Хямралтай хэрхэн тэмцэж байна вэ?

БНХАУ-д аюул дагуулсан коронавирусийн халдвар аль хэдийнэ Азийн улсуудын эдийн засагт хүндрэл үүсгээд байна. Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн Европ, Америк тив төдийгүй дэлхий дахинд энэ аюул сүүдрээ тусгасан юм.

Азийн хөгжлийн банкны энэ сард гаргасан “Азийн төлөв 2020” тайланд дурдсанаар дэлхийн эдийн засгийн жилийн өсөлт энэ оны эхэнд 4.2 хувь байсан бол хоёрдугаар сард 0.1 хувь, өнгөрсөн сард -0.5 хувь болсон юм. Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан ОУВС-гийн дэлхийн эдийн засгийн тайланд ч мөн адил дүр зураг гарсан юм. ОУВС нийт 189 гишүүнтэй. Үүний 90 гаруй нь санхүүгийн дэмжлэг хүсжээ. АНУ-ын эдийн засаг энэ онд 5.9, Европын эдийн засаг 7.5 хувиар буурах хандлагатай байгааг мөн дурдсан. Гэхдээ эдгээр нь урьдчилсан таамаг юм. Энэ сар, магадгүй дараа, дараагийн саруудад нөхцөл байдал бүр дордохыг үгүйсгэх аргагүй. Учир нь ковид 19-н тархалт намдтал улс орнууд урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио, хязгаарлалтыг авсаар байх болно. Үүнийгээ дагаад эдийн засгийн хүндрэл нь улам дордох таамаг байгаа юм. Харин энэхүү хүнд нөхцөл байдлын эсрэг улс орнууд, удирдагчид ямар арга хэмжээ авч байна вэ?

Халдвартай хамгийн түрүүн нүүр тулсан БНХАУ-ын тухайд бодлогын хүү, заавал байлгах нөөцөө буулгаж, жижиг дунд бизнесүүдэд олгох зээлийн нөхцөлөө хөнгөрүүлэх замаар эдийн засгаа дэмжих бодлого барьж буй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын 30-нд БНХАУ-ын Ардын банк зарим нэг санхүүжилтийн хүүгээ буулгаж, зах зээлдээ 50 тэрбум юань нийлүүлсэн. Энэ сард ч дахин бодлогын хүүгээ бууруулж, зээлд юань нийлүүлэх хүлээлт байгаа юм. Учир нь БНХАУ-д халдварын тархалт зогсож, үйлдвэрлэл үргэлжилж байгаа ч хэвийн байдалдаа шилжээгүй.

Тэгвэл өнөөдөр халдвар ид тархаж, хагас сая хүнийг хамраад байгаа АНУ-д ч бодлогын хийгээд, халамжийн арга хэмжээг хослуулан авч байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний зөөлөн бодлого барихаа мэдэгдсэн. Энэ ч утгаараа бодлогын хүүгээ удаа дараа бууруулаад буй. Түүнчлэн зах зээлийг тогтворжуулах, санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх бодлогын хүрээнд бондын худалдан авалтыг өнгөрсөн сард эрчимжүүлсэн. Өөрөөр хэлбэл, мөн хугацаанд бондын худалдан авалтаа 1.5 их наяд ам.доллараар нэмэгдүүлсэн. Эдгээрээс гадна иргэддээ бэлэн мөнгө, хүнсний бүтээгдэхүүн тараах зэргээр тусламж үзүүлж байгаа юм. Тухайлбал, долоо хоногт бүр иргэддээ 80 ам.долларын үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн тарааж байгаа. Баасан гаригийн үеийн мэдээллээр хөл хорионы үеэр АНУ-д 26 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд жагссан гэдэг тоо ч байгаа юм.

Дэлхийн гурав дахь том эдийн засаг Японд сүүлийн нэг сарын хугацаанд онц байдал зарлаж байгаа. Эхлээд Токио, Осока зэрэг долоон бүсэд зарлаад байсан онц байдал өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар бүх мужид болж өргөжив. Японы Засгийн газрын тухайд 989 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний эдийн засгийг дэмжих багц баталсан. Үүний гуравны нэгийг бага орлоготой өрхүүдэд дэмжлэг болгох юм байна.

Халдварын голомтын хоёр дахь давалгаа нөмрөөд буй Европод амаргүй цаг үе үргэлжилсэн хэвээр байна. Евро бүсийн Сангийн сайд нар хагас их наядын эдийн засгийн дэмжих багц хэрэгжүүлэхээр болсон. Австрали улс өнгөрсөн долоо хоногт 200 тэрбум австрали доллар эдийн засагтаа оруулсан. Улс бүр өөрийн эдийн засгийн чадамж, онцлог, цар хүрээнээсээ шалтгаалсан арга хэмжээг авч байна. Ингэхдээ бодлогын, халамжийн арга хэмжээнүүдийг хослуулж байгаа зарим жишээг дурдлаа.

Монгол Улсын хувд мөн л бусад улсын адил мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Төв банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, нэг улиралд хоёр удаа бодлогын хүүг буурууллаа. Ингэснээр мөнгөний бодлогын хүү нэг оронтой тоонд орж 9 хувь болсон юм.

Үүнийг дагаад банкны заавал байлгах нөөцийн хэмжээг ч бууруулсан. Ингэснээр зээлийн хүү буурч, зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээ нэмэгдэх юм. Төв банкны гаргасан төсөөллөөр эдийн засгийн өсөлт хамгийн муугаар бодоход 2.3-2.5 хувь хүртэл буурахаар байгаа юм. Харин хамгийн сайнаар төсөөлөхөд эдийн засгийн өсөлт нь төсөөлж байснаас нэг нэгж хувиар буурч, 4.1-4.2 орчимд хүрэхээр төсөөлөөд буй.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд

Ерөнхийдөө улс орнуудын нөхцөл байдал адилхан байгаа. Өөрөөр хэлбэл, Коронавирусийн тархалтын улмаас тодорхой хориг арга хэмжээнүүд тавигдсанаар үйлдвэрлэлүүд буурч байна. Үүнийг дагаад иргэдийн цалин орлого, хэрэглээ буурах эрсдэлийг үүсгэж байгаа. Тэгэхээр Төв банкууд үүний эсрэг эрэлтийг дэмжих, хэрэглээг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын арга хэмжээг авч байна гэсэн үг.

Мөнгөний зөөлөн бодлогоос гадна Монгол Улс эдийн засгийг дэмжих багц аргахэмжээ хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд 5.1 их наяд төгрөгийн долоон төрлийн (НДШ тэглэх, ХХОАТ- аас чөлөөлөх, ажилчдад 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчдад олгох зээлийн хүүгийн зөрүүг даах...) багц арга хэмжээ авах юм. Үүний дийлэнхийг буюу 3.2 их наядыг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна. Үүнээс гадна импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор Засгийн газар ОХУ-аас болон тус улсаар дамжуулан импортлож буй цагаан будаа, улаан буудай, өндөг, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулсан. Мөн бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлнө.

Түүнчлэн бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах татварыг хуулийн хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлнө. Мөн COVID-19 вирусийн халдварын улмаас санхүүгийн хүнд нөхцөл байдлын үед иргэдийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гаргаж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 сараар хойшлуулах санал ч гаргаад байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)