрээ биш ч хүчирхийлэлд өртөж, цоожтой хаалганы цаана хоолтой, хоолгүй үлдэж байгаа хүүхэд олон бий.

Тэдний нөхцөл байдал хорионы үед бүр ч хүндэрлээ. Энэ хэрээр хүүхдүүдийг хэрхэн хичээлийг нь хийлгэх, уйдаахгүй, хөдөлгөөнтэй, стресстүүлэхгүй, дэлгэцэнд донтуулахгүй, хүчирхийллээс хол байлгах вэ гэдэг эцэг, эхчүүдийн болоод холбогдох байгууллагуудын толгойн өвчин болж байна. Гэлээ ч үхлийн аюулт цар тахлаас сэргийлэхийн тулд хүүхдүүдийг хорионд байлгахаас өөр гарцгүй. Харин энэ бүх эрсдэлээс хүүхдээ хамгаалах боломж эцэг, эхчүүдэд л бий. Ингээд хөл хорионы үед хүүхдүүдийн нөхцөл байдал ямар байгааг цухас өгүүлснээ дэлгэрүүлье.

БОЛОВСРОЛ

Теле хичээлд 903 мянган хүүхэд хамрагдаж байна

Титэм вирусийн халдвар дэлхийн 220 орчим улсад бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод байна. 190 гаруй орон улсын хэмжээнд боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа зогсоосноос нийт 1.7 тэрбум хүүхэд танхимын хичээлд хамрагдахгүйд хүрчээ. Манай улс л гэхэд есдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд танхимд хичээллэхгүй байхаар шийдвэрлэлээ. Тиймээс сурагчдад зориулсан теле хичээлийг зургадугаар сарын 1 хүртэл орон даяар гаргахаар болсон. Албан мэдээллээр улсын хэмжээнд цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган хүүхэд теле хичээлд хамрагдаж байгаа. Үүнээс 640 мянга нь сургуулийн, 263 мянга орчим нь цэцэрлэгийн насны хүүхэд байна.

Тэдэнд зориулсан теле хичээлийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн гаргасан ч хүүхдүүд сүүлдээ анхаарахаа больсныг эцэг эхчүүд хэлэв. Энэ хэрээр теле хичээлийн үр дүн саарах, хүүхдүүдийн боловсрол орхигдох эрсдэл нэмэгдсээр байна. Хот суурин газарт теле хичээлээс гадна ангийн багш нь цахимаар сурагчидтайгаахолбогдож даалгаврыг нь хянаж байгаа. Нүүр тулж уулзаагүй, нүдээрээ харж байж шалгалт аваагүй болохоор аар саархан зүйлээр багшийгаа аргалах асуудлууд ч гарах нь бий. Танхимд хичээллээд, багшаасаа эмээж хичээлээ хийгээд сурчихсан хүүхэд алсын орон зайнаас, амьд биш харилцаанаас мэдлэг олж авах нь эргэлзээтэй. Хүүхдүүдэд ингэж сурах дадал, туршлага байхгүй. Телевизээр хүүхдүүдэд удаан хугацаанд боловсрол олгосон туршлага ч энэ салбарт байхгүй. Харин орон нутагт, тэр дундаа малчин айлын хүүхдүүдийн боловсрол тэр чигтээ хоцорч байна. Мал төллөж, ямаа самнах цагаар хүүхдүүдэд хичээлээ хийгээд суух завдал, зай завсар олдохгүй. Хичээлээ хийгээгүй өөрийнх нь буруу юу, хичээлийг нь хийлгээгүй эцэг, эхийнх нь буруу юу гэдгийг хэлэх амаргүй. Гагцхүү эцсийн эцэст хүүхэд л хохирч байна.

Үүнээс гадна боловсролын байгууллага хичээлийн агуулгад анхаарах цаг болсныг арваннэгдүгээр ангийн нийгмийн ухааны хичээлээс харж болно. Тус хичээлийн үеэр хүн харш жилтэй хүнтэй хамтарч болдоггүй зэрэг мэдээллийг хүүхдүүдэд өгч байна. Энэ нь Ёс зүй сэдэвт хичээлийн агуулга. Ивээл, харш жил ярихаас илүүтэй ёс зүй гэдэг бол хариуцлагатай агаар нэг, бусдыг болоод өөрийгөө хүндэтгэх хэм хэмжээ гэдгийг л ойлгуулмаар байгаа юм. Энэ мэт алдаа дутагдлыг засах шаардлага хаана хаанаа байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг

Цар тахлын хүрээ эрчимтэй нэмэгдэж байна. Дэлхийн 190 гаруй улс орон боловсролын салбартаа үндэсний хэмжээнд хөл хорио тогтоогоод байна. Үүнд 1.7 тэрбум гаруй хүүхэд, залуус хамрагдаад байна. Олон улсад манай улсын хэмжээнд боловсролын салбарын хөл хориог цаг хугацааны хувьд мэдрэмжтэй зохион байгуулсан гэж үзэж байна. Энэ хугацаанд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээл сайн зохион байгуулж байна гэж эцэг эхчүүд, нийгмийн зүгээс сайшааж байгаа. Бид ямар ч байсан хүүхэд, залуучуудын хичээл, сургалтын асуудлыг орхигдуулахгүйгээр анхаарал хандуулж байгаа. Сурагчдад теле, оюутнуудад онлайн хичээл орж байна. Эдгээр хичээлийг тэргүүлэх зэрэгтэй багш нар бэлтгэж буйг онцолъё. Цаашид сургалтын арга хэмжээ теле хичээл болон онлайн сургалтаар явах боломжтой гэж үзэж байна.

Ийнхүү салбарын удирдлага нь теле хичээлийн үр дүнг сайн байгаа талаар дурдав. Тэгвэл үр дүн, хүртээмж нь хэр байгаа нь НҮБ-ын Хүүхдийн сангаас хийх судалгаанаас мэдэгдэх нь. Тус байгууллагаас теле хичээлийн үр дүн, хүртээмжид нь чанарын үнэлгээ хийхээр болсон байна. Үнэлгээг ирэх зургаадугаар сард танилцуулах бөгөөд теле хичээлийн хүртээмж, чанарыг хэмжиж дараагийн хичээлийн жилд агуулгын хоцрогдлыг хэрхэн нөхөх зөвлөмж гаргах зорилготой гэнэ.

ХҮЧИРХИЙЛЭЛ

Хүүхдийн тусламжийн дуудлага 34 хувиар өсжээ

Хөл хорионы хамгийн сул тал нь ахуйн хүрээний архидалт ихсэж, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн явдал. Хоногийн хоолноосоо илүү архины мөнгөө олчихдог, хүйтэн харцаараа эхнэр хүүхдээ гоочилж, хөлчүүрхсэн үедээ гараа шүүстдэг адгуус аятай хүмүүс бидний бодсоноос ч олон. Аав, ээж нь хамт архи уучихаад хүүхдээ мөнгө олж ирэхийг шаарддаг олон хүний мэдээллийг бид сонссон доо. Харуулах хүнгүй учир цоожтой хаалганы цаана хүүхдүүдээ хоолтой, хоолгүй үлдээгээд ажилдаа тэвдэн гүйх ээжүүд ч олон. Харин ийм бараан амьдрал дунд тэмтчин яваа нялх үрсийн нөхцөл байдал хөл хорионы үед бүр ч дордож. Учир нь хорионы үед гэрээс нь өөр архи уучих газар олдохгүй, гэртээ суухаар стресстсээр эцэст нь уур бухимдлаа гэр бүлдээ гаргах хүмүүс сүүлийн саруудад ихэссэн нь тоон мэдээллээс тодорхой харагдана. Тодруулбал, хүүхдийн тусламжийн дуудлага өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн гэсэн мэдээллийг албаныхан өгөв. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар нэмэгджээ. Улмаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 61.6 хувиар, баривчлагдсан этгээдийн тоо 98.7 хувиар тус тус өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн эцсийн хохирогч нь хүүхэд л болдог. Хэрэг, зөрчил нэмэгдэх тусам тэнд хүүхэд л хохирч байна гэсэн үг. Харин хүүхдийг хүчирхийллээс хамгаалахын тулд төр засгаас гадна иргэдийг санаачилга, сэтгэл, зүтгэл гаргаж тэмцэхийг хүүхэд хамгааллынхан уриалж байна. Гэхдээ хүүхдээ хамгаалъя гэж сошиалд бичиж, гудамжинд жагсахгүй зөвхөн өөрийнхөө орчиндоо л хүүхдүүдийг хамгаалж, хүчирхийллийг мэдээлэхэд болно гэв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Хүүхдийн тусламжийн утсанд ирсэн дуудлагад дүгнэлт хийхэд ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл нэмэгдсэн, хүүхдээ үл хайхарсан, хараа хяналтгүй байлгах явдал их байгаа. Өдрийн цагаар ажилтай гээд хүүхдээ орхичхож байна.

 

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан

Ид шидийн орон төвийн хүүхэд хамгаалах байранд ачаалал огцом нэмэгдсэн. Бид бүх үйл ажиллагаагаа зогсоогоод цалингүй чөлөө зарласан ч хамгаалах байрнаас нэг ч хүн цомхтгоогүй. Одоо ачаалал бүр ихсэх төлөвтэй байна. Энэ бол сайн мэдээ биш. Шийдэл асууцгаая. Төр засаг яриад ямар ч нэмэргүй. Ядаж хөрш айлаа л анхаар. Битгий тоохгүй өнгөрөө. Хараал идээд ч хамаагүй хэлж ярь. 108, 107, 102 дугаар руу удаа дараалан дуудлага хий. Өөрийнхөө гудамжиндаа л тэмц. Сошиал бичээд, талбайд жагсаад нэмэр байхгүй. Хүн бүр өөрийнхөө л орчинд хүүхдийг жаахан анхаарчих. Энэ бол шийдэл шүү.

 

СЭТГЭЛ ЗҮЙ

Хүүхдүүдтэй ярилцах нь сэтгэл гутралаас сэргийлнэ

Цар тахлын үед хүүхдүүдэд тулгарч байгаа нэг асуудал нь сэтгэл гутрал. Хүүхдүүд аав, ээждээ нялхамсаж, өмдөндөө шээж, өмнөх шигээ бие даахгүй хөгжлийн өмнөх шат руугаа буцаж байгааг хэвийн гэж бодож байна уу. Тэгвэл ийм шинж тэмдэгтэй хүүхдүүд сэтгэл гутралтай, айдастай байгаагийн шинж. Өглөө бүр цэцэрлэг сургуульдаа явж, найзуудтайгаа уулзаж, дуртай тоглоомоороо тоглодог хүүхдүүд гэнэт л гэрээс гарахгүй болохоор стресстэж, сэтгэл гутралд орж байгаа. Тэд нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж, уйдаж, ганцаардаж, залхаж байгаа учраас дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх, цахим гэмт хэрэгт өртөх, айдас түгшүүрт автах өндөр эрсдэлтэй. Мөн гадуур гарахгүй байх нь хүүхдийн бие болон сэтгэл санаанд сөрөг нөлөө учруулдаг байна. Тухайлбал, ямар нэгэн шалтгаангүйгээр толгой болон гэдэс өвдөх, хар дарж зүүдлэх, өмдөндөө шээх, хумсаа мэрэх, нүдээ цавчлах, хоолойгоо байнга засах зэрэг нь хүүхдийг айдас түгшүүртэй байгааг илтгэдэг аж. Харин унтаж чадахгүй байх, хэт их эсвэл бага идэх, хоолны дуршилгүй болох, хичээлээ хийх сонирхолгүй байх, өрөөнөөсөө гарахгүй, хүмүүстэй ярихаас зайлсхийх, эрч хүчгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл сэтгэл санааны хувьд хямралтай байгааг илтгэнэ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, танин мэдэхүй болон зан үйлд нь ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг анхаарах нь их чухал юм. Ингэхдээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлбэл, хамтдаа даван туулж чадах талаар ярилцаж, өдөр бүр хамт тоглож, агаар салхинд гарч, хичээл хийхэд нь тусалж, өөрт нь ямар байгааг ярилцах хэрэгтэйг мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөв. Үүнээс гадна дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх тусам хүүхэд түгшүүртэй байх, сэтгэл гутралд орох, нойргүйдэх шинж тэмдэг илэрдэг байна.

Түүнчлэн сүүлийн үеийн судалгаагаар зан аашийн эмгэг болон стресс, депрессээр өвчилж байгаа хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь тогтоогджээ. Зан аашийн эмгэг, сэтгэл хямралын давамгайлалт нь амиа хорлоход хүргэдэг бөгөөд энэ үзүүлэлт 52 хувиар өссөн байна. Үүнд голчлон 12-17 насны охид, хөвгүүд өртдөг гэсэн мэдээлэл бий.

Сэтгэл зүйч Т.Хонгорзул

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ярилцах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ айлгачих байх гээд энэ талаар ярихгүй байх нь харин ч айдас түгшүүр үүсгэх магадлалтай. Яагаад гэвэл аав, ээж нь байнга гараа угааж, маск зүүж, цэвэрлэгээ хийгээд “одоо яах бол” гээд байхаар хүүхэд өөрийн эрхгүй айдаст автана. Тэгэхээр энэ өвчний тухай ярихдаа хэн нэгнийг буруутгах, ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа мэтээр ярих хэрэггүй. Үүний оронд өөрсдийн зүгээс юу хийж чадах талаар хэлж өгөх нь чухал. Тухайлбал, гараа яаж угаах, бусдад гар хүрч тэврэлдэж болохгүй, бохир гараараа ам, хамартаа хүрэхгүй зэрэг мэдээлэл өгч болно. Түүнчлэн хүүхдүүдтэйгээ ярилцах, тоглох зэрэгт өдөрт хамгийн багадаа 15 минут зарцуулах хэрэгтэй. Хамгийн чухал нь хүүхдүүдээ маш сайн сонсож, сэтгэл хөдлөл нь ямар байгааг мэдэх хэрэгтэй. Хөл хорионы үед гадагшаа гарч чадахгүй байгаагаас хөдөлгөөний хомсдол үүсэж, энэ нь сэтгэл санаа гутрахад нөлөөлөх талтай. Хөдөлгөөн маш чухал байдаг. Тэгэхээр гэр бүлээрээ ууланд гарах, салхилах, гэр бүлээрээ бүжиглэх зэргээр аль болох хөдөлгөөнтэй байгаарай.

ЭРҮҮЛ МЭНД

Хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчнөөс эцэг, эхчүүд л хүүхдээ хамгаалж чадна

Хүүхдүүд сургууль, цэцэрлэг, олон нийтийн газраар явахгүй байгаа нь бусад халдварт өвчин, ханиад томуу тусах эрсдэлээс хамгаалагдсан гэж болно. Тодруулбал, ханиад томууны гаралтыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3-3.5 дахин буурсныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн. Тэгвэл хөл хорионы үед хүүхдүүдийг ийнхүү коронавирус болоод ханиад томуунаас сэргийлж чадсан ч хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй өвчнүүдийн эрсдэлд оруулав. Гар утас, компьютер, телевиз байнга үзэж, хөдөлгөөн хийдэггүй хүүхдийн дархлаа муудаж, мэдрэлийн ядаргаанд орохоос гадна жингийн илүүдэл, таргалалттай болох өндөр эрсдэлтэй.

Хүүхдийн таргалалт нь дэлхий нийтэд тулгамдаж буй шинэ төрлийн өвчин. Техник технологи хөгжихийн хэрээр хүүхдийн дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж, хөдөлгөөн буурч байгаа. Энэ мэт шалтгаанаас болж дэлхийн хэмжээнд тав хүртэлх насны 40 сая хүүхэд биеийн хэвийн жингээс давсан жинтэй буюу таргалалтад өртсөн гэсэн судалгаа бий. Үүнээс гадна хүүхэд өдөрт хамгийн багаар бодоход таван цаг телевиз үздэг бол түүнд багтраа өвчтэй болох эрсдэл 1.5 хувиар өсдөг байна. Улмаар олон цаг хөдөлгөөнгүй суусан хүүхдэд гэр ахуйн гаралтай харшил буюу гэрийн тоос тоосонцор, амьтны гаралтай үс ноос, хивсний ноос зэрэг тоосонцорт хэд мэдрэг болдог. Улмаар агааржуулалт хийдэггүй бол хүүхдийн амьсгалын замын эрхтэн систем хэт мэдрэг болж, янз бүрийн халдварт өвчин тусах эрсдэл нь нэмэгддэг. Үүнээс гадна таргалалттай хүүхэд бронхит, багтраа өвчтэй байх тохиолдол нэлээд өндөр байдаг. Энэ мэт эрүүл мэндийн эрсдэлүүд хөл хорионд суугаа хүүхдүүдэд байна. Харин ийм эрсдэлээс эцэг, эхчүүд л хүүхдээ хамгаалж чадна. Гэхдээ хөл хорио зөрчиж, гадаа сэлгүүцэж, хүүхдүүдтэй тоглуул гэсэн үг биш. Харин гэрийн нөхцөлд хүүхдийг дасгал хөдөлгөөн хийлгэх, хөнгөн ажилд туслуулах, хүн багатай цэвэр агаартай газар салхилах, гэр бүлээрээ бүжиглэх зэргээр хөдөлгөөний дутагдлыг арилгаж болно.

ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭ

Үхэлд хүргэх, аюул дагуулаа сүлжээнд өсвөр үеийнхэн өртөж байна

Дэлгэцийн донтолт нь дэлхий нийтийг хамарсан нэгэн шинэ төрлийн өвчин. Энэ нь гар утас, компьютер, телевиз зэргийг олон цагаар үзэж, өөрийгөө хянах чадваргүй болохыг хэлдэг. Тэгвэл хорионы үед хүүхдүүд дэлгэцийн донтолттой болох эрсдэл маш өндөр байгааг айл болгонд өдөр бүр олон цагаар дэлгэц ширтэн суугаа хүүхдүүдээс харж болно.

Хүүхэд өдөрт 4-5 цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэц харж байгаа бол донтох эрсдэлд орж байна гэсэн үг.

Ийнхүү хүүхдүүдийг дэлгэцээс уяж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй цахим тоглоом. Өнөөдрийн нөхцөлд зөвхөн хүүхэд ч гэлтгүй томчууд хүртэл pubg тоглоомд
донтсон гэхэд хилсдэхгүй. Цаашлаад кибер тоглоомууд нь харгислал, алан хядлага, хүчирхийллийг хамгийн ихээр сурталчлан харуулдгаас хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйд шууд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Мөн олон улсын нийгмийн сүлжээнүүд өсвөр үеийнхнийг өөрсдийн хувийн мэдээллийг нийтлэх, зураг, сонирхол, тэмдэглэл зэргийг гүйцэд бөглөхийг шаарддаг. Ингэснээр өөрт тохирох найз нөхдөө олох, хүрээллээ үүсгэхэд илүү хялбар мэтээр тайлбарладаг. Ингэснээр хүүхдүүдийг гэмт хэрэгт уруу татах, хүний наймааны золиос болгох нөхцөлөө бүрдүүлдэг. Түүнчлэн тоглоом нэрийн дор өсвөр үеийнхнийг амиа хорлоход хүргэдэг сүлжээний жишээ нь “Цэнхэр халим”. Өөрийгөө зүсэх, хэнтэй ч ярихгүй байх, амиа хорлож буй бичлэг үзэх, эцэст нь өөрийнхөө амийг авах даалгавар өгдөг энэхүү сүлжээний хохирогчид нь ихэвчлэн өсвөр насныхан болдог. Тиймээс хорионы үед уйдаж байгаа хүүхдийнхээ цахим хэрэглээг багасгах, аюултай, эрсдэлтэй зүйлүүдийг ярилцаж ойлгуулах нь чухал юм.

ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

Улс орнууд хүүхдүүдэд мөнгөн дэмжлэг үзүүллээ

Хорионы үед хүүхдэд тулгарч буй бэрхшээлийн талаар цөөнийг дурдлаа. Цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгээ хааж, хөл хорио тогтоосон бүх улсад ийм асуудал бий. Гэхдээ улс орнуудын хандлага, авч буй арга хэмжээ нь өөр өөр. Манай улс л гэхэд халдварын голомт дэлгэрэх үеэр л сургууль, цэцэрлэгээ хааж, шуурхай арга хэмжээ авсан. Ингэхдээ хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх зэрэг чанга дэглэмтэй байгаа. Ийм л хатуу чанга дэглэмийн үр дүнд манайд халдвар тархаагүй байж мэднэ. Мөн 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл манайхаас гадна бусад улс оронд ч хүүхдүүддээ мөнгөн дэмжлэг олгожээ. Тухайлбал, Японд хүүхдүүдэд сар бүр олгодог 5-15 мянган иен дээр нэмж 10 мянган иен олгохоор шийдвэрлэжээ. Тэнд онц байдал зарласан ч манайх шиг хатуу чанга дэглэм барихгүй байгаа аж. Ингэхдээ гэрээс гарахгүй байхыг сануулъя л гэсэн дүрэм баримталж байгаа гэнэ. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүд масктайгаа гадуур гарч, тоглох нь хэвээр байгааг эх сурвалжууд хэллээ. Мөн ОХУ гурав хүртэлх насны хүүхдүүдэд зургадугаар сар хүртэл 5000 рубль олгохоор болсон. Хойд хөршид халдвар эрчимтэй тархаж байгаа учраас хүүхдүүдийг гэрээс гарахыг нь хоригложээ.

Харин АНУ-ын хувьд хүүхэд бүрт 500 ам.доллар өгөх шийдвэр гаргажээ. Тэнд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гаргахыг хориглодог учраас хөл хорионы үед ч хүүхдүүд гадуур гарах нь ховор байна. Харин хүүхдүүдийг уйдаахгүй, боловсролд нь анхаарахын тулд эцэг, эхчүүд хэд хэдэн үр дүнтэй арга хэрэглэж байгаа гэнэ. Тухайлбал, хүүхдүүдийнхээ дунд ном унших уралдаан зарлах, бага насны хүүхэдтэйгээ зураг зурах, будах, сонирхолтой зүйлсийг ярих, хөгжөөнт тоглоом тоглох зэрэг нь хүүхдээ хөгжүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалахад тустай байна.

Ийнхүү цар тахлын үед аль ч улсын иргэд өөрсдийн арга хэрэгслийг ашиглаж хүүхдүүдээ аливаа эрсдэлээс хамгаалахыг эрмэлзэж байна. Хүүхдээ хамгаалах, хохироох эсэх нь эцэг, эхчүүдийн хичээл зүтгэлээс хамаарна. Харин хүүхдээ харж, хамгаалах, хөгжүүлэх үүрэгтэй эцэг, эхийнх нь бага ч гэсэн зав чөлөөг төр засгийн зохицуулалтаар олгох нь зүй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)