Б.Бат-Эрдэнэ: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах иргэд төлбөрийн баримтаа авахаас эхлээд анхаарах хэрэгтэй

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Татвар төлөгчдийн өдрүүд болж өнгөрлөө. Эдгээр өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 21 дэх удаагаа болж  байна. Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахлын үе учраас “Эрсдэлийн эсрэг хамтдаа” уриан дор цахимаар зохион байгуулж байгаа нь энэ жилийн онцлог юм даа. ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн уралдаан,эссэ бичлэг, тик ток бичлэгийн уралдаан, татвар төлөгчдийн эрхийг таниулах зорилгоор олны танил хүмүүсийг оролцуулсан  цуврал сурталчилгаа, татварын албаны үйлчилгээг цахимаар авах тухай олон төрлийн сурталчилгаануудыг бэлтгэж мэдээллийн хэрэгслүүдээр түгээж байна. Цар тахлын үед эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч татвар төлөх үүргээ сайн биелүүлж байгаа татвар төлөгчиддөө үүргээ биелүүлж байгаад нь талархсанаа илэрхийлэх ёстой. Mонголын татварын албанаас хамгийн их ашигтай ажилласан, хамгийн олон ажлын байр бий болгосон, хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан алдаршуулж байна.

-Коронавирусийн хөл хорионы үед татвар төлөгчдөд хэрхэн үйлчилж байгаа вэ?

-Татварын бүхий үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх талаар шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ. Ялангуяа хөл хорионы үед нэлээд ажлууд хийгдэж байна. Тухайлбал, татвар төлөгч шинээр бүртгүүлэх, тайлангаа илгээх, засварлах, тодорхойлолт авах, төлсөн татвараа харах, сургалт зөвлөгөө авах автомашины татвараа төлөх гээд олон үйлчилгээг цахим хэлбэртэй болгосноор татвар төлөгчид маань хүндрэл чирэгдэлгүй, цаг заваа хэмнэсэн олон үйлчилгээ авах боломж бүрдлээ. Жишээлбэл, “Цахимаар төлж цагаа хэмнэе” уриан доор манай ажилтнууд  ЧД-ийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран  хөл хорионы үеэр маскаа зүүгээд Баянбүрдийн уулзвар орчимд жолооч нарт татвараа цахимаар төлөх тухай гарын авлага өгч байна. Автомашины татвар төлөх 7 арга зам бий болсноос хамгийн дөт нь е-баримт апликейшнийг ашиглаад 20 секундын дотор төлөх үйлчилгээ нэвтрүүлсэн. Ингэснээр жолооч нар хаа дуртай газраасаа гар утсаараа татвараа төлөх боломжтой боллоо, цаашид ч олон үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.

Хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотойгоор иргэд дараах зүйлүүдэд анхаармаар байна. нэгдүгээрт гэвэл, и-баримтаа авах. Өөрөөр хэлбэл, оюутан хүүхдийн сургалтын төлбөр төлсөн баримтаа, амьдран суух орон сууц худалдан авсан бол баримтаа авах хэрэгтэй гэсэн үг. Энэ баримт нь дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан буюу бар кодтой баримт байх ёстой. 

Хоёрдугаарт, татварын хөнгөлөлтийн талаар зөв ойлголттой болох, жишээ нь бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтөө зэрэг эдлэх боломж бүрдсэн, тухайлбал хүүхдийн сургалтын төлбөр, орон сууцны 6 сая төгрөгийн хөнгөлөлтийг зэрэг эдэлж болно гэсэн үг. 

-Цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралыг даван туулахад татварын байгууллагын үүрэг оролцоо нэн чухал байх нь ойлгомжтой. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

  -Тиймээ, коронавирустай холбоотойгоор дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж эхэллээ, энэ хямрал манай улсын эдийн засагт ч хүчтэй нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй. Засгийн газраас гарсан шийдвэрүүдийг гардан хэрэгжүүлэгч нь татварын байгууллага учраас бид энэ тал дээр идэвхтэй ажиллаж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу татварын хөнгөлөлтийн талаарх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвүүдийн түрээсийн төлбөр буурсан байгаа, энэ хэмжээгээр орлогод ногдох татварыг хөнгөлөх, мөн цалин хөлстэй холбоотой татварыг хөнгөлөх зэрэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бүхий л ажлууд хамаарч байна. Манай хамт олон эдгээр ажлуудыг өөрсдийн нөөц бололцоогоороо аль болох шуурхай зохион байгуулан татвар төлөгчдөд мэдээллийг хүргүүлж байна.

-Энэ оны эхнээс татварын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгжүүдэд ямар шинэ боломжууд нээгдэж байгаа вэ? 

-2020 оны 1-р сарын 1-нээс татварын багц хууль шинэчлэгдэн мөрдөгдөж байна. Энэ хуулиар олон шинэчлэл хийгдсэн. Тухайлбал: Хөрөнгө оруулалтыг дэмжсэн, татварын ачаалалыг бууруулах чиглэлээр татвар төлөгчдийг сегментээр ангилж хялбаршуулсан горимоор тухайн онцлогт нь нийцсэн байдлаар тайлан гаргахад жишээ нь ЧД-ийн нийт аж ахуйн нэгжийн 76% орчим нь хялбаршуулсан  горимд шилжих боломжтой байна. Хуулийн шалгуур хангасан бүх төрлийн зардлыг хасах, зөрүүтэй тайланг нэг жилийн дотор залруулах, тайлангийн хугацааг сунгуулах, хүндрэлтэй нөхцөл үүссэн тохиолдолд өр төлөх хугацааг 2 жил хүртэл сунгах, иргэний хувьд шинээр орон сууц худалдан авсан бол 6.0 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт эдлүүлж буцаан олгох гээд олон боломж нээгдсэн. Эрх, үүргийн шинэчлэлүүд ч олон хийгдсэн. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд татварын шинэ хуулиа сайтар судлан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх нь чухал болоод байна.  

 Иргэдийн хувьд itax.mta.mn –ээр бүх төрлийн татварын үйлчилгээгээ авч, төлсөн татвараа иргэний үнэмлэхнийхээ QR кодыг уншуулж харах болон хянах боломжтой болсон. Тиймээс иргэд та бүхэн өөрсдөө аль ч зах худалдааны төвөөр үйлчлүүлсэн төлбөрийн баримтаа хэлээд авах боломжтой болсон шүү гэдгийг хэлье.

-Энэ онд татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд танай дүүргийн хэмжээнд хичнээн хүн хамрагдаж, хэдэн төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлээд байгаа бол, мөн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахын тулд цаашид юунд анхаарах ёстой вэ?

-Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь 2019 онд 2027 татвар төлөгч иргэний хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайланг хүлээн авсан. Энэхүү тайланд үндэслэн нийт 1,317,778,442.00 төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд гэвэл 16 аж ахуйн нэгж хөнгөлөлтийн тайлангаа ирүүлж 102,674,391.87 төгрөгийн албан татварыг хөнгөллөө. Мөн зохих шаардлагад нийцсэн брокер дилерийн үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг 6 аж ахуйн нэгжийн 366,147,129.56 төгрөгийн орлогыг чөлөөлсөн байна. Хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотойгоор иргэд дараах зүйлүүдэд анхаармаар байна. нэгдүгээрт гэвэл, и-баримтаа авах. Өөрөөр хэлбэл, оюутан хүүхдийн сургалтын төлбөр төлсөн баримтаа, амьдран суух орон сууц худалдан авсан бол баримтаа авах хэрэгтэй гэсэн үг. Энэ баримт нь дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан буюу бар кодтой баримт байх ёстой.

Хоёрт, татварын хөнгөлөлтийн талаар зөв ойлголттой болох, жишээ нь бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтөө зэрэг эдлэх боломж бүрдсэн, тухайлбал хүүхдийн сургалтын төлбөр, орон сууцны 6 сая төгрөгийн хөнгөлөлтийг зэрэг эдэлж болно гэсэн үг. Иргэд аль нэг хөнгөлөлтийг л эдлэх боломжтой гэсэн буруу ойлголттой байдаг учир үүнийг зориуд хэлэхийг хүсч байна. Гуравт, хадгаламжийн хүүгийн орлого болон түүнд төлсөн татвараа тайландаа үнэн зөв тусгаж байх хэрэгтэй. Учир нь банкинд хадгалуулсан орлогод хүү бодогддог, хүүний орлогоос банк татвар суутган аваад татварын албанд шилжүүлдэг учраас энэ орлогод төлсөн татвараа эргүүлж авч болно, тиймээс үнэн зөв мэдүүлэх нь чухал. Мөн цалингийн орлогоос гадна үйл ажиллагааны орлого, хөрөнгө зарсан орлого зэрэг бусад бүх орлогоо татварын тайландаа заавал тусгаж өгөх хэрэгтэй.

-Иргэн, аж ахуйн нэгжүүд татвараа цахимаар төлдөг болсон, мөн бидний ярьдгаар и-баримт буюу төлбөрийн баримтыг цахимаар олгож эхэлсэн, үүний хүрээнд нэвтрүүлж байгаа Хялбар бүртгэлийн системийн талаар тодруулж болох уу?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын бүхий үйлчилгээ etax.mta.mn-ээр хийгдэж байгаа болохоор бүх үйлчилгээг etax.mta.mn-ээр цахим хэлбэрээр авах боломж бүрдсэн. Иргэдийн хувьд itax.mta.mn –ээр бүх төрлийн татварын үйлчилгээгээ авч, төлсөн татвараа иргэний үнэмлэхнийхээ QR кодыг уншуулж харах болон хянах боломжтой болсон. Тиймээс иргэд та бүхэн өөрсдөө аль ч зах худалдааны төвөөр үйлчлүүлсэн төлбөрийн баримтаа хэлээд авах боломжтой болсон шүү гэдгийг хэлье.

-Баярлалаа танд,эцэст нь татвар төлөгч иргэддээ хандаж юу хэлмээр байна?

-За баярлалаа, хөгжилтэй орны иргэн бүр татвараа ухамсартайгаар төлдөг, манай иргэдийн татвар төлөлтийн байдал ч жилээс жилд сайжирсаар байгаа. Монгол хүн бүр эх орондоо хайртай гэж хэлдэг, харин эх орондоо хайртай гэдгийн хамгийн энгийн илрэл нь таны татвар төлөлт шүү, тиймээс татвараа цаг хугацаанд төлж эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулцгаая гэж уриалах байна. Та бүхэнд баярлалаа.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)