Сэхээрэл

Рабби буюу багш гэгддэг нэгэн номч байжээ. Гэгддэг гэхийн учир нь тэр хүн үнэн хэрэгтээ гэгээрээгүй байж. Жинхэнэ багш – рабби байна гэдэг гэгээрэхийн нэр. Хүмүүст л рабби гэж хүндлэгдсэн тэрээр зэргэлдээх тосгоноос гэртээ харьж яваад нэг шувуу барьсан хүнтэй таарч, хэдэн зоосоор шувууг нь худалдан авчээ. “Сайхан шувуу юм, гэлээ ч гэртээ хариад өлөн ходоодоо чамаар дүүргэхээс дээ” гэж бодтол нөгөө шувуу нь:

- Ийм юм битгий бодооч гэж хүний хэлээр хэлэв. 

Рабби ихэд цочин:

- Юу вэ, сая чи үг хэлэв үү гэхэд нь

- Тийм ээ, би бол жирийн шувуу биш. Жигүүртэн дотроо л рабби юм даа. Намайг суллана гэж амлах юм бол чамд маш чухал гурван зөвлөгөө өгье гэжээ. 

“Энэ шувуу ярьж чаддаг болохоор мэддэг байж таарна” гэж рабби дотроо боджээ. Энэ бол бидний шийддэг арга маяг: “Ярьдаг хүн мэддэг байж таарна.” Ачир дээрээ ярих амархан, мэдэх бэрх. Мэдэхгүйгээр ярьдаг байж болно. Ярихгүйгээр мэддэг байж болно. Ярих, мэдэх хоёр ямар ч авцалдаагүй. Даанч бидний хувьд ярьдаг хүн л мэддэг нэгэн болдог. 

- За тэгвэл надад гурван зөвлөгөөгөө өгнө үү, би чамайг суллана гэж раббиг амлахад шувуу номлолоо тавив. 

- Эхний зөвлөгөө: Баян ноён байна уу, бадарч даяанч байна уу хэн байх нь хамаагүй хий хоосон, утга учиргүй юм ярих юм бол түүнд нь бүү авт.

- За.

- Удаах зөвлөгөө: Үргэлж бүтэлгүйтэх учраас боломжгүй зүйлд цаг, хүчээ бүү үр. Чадлынхаа хэрийг мэдэж бай. Хэмжээгээ мэдэх нь мэргэн, мэдэхгүй нь тэнэг. 

- За.

- Гуравдахь зөвлөгөө: Хэрэв чи сайн үйл хийсэн бол хойноос нь хэзээ ч бүү харамс. Саар муудаа л харамсаж бай. 

- За.

Эдгээр зөвлөгөө раббид таалагдсан тул шувууг суллаж тавив. Гэр рүүгээ баяр хөөртэй алхах зуур “Дараа долоо хоногийн номлолдоо энэ дүрмүүдийг хүмүүст хэлж өгье. Мартахгүйн тулд гэртээ очоод ханан дээрээ сийлэх юм шүү” гэж боджээ. 

Тэгтэл нөгөө шувуу нь модон дээр суугаад хүд хүд инээж байхыг харсан рабби:

- Юу болоо вэ гэж асуув.

- Чи ч усан тэнэг юм аа. Миний гэдсэнд асар үнэтэй очир алмааз бий. Хэрэв чи намайг төхөөрсөн бол энэ дэлхийд цуутай баян болох байлаа.

Энэ үгийг сонсоод раббигийн зүрх дэлсэж “Нээрээ би тэнэг хар толгой юм даа” гэж харуусалд автав. Тэгээд авч явсан ном судраа газарт хаяад мод руу авирч эхлэв. Хижээл настай тэр рабби хэзээ ч модонд авирч үзээгүй юмсанж. Ойртох тусам нь шувуу илүү өндөрт өөр мөчир дээр нисэн бууж байв. Эцэст нь модны оройд хүрч шүүрэн авахын даваан дээр шувуу тэнгэрт дэрхийн нисэв. Хөөрхий эр хөл алдан өндөр модноос ойчиж, хамаг биеэ няцалж ёолон гаслав.

Шувуу эргэж буугаад:

- Тэнэг минь, эхлээд чи миний гэдсэнд эрдэнэ байгаа гэсэн хий хоосон үгэнд итгэлээ. Дараа нь хэрээ мэдэхгүй, бяраа танихгүй модонд авирч, нүцгэн гараараа шувуу барих гэж эргүүтлээ. Бас намайг чөлөөлж сайн үйл хийсэндээ харамсаа биз? Одоо гэртээ хариад дүрмээ бичиж цээжлээд, дараа долоо хоногт сүмдээ очиж номлолоо тавиарай гэжээ. 

Энэ бол суртал номлогчдын авир төрх. Өөрөө ойлгоогүй мөртлөө өрөөл бусдаас хуулсан дүрэм сахил өвөртөлж явдаг. Хуулмал дүрэм ачаа тээш болж дардаг бол ухаарал сэхээрэл хүнд жигүүр болдог. Сэхээрсэн тохиолдолд ой санамж шаардлагагүй. Яс, чөмгөнд шингээстэй учраас санаандгүй үйлийг ч аясаараа зална. Дүрэм ёс ягшмал атал амьдрал урсмал билээ. Агшин хором бүхэн дахин давтагдашгүй. Ягшмал дүрэмд баригдсан хүн агшин агшны урсгалд яаж зохицох вэ. Гэгээрэлд зорьсон хүчин чармайлт бүхэлдээ хэрхэн гэсэх, хэрхэн уян хатан болох тухайд л багтдаг. Мөс шиг биш, ус шиг бай. Амьдрал үргэлж өөрийгөө шинэчилж байдаг учраас дүрэм ёс биш, зөвхөн сэхээрэл хариу зохирч чадна. 

- Ошо “Өвс өөрөө ургана” 

(АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал)


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)