Хөл хорио зөвхөн хүмүүст сөргөөр нөлөөлсөнгүй

Германы “Наймунстер” амьтны хүрээлэнгийн удирдлагууд үйл ажиллагаагаа эхлүүлэхийг уриалж, хандив тусламж хүсч, Засгийн газраас олгох 100 сая еврогийн тусламжийн багцад амьтны хүрээлэнгүүдийг хамруулах хүсэлт тавьсан байна. Коронавирусийн хөл хорио тогтоосны улмаас үйл ажиллагаа нь зогссон амьтны хүрээлэн ямар ч орлогогүй болж, амьтдаа тэжээх боломжгүй байдалд хүрсэн тухай BBC агентлаг мэдээлжээ.

Ингэснээр амьтдыг өөр нэг амьтнаар хооллоход хүрч байгааг тус амьтны хүрээлэнгийн захирал Верена Каспери ярьжээ. Тэрээр “Бид амьтдаа аль хэдийнэ жагсаагаад эхэлсэн. Аль нэгийг нь түрүүлж нядлах хэрэгтэй болно шүү дээ. Энэ мэдээж тийм амар зүйл биш. Гэхдээ л үүнээс өөр сонголтгүй болж байна. Бүгд өлбөрч үхэхийг нь харснаас арай дээр сонголт гэж бодож байна” хэмээн ярьсан байна. Далайн хав, оцон шувуу зэрэг амьтдыг өдөр бүр шинэ загасаар хооллох шаардлагатай байдаг ба одоогоор энэ амьтны хүрээлэн 175 мянган еврогийн алдагдалд ороод байгаа аж.

Коронавирус зөвхөн хүний амьдралд төдийгүй амьтдын амьдралд ч гүн мөрөө үлдээж байгааг цаг үеийн дээрх мэдээнээс харж болохоор байна. Зоопаркийн амьтад ийнхүү хүний гар дээр амиа алдах дээрээ тулж байгаа бол гэрийн зарим тэжээмэл амьтад эзэн нь вирусийн улмаас нас барахад гэртээ үлдэж өлбөрсөн жишээ байгааг амьтан хамгаалагчид дурджээ.

Вирус эхэлж тархсан Ухань хотын оршин суугчдын гэртээ үлдээсэн тэжээвэр амьтад өлсгөлөнгийн улмаас үхэж магадгүй гэж “Известия” сонин бичиж байжээ. Хөл хорио тогтоохоос өмнө муур, нохойгоо гэртээ орхин хотоос гарсан иргэд эргэн нэвтэрч чадахгүй байв. Орон нутгийн засаг захиргааны мэдээлснээр 11 сая хүн амтай хотын таван сая оршин суугчаа хотоо орхин гарсны дараа саяхнаас л эргэн очиж байна. Харин Ухань хотод 600-800 мянган муур, нохой байдаг гэнэ.

Хорионы улмаас гэртээ харьж чадахгүй болсон иргэд хүргэлтийн үйлчилгээнд хандан нохой, муурандаа хоол худалдаж авах улмаар хооллох захиалга ихээр өгч байсан хэдий ч орхигдсон амьтад олон байгаа ажээ.

Манай улсад л гэхэд Хан-Уул дүүрэгт байрладаг “Улаанбаатар Зоо & Аквариум” амьтны хүрээлэн хөл хорионы үеэр үйл ажиллагаагаа зогсоосны улмаас санхүүгийн хүндрэлд орчихоод байгаа аж. Тиймээс тус хүрээлэнгийнхэн амьтанд хайртай хүмүүс, олон нийтээс хандив тусламж хүсэж байсан юм.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор үйл ажиллагаагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нөөс зогсоогоод байна.

Эхний хоёр сарын хугацаанд хүрээлэнгийн хамт олон дотоод нөөц бололцоогоо ашиглаж, амьтдын хоол тэжээлээс эхлүүлээд, ажилчдын цалин хөлс, ашиглалтын зардлаа зохицуулж ирсэн ч өнгөрсөн сарын дунд үеэс нөхцөл байдал хүндэрч, цахилгаан, дулааны төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрчээ.

Тиймээс “БНХАУ улсын Ухань хотод гарсан Covid-19 вирустай холбоотой манай үйл ажиллагаа 2-р сарын 23-наас 4 сарын 30 хүртэл түр зогссон. Гэсэн хэдий ч түрээс, дулаан, цахилгаан, ус, амьтдын хоол хүнс, асаргааны зардал, мал эмнэлгийн зардал тогтмол гарч, манай санхүүгийн байдалд маш хүнд тусч байна.

Дулаан, цахилгаан, ус тасрахад хүрвэл манай амьтны хүрээлэн маш том эрсдэл үүсч, 40 гаран нэр төрлийн загас, 20 гаран нэр төрлийн далайн загас амьтад, 20 орчим төрлийн хэвлээр явагч амьтан, 20 гаруй нэр төрлийн жигүүртэн шувуу, 30 гаруй нэр төрлийн амьтад, нийт 200 гаруй амьтад цаашид амьдрах нөхцөлгүй болно. Энэ нь манай амьтны хүрээлэнд маш том эрсдэл болоод байна.

Манай үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхлэхэд үүссэн өр, төлбөрийг барагдуулж ажиллах болно. Иймд манай амьтны хүрээлэнгийн дулаан, цахилгаан, усыг таслахгүйгээр дэмжлэг үзүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсье” хэмээн хариуцсан байгууллагууд руу хандаж хүсэлт илгээж байжээ. Үүний дараа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” болон “УБ дулааны сүлжээ” ХХК-ийн удирдлагуудын зүгээс дуудаад “Дараагийн төлбөр гарахад ямар ч байсан таслахгүй байх арга хэмжээ авч өгье” гэсэн хариу өгсөн.

Хөнгөлөлт үзүүлж чадахгүй нь, харин төлбөрөө дараа нь төлөхдөө бага багаар цувуулдаг ч юм уу, тиймэрхүү байдлаар төлөх гэрээ хийж болно гэсэн хэмээн “Улаанбаатар Зоо & Аквариум” амьтны хүрээлэнгийн захирал Б.Оргил ярьж байлаа. Хөл хорио тогтоосонтой холбоотой үйл ажиллагаа зогсонги байдалд орж, нийт 200 гаруй амьтад
хоол, цахилгаангүй цаашид амьдрах нөхцөл хомс байгаа учраас урьдчилсан захиалгаар тасалбар авах аян өрнүүлэхэд иргэд ихээхэн идэвхтэй оролцож байсан. Гэхдээ зарим нэг хүн энэ үйл ажиллагааг шүүмжилж байсан учраас хандивын аян, урьдчилсан захиалгаа түр зогсоогоод байгаагэж байлаа.

Тус амьтны хүрээлэн амьтдаа бүгдийг нь үржүүлгийн газар болон хувь хүмүүсээс худалдан авч, хүүхдийн танин мэдэхүйг тэлж, хүрээлэн буй орчинтой танилцуулж, амьтдыг хайрлах сэтгэлийг төрүүлж, оюуны хөгжилд нь хувь нэмэр оруулах зорилготой үйл ажиллагаа эхлүүлж байжээ. Энэхүү амьтад байгаль дээр амьдарч, хоол тэжээлээ өөрсдөө олж идэх чадваргүй, хүний гар дээр өсөж, үржсэн амьтад гэнэ. Эднийд байгаль дээрээс барьж авсан нэг ч амьтан байхгүй бөгөөд одоо байгаа мануул, хярс нь хавханд орж гэмтсэн байхад нь олж аван эмчлэн, гаршуулан тэжээж байгаа гэлээ.

Тус хүрээлэнгийн сармагчин нь гадил, эрдэнэ шиш, хүүхдийн сүү, төрөл бүрийн жимсээр хооллодог бол, илбэнх нохойн хоол, төрөл бүрийн самар, мануул адууны мах, мэрэгч амьтад салатны навч, лууван байцаа, хорголжин тэжээл хивэг буудай иддэг байна. Тэдний үйл ажиллагааг дэмжигч нь сайхан сэтгэлтэй бяцхан зүрхнүүд байдаг бөгөөд амьтдад дуртай хүнсийг нь авч өгөөрэй хэмээн хандив өгсөн хүүхэд олон байгааг нэр овгоор нь хэлж байлаа.

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжид мал амьтан, гэрийн тэжээмэл амьтдаас хол бай, бүү ойрт гэсэн байгаа. Тэгэхээр хөл хорио тавигдсан ч эцэг эхчүүд нэг хэсэгтээ амьтны хүрээлэнд хүүхдээ дагуулж ирэхгүй байх сөрөг нөхцөл байдал гарч мэдэх юм. Энэ хугацаанд яах вэ гэсэн асуултад

“Нээгдлээ гэхэд эхний нэг cap үйлчлүүлэгч ирэхгүй байх гэж тооцоолж байгаа шүү дээ. Хэдийгээр карантинтай байгаа, үйлчлүүлэгчгүй болсон, олны хөл гишгэхгүй байгаа ч гэсэн бид тогтмол хугацаанд нь мал эмнэлгээ дуудаж, вакцин хийлгэдэг, амьтдаа вакцинд нь хамруулаад л, үзлэгтээ ороод л явж байна. Халдваргүйжүүлэлтээ ч цаг тухайд нь хийж байгаа. Хүрээлэн дотроо амьтан маллагч, тэжээгч, асрагчид нь ажиллаж байгаа” гэж хүрээлэнгийнхэн хэллээ.

Хүрээлэнгийн хамгийн сүүлийн үйл явдлаас онцлох юм бол шиншилла нь 3 дугаар сарын 26-нд төрж ихэр зулзага төрүүлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)