Хорт хавдрыг эмчлэхээсээ илүү эрт илрүүлэх нь чухал

“Маргааш миний 10 дахь химийн эмчилгээ эхэлнэ. Энэ өвчинтэй тэмцэж эхлээд аль хэдийнэ 10 сар болсон байна. Энэ хугацаанд гэр бүл, хайртай эгч , ах, найзуудаа асар их сэтгэлийн зовлонд унагааж утсан чинээ улаан амиа авч үлдэх гэж хичээж байна.

Анх 2019 оны гуравдугаар сард оношоо мэдээд өнөөдөр амьдрал дуусах юм шиг санаж, хэдэн өдөр шаналж уйлах гээд нулимс ч гарахгүй ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байлаа. Гадагшаа явж эмчлүүлнэ гэдэг санаанд багтаагүй. Санхүүгийн хувьд, бас бага насны хоёр хүүхдээ хаяад явах зүрх хүрээгүй. Хэзээ үхэхээ мэдэхгүй байж амьдралд үлдсэн хэдхэн хоног байвал түүнийгээ гэр бүлтэйгээ өнгөрөөхийг хүссэн. Харин 2019.09.25-нд би алтан гартай эмч нарт өөрийгөө даатгаад хагалгаандаа орж маш амжилттай болсон. Хагалгааны дараа эмч хэлэхдээ бүдүүн гэдэсний хавдар хатаж хорчийсон хавдрын хортой шинж нь байхгүй болсон, химийн тариа нь их сайн үр дүнгээ өгчээ гэсэн. Одоо миний гэдсэнд хавдрын голомт байхгүй элэгний хавдар тархалт их хэмжээ нь том байсан учраас одоо үлдсэн хавдартаа хими хийлгэж байна. Энэ хугацаанд би их мөнгө зарцуулсан. Улсаас хавдартай хүмүүсийнхээ эмчилгээнд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг, даатгалд хамруулдаг бол олон гэр бүлд аз жаргал, элэг бүтэн амьдрал бэлэглэнэ” хэмээн Базаррагчаагийн Түмэндэмбэрэл гэдэг өвчтөн бичжээ. Яг ийм аюулт өвчин, зовлонтой учирч үхэл амьдралын ирмэгээр хамаг байдгаа шавхан тэмцэж яваа олон мянган иргэн байна.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор манайд жил бүр 6000 хүнээс шинээр хорт хавдар илэрдэг. Тэдний 70-80 хувь нь хожуу, буюу дээрх тохиолдол шиг үсэрхийлсэн, хүнд үедээ илэрдэг байна. Тиймээс хорт хавдартай хэмээн оношлогдсон иргэдийн 60 хувь нь тухайн жилдээ амиа алдаж байна.

Хорт хавдраар өвчилсөн хүмүүс асар их хэмжээний санхүүгийн дарамттай тулгардаг. Орон байраа зарна, өр зээлд унана. Мөнгөтэй олны танил байлаа ч санхүүгийн дарамтад орж хандивын аян зарлаж байгааг та бид харж байгаа. Бусад олон улс оронд энэ эмчилгээний зардлыг улс нь, эрүүл мэндийн даатгал нь хариуцаж даадаг тул өвдсөн хойно нь 50 мянган ам.доллар зарцуулахын оронд эрт илрүүлэхэд нь 50 ам.доллар зарцуулахыг чухалчилдаг байна. Тиймээс эрсдэлт бүлгийг тодорхойлж хорт хавдрын хяналт, эрт илрүүлэгт онцгой анхаарал хандуулдаг ажээ. Харин бид эрт илрүүлгийг хангалттай сайн зохион байгуулж чадахгүй илэрсэн хойно нь өрөвдөж суухаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай.

Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг дэлхий нийтээр хавдрын эсрэг өдөр хэмээн тодорхойлсон.Монголд өдөрт дунджаар 16 хүн хавдраар өвдөж, 12 хүн амь насаа алддаг гэсэн харамсалтай статистик бий. 3.2 сая хүн амтай манай улсын хувьд энэ бол үнэхээр эмгэнэл, айдас, түгшүүр. Хавдар бол халдварт өвчин биш. Шинэ төрлийн коронавирус шиг халдварлагддаггүй, тархдаггүй. Тиймээс жил бүр 4000 иргэнээ алдсаар байх уу, үгүй юү гэдэг нь хувь хүний хариуцлага, эрүүл мэндийн салбарын менежмент, эрт илрүүлж чадах эсэхээс хамаарах юм. Харамсалтай нь эрүүл мэндийн салбарын хөгжил, ажлын зохион байгуулалт иргэдийн сэтгэлд хүрэхгүй байна. Тухайлбал, 38 жилийн өмнө баригдсан эмнэлгийн барилга нь өнөөдрийн хавдрын тусламжийн хэрэгцээ, шаардлагын хаана ч хүрэхгүй байгаа нь бодит байдал. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл нь хуучин эмнэлгээсээ дор, чанаргүй баригдсан, гарц орц ч шийдэгдээгүй гэдгийг салбарын эмч мэргэжилтнүүд нь ярьж байна.

Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын хоёрдугаарт хорт хавдар хэмээх аюулт өвчин 1995 оноос хойш бичигдсээр иржээ. 2019 оны мэдээгээр манай улсын хүн амын нийт нас баралтын 25 хувийг эзэлж байна. Ийнхүү тоо баримт байсаар атал Монгол Улс хавдрын өвчлөлд тавих анхаарлаа мэдэгдэхүйц байдлаар сайжруулсангүй. Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр хэмээн хэрэгжүүлж эхэлсэн ч удалгүй халдварт бус өвчний хөтөлбөрт шилжүүлэж үл тоосон тохиолдол ч гарсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 197.9 байгаа бол манай улсад энэ үзүүлэлт 229.2 байгаа ажээ. Мөн 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтын дэлхийн дундаж үзүүлэлт 101.1 байгаа бол манай улсын үзүүлэлт 170.2 байна гэсэн судалгааны дүн гарчээ.

Дэлхий дээр жилд 18 сая хүн хорт хавдраар өвдөж, 9.6 сая хүн нь нас бардаг байна. Манай улсын хувьд цаашид хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай тооцоолол байгааг гавьяат эмч Ж.Чинбүрэн дуулгасан бөгөөд 2040 он гэхэд жилд 10 хүн хорт хавдраар оношлогдох тооцоолол гарсныг хэлж байна. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар 2025 он гэхэд дэлхий дээр 32 сая хүн хорт хавдартай болох бөгөөд үүнээс 8.2 сая хүн амь насаа алдах тооцоолол гарсныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцолсон нь бий.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)